Шууд Chart

Нэвтрүүлэгч Н.Баярмаагийн “Өвгөдийн захиас” бүтээл үзэгч таны өмнө “ирлээ”

2020-03-21 16:40:33

 

МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Нордовын Баярмаа “Өвгөдийн захиас” нэртэй бүтээл бэлтгэж, МҮОНТ-ээр үзэгчдэд хүрээд байгаа билээ.

Уг бүтээл түүний хувийн уран бүтээл гэж хэлж болох бөгөөд зураг авалт нь жилийн дөрвөн улиралд дамнан хийгдсэн байна.

Ийнхүү бүтээсний зорилго нь Монгол туургатнууддаа өвөг дээдсийнхээ мартагдах шахсан ариун сургаал, ёс заншил, төгөлдөр жудгийг сэргээн хүргэх оршиж буй гэнэ.

Тиймдээ ч энэ хэмжээний томоохон бүтээлийг сонирхогч бус мэргэжлийн өгүүлэн дамжуулагч хүмүүн уншиж, үзэгчдэд хүргэх нь илүү үр өгөөжтэй билээ.

Тиймээс сэтгүүлч Д.Нарантуяа зохиолыг нь бичсэнийхээ дараа түүнийг сонгож, доорх бүтээлийг уншуулсан бол найруулагчаар Ц.Цэвэлсүрэн, зураглаачаар Д.Хэрлэн ажилласан байна.

“Өвгөдийн захиас” бүтээлийн зуны хэсэгт Хүн байхуйн захиас “Есөн эрдэм”, Оюуны оньс чагтыг тайлахуйн захиас “Оюунтүлхүүр”, Хүмүүний гэмшил, ухаарлыг танихуйн захиас сургаалаас ... “Гэмшлийн зургаан сургаал”, “Цаасан шувуу” өгүүлэмж багтжээ.

Намрын цувралд Хүний ёсыг сахихуйн эрдэмд хөтлөх захиасууд, Үр удамдаа хэлэг үг сургаал, захиас, даалгавар, Өөрийн явдлыг засахуйн эрдмээс ерөнцийн явдлыг танихуйн дор.

Өвлийн дугаарт “Хүнээр хүн хийх ухаан”-д шамдахуйн захиас сургаал, Хүний мөн чанарыг танин сэхээрэхүйн тухай захиас, Цагийн өнгийг танин засахуйн эрдэмд суралцах нь.

Хаврын бадагт Анд сайн нөхрийг танин олохуйн эрдэм, Ужид цэнгэлийг ухааран тэвчихүйн захиас, Амьдралын утга чанарыг ухан мэдэж, төгс оршихуйн захиас уншигджээ.    

Сэтгүүлч Д.Нарантуяа нь дээрх сэдвийг сонгохдоо хэл бичгийн ухааны доктор, профессор, их эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Л.Хүрэлбаатарын оюуны сав шим болсон Судар шастирын билэг, Огтаргуйн цагаан гарди 1,2, Сайн үгсийн сан, Энэтхэг, Төвд, Монголын сургаалын зохиолын хэлхээ холбоо, М.Лхагважавын “Оюунтүлхүүрийг сурвалжилж, судалсан минь”, “Болор судар” хэвлэлээс эрхлэн гаргасан “Эртний сургаалийн зохиолууд”, “Алтан дээд үнэний аялгуу” нэрт цуврал бүтээлийг сорчилж, Н.Баярмаагаар уншуулахаар санал тавьсан байна.

Мөн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, Н.Норовбанзад агсны дуулсан “Уяхан замбуу тивийн наран” уртын дуугаар хөглөжээ.

Н.Баярмаагийн хувьд 1990-2007 онд Монголын радиод, 2001-2004 онд ОХУ-ын Оросын дуу хоолой радиод, 2007 оноос хойш МҮОНТ-д нэвтрүүлэгчээр ажиллаж байна.

Тэрбээр Монголын радиогийн “Алтан сан хөмрөг”-т Г.Цэндоржийн хөгжим “Долоон хожгор, нэг можгор” хошин дуурийн тайлбар, Ү.Сүхбаатарын хөгжим “Аз жаргалын эрэлчин” дуурийн тайлбар, “Хөхөө намжил”-ын домгоор хийсэн хөгжмийн зохиомж, Б.Бааст “Хаш аяга”, С.Дулам “Цэнхэр тэрлэгт” зэрэг өгүүллэгийн зохиомж, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Түдэв, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав, ардын жүжигчин, зууны манлай уртын дуучин Х.Уртнасан нарын зэрэг уран бүтээлчийн хөрөг нэвтрүүлэг, Ардын хөгжмийн сан, Сонгодог хөгжмийн сан, Монгол ардын үлгэрүүд, “Дэлхийн хүмүүс”, “Уран зохиолын цаг”, “Найраг хөгжөөх цаг”, “Радио театр”, “Эгшиглэнт байгаль”, “Аялгуу зураг” зэрэг нэврүүлгийг уншиж, сонсогчдод хүргэсэн билээ.

Түүнчлэн МҮОНТ-ийн “Алтан сан хөмрөг”-т Шинжлэх ухаан танин мэдэхүйн 300-гаад баримтат киноны тайлбар уншиж, уран сайхны 400 гаруй кинонд дуу оруулсан авьяастан.

Мөн Т.Драйзерын “Керри эгч” сонгодог романыг “Адмон” хэвлэлийн компанитай хамтран сонсдог хэлбэрээр гаргасан нь ялангуяа уран зохиолд элэгтэй иргэдийн таашаалд бүрэн нийцсэн юм. Үүний дараа НҮБ-ын Хүүхдийн сангийн Гэр бүлд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих эцэг эхчүүдэд зориулсан гарын авлагыг олны хүртээл болгосон удаатай.

Одоо “Монголын мэдээ” сувгийн “Өдрийн хөтөлбөр”, “Цагийн хүрд”, “Орон нутгийн мэдээ” хөтөлбөр, “Зочны ярилцлагын цаг”, “Хөндөх сэдэв” нэвтрүүлэг, “Долоо хоногийн онцлох үйл явдал” той хөтөлбөрийг хөтөлж, МҮОНТ-ийн “Эргэх дөрвөн цаг”, “Эрхзүйн хөтөч”, “Төл таван эрдэнэ”, “Мянган инженер”, “Урлаг теле сэтгүүл” зэрэг нэвтрүүлгийн тайлбарыг уншиж, үзэгчдийн хүртээл болгож байна.

Сонирхуулахад, бидний одоо хүргэж буй “Өвгөдийн захиас” бүтээлийн мотор 2018 онд дуугарсан бөгөөд зуны зураг авалт Архангай аймгийн Цэнхэр суманд, намрын Сэлэнгэ аймгийн Сайхны хөтөлд, өвлийнх Төв аймгийн Эрдэнэ сум, хаврынх Төв аймгийн Баянцогт суманд хийгджээ.

 

 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Нэвтрүүлэгч Н.Баярмаагийн “Өвгөдийн захиас” бүтээл үзэгч таны өмнө “ирлээ”   
Үзсэн: 3749 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй