![](/uploads/202407/news/thumb/4b6506dc8048d5ea5e62ac584f1fcf5a_x3.jpg)
БНХАУ-д Энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчим нийтлэгдсэний 70 жилийн ой тохиож байна.
“Бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, бие биеийнхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай, энх тайвнаар зэрэгцэн орших” гэсэн таван зарчмыг одоогоос 70 жилийн өмнө Хятадын анхны Ерөнхий сайд Жоу Эньлай санаачлан дэвшүүлсэн байдаг. Энэ нь дэлхийн улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөж, олон улсын харилцааны хэм хэмжээ, олон улсын хууль эрх зүйн үндсэн зарчим болж ирсэн юм.
Шинэ нөхцөл байдалд уг зарчмыг үргэлжлэн өвлөн хэрэглүүлэх, дэлхий нийтийн өмнө нүүрлэж буй хүндхэн сорилтуудыг даван туулах, улс орнуудын энх тайван, хөгжил, хамтын ажиллагааг хүсэн эрмэлзэж буй нөхцөл байдлыг харгалзан Хятад улс энэ сарны 28-нд Бээжин хотноо Энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг тунхагласны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэ үйл ажиллагаа нь “Энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмаас хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах хүртэл” сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд дэлхийн орнуудын улс төрч, судлаач мэргэжилтэн, найрсаг зүтгэлтэд, хэвлэл мэдээллийнхэн, бизнесийн төлөөлөл зэрэг зочид төлөөлөл уригдан оролцож, илтгэл тавьж, үзэл баримтлал, санаа бодлуудаа нээлттэй илэрхийлсэн байна.
Хятадын олон улсын мэдээллийн CGTN агентлагийн тусгай тоймч Мушахид Хуссейн Сайед энэхүү үйл явдалтай зэрэгцэн нэгэн онцлох нийтлэлийг гаргажээ. Тэрбээр мөн Пакистан улсын Сенатын Батлан хамгаалах хорооны даргаар ажилладаг юм. Нийтлэлд зохиогч санаа бодол тусгасан байж болох бөгөөд энэ нь редакцын үзэл бодлыг илэрхийлэхгүй.
Энэхүү ижил тэгш бус энэ ертөнцөд улс орнуудын хоорондын харилцааны маргаантай хоёр хэв загвар бий. Нэг нь НАТО, AUKUS, Quad зэрэг аюулгүй байдалд анхаарсан эвслүүдтэй өрсөлдөж буй хүйтэн дайны үеийн геополитикийн загвар юм. Энэ загвар нь дэлхий дээр өрсөлдөгч талуудыг нэмэгдүүлж, "өрсөлдөгч" талынхаа геополитикийн давуу зүйлсийг ашиглахын тулд цэргийн хүчинд тулгуурлахыг эрмэлздэг.
Үүний үр дүнд сансар огторгуй, газар, далай тэнгис гээд дэлхий нийтийн өмчийг цэрэгжүүлж байгаа нь мөргөлдөөн, өдөөн хатгалгыг бий болгож байдаг. Дарангуйлал, гадуурхалтад давуу эрх олгосон ямар ч хэв загвар дайн дажин, сөргөлдөөнийг үүсгэдэг учиртай. Тэр загварын үр дүнг бид дэлхий дээрх идэвхтэй байгаа мөргөлдөөний хоёр ч хэлбэрээр харж байна.
Өөр нэг арга барил нь стратегийн хувьд өөр өөр загвартай улс орнуудын хамтын нийгэмлэгийг харилцан ашигтай эдийн засгийн харилцаанд холбож, эдийн засгийн түншлэл, худалдаа, хамтын ажиллагаанд тулгуурласан гео эдийн засаг төвтэй загвар юм. Ийм загвар нь аюулгүй байдлын эвслээс ялгаатай нь бүс нутгийн болон дэлхий нийтийн хамтын ажиллагааг дэмжинэ.
Бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг дэмжих, Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэл, Бүс ба Зам санаачилга (BRI) зэрэг байгууллагууд энэ загварыг тусгадаг. Иран, Саудын Арабын хооронд Хятад улс зуучлалын эерэг үүрэг гүйцэтгэсэн нь эдгээр улс хоорондын харилцаа, үйл ажиллагаа ойртож буй байдлаас болон эдийн засгийн хүчин зүйлсийн ач холбогдол нэмэгдэж байгаа зэргээс харагдаж байна.
БНХАУ 21-р зууны хамгийн чухал дипломат, хөгжлийн санаачилга болох BRI-д 1 их наяд гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийж, дэлхийг харилцан ашигтай худалдаа, дэд бүтцээр холбохоор ажиллаж байна. Тиймээс АНУ-ын талаас Орос-Украин, Израил-Хамасын мөргөлдөөн зэрэг цэрэг дайны үйл ажиллагааг санхүүжүүлж байгаатай адил үйл ажиллагаа явуулах боломж, цаг хугацаа байхгүй.
Украин, Газын зурваст болж буй эдгээр дайн нь Хятад улсын нэвтрүүлсэн гео эдийн засагт төвлөрсөн улс хоорондын хамтын ажиллагааны парадигмын дэлхийн болон бүс нутгийн холболтыг үгүй болгож ч мэдэх аюултай байна. Европ болон Ойрх Дорнодод болж буй эдгээр хоёр мөргөлдөөнөөс өмнө нь АНУ есдүгээр сарын 11-ний халдлагын дараа "терроризмын эсрэг дайн"-д 6 их наяд гаруй ам.доллар зарцуулж, Афганистан, Ирак, Сири, Ливи, Йемен, Сомали зэрэг бүс нутаг дахь улс орнуудад халдаж байсан.
Өрнөдийг сурталчилсан "дүрэмд суурилсан дэг журам"-ын хоосон чанарыг дэлхийн хамтын нийгэмлэг ойлгож, гадуурхах улс төрийн бодлогоос болж дэлхийн бусад улс орнуудыг давхар стандартад үндэслэн холдуулж байна. Барууны ноёрхлыг мөнхжүүлж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд "ялагчийн шударга ёс"-ийг сурталчлах дүрэм журамд суурилсан эмх замбараагүй байдал нь олон улсын хамтын нийгэмлэгийн илүүд үздэг нийгмийн гэрээ байхаа больсон. Тиймээс үүнийг дэлхий нийтэд олонх нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хэд хэдэн удаа хуралдсан ч Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлж чадаагүй. Энэ нь хүмүүнлэг бус эмгэнэлт явдлыг үргэлжлэхэд хүргэлээ. Энэ нөхцөл байдал дэлхий ертөнцөд шинэ дэвшилтэт нийгмийг байгуулах нь тохиромжгүй мэт болгон харагдуулж байна. Гэвч Хятад улсын дарга Ши Жиньпин болон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар Сан Франциско хотноо болсон Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (APEC) Эдийн засгийн тэргүүлэгч орнуудын уулзалтын үеэр итгэл найдвараа сэргээж, геополитикийн зорилго өөр байсан ч худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Барууны болон барууны бус дайнд хохирсон улс орнуудын дийлэнх олонхын анхаарлыг Хятад улсын үзэл санаа татаж байгааг Ши Жиньпин ерөнхийлөгчийн дараах үг тодорхойлж болох юм. "Томоохон улс орнуудын өрсөлдөөн өнөө цаг үеийн зонхилох хандлага биш бөгөөд Хятад болон АНУ-ын асуудал дэлхий нийтийг хамарсан томоохон асуудлуудыг шийдэж чадахгүй гэсэн бодолтой хэвээр байна. Дэлхий гэх энэ гараг хоёр улсыг амжилтад хүргэхэд хангалттай том. Нэг улсын амжилт бусад орнуудад ч боломжийг олгоно.”
Хятадууд дэлхийг бүх улс оронд хангалттай хүрэлцэхүйц том гэж үздэг бол барууны орнуудад өөр байна. Удаан хугацаанд дэлхийн ноёрхсон байдалтай гүрэн байсан АНУ одоо тэрхүү давуу байдлаа алдах айдастай болон хурдан гүйцэгдэж буй өрсөлдөгчтэйгээ нүүр тулгарч байна. "АНУ өөрсдийгөө хоёрдугаарт орохыг хүлээн зөвшөөрч чадахгүй" гэсэн Америкийн хуучны ноёрхогч сэтгэлгээг харуулсан үг ч байдаг байна.
АНУ-ын санааг зовоож буй хамгийн том асуудлын нэг бол Хятадын өндөр хөгжиж буй технологийн салбар болон АНУ-ын хоорондын ялгааг арилгах явдал юм. Хиймэл оюун ухаан, квантын тооцоолол, электроникийн салбарт Хятад улс дэлхийд тэргүүлж буйг эсэргүүцэх зорилгоор "Чип 4" гэх мэт өрсөлдөгчид гарч ирснээр "чипийн дайн" гэнэт тэргүүний зорилт болж хувирсан. Хятад дахь чип үйлдвэрлэлийн ноёрхол, үүний давуу байдлыг таслан зогсоох зорилгоор АНУ-ын талаас тус холбоог санаачилсан аж.
Хачирхалтай нь Социалист Хятад улс чөлөөт худалдаа, даяаршлыг манлайлан төлөөлж буй бол чөлөөт худалдаа, даяарчлал, зах зээлийг либералчлахын төлөө тэмцэгч байсан капиталист АНУ чөлөөт худалдаанд саад тотгор үүсгэж, үүнийгээ өрсөлдөөний явцдаа ашиглаж байна. АНУ-ын бодлого төлөвлөгчид эхлээд "салгах" оролдлогыг хийсэн боловч дараа нь Хятадыг хязгаарлах арга хэмжээ авч, "эрсдэлийг арилгах" үйл ажиллагаа руу шилжсэн.
Хятадтай сөргөлдөхийн тулд АНУ холбоотнуудыг бий болгож байна. Америкийн талаас Япон, Өмнөд Солонгос, Филиппин зэрэг улсуудыг “Азийн НАТО”-д элсэх сэдэл өгч, НАТО-гийн хүрээг Ази тивд өргөжүүлж буй шинж тэмдгүүд ч илэрсээр байна. 2022 онд НАТО Хятадыг "шинэ стратегийн аюул заналхийлэл" гэж нэрлэсэн шинэ үзэл баримтлал гаргасан бөгөөд АНУ "Азийн НАТО" гэсэн үзэл баримтлалыг үгүйсгэж байгаа ч уг үзэл баримтлалыг Quad, AUKUS зэрэг бусад холбооны байгууллагуудын хэлбэрээр хадгалсаар байна.
Гэсэн хэдий ч Европын холбоо нь Евро-Атлантын эвслийн голлох хэсэг хэвээр байгаа ч улс төр, эдийн засгийн шийдвэр гаргахдаа стратегийн бие даасан байдлаа хадгалахын тулд Хятадад хандаад эхэлсэн. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн онд Хятадад айлчлал хийсэн нь энэ хүсэл эрмэлзлийнх нь илэрхийлэл болно. Ерөнхийлөгч Макрон Хятадтай эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, АНУ-ын нөлөөгөөр Хятадтай харьцах харилцааг “салгах" стратегийг Европын орнууд болзолгүй дагаж мөрдөхийг эсэргүүцэж байгаа юм.
Европын эдийн засаг Хятад, Оростой харилцахдаа "стратегийн бие даасан" байдалтай байх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь үндсэндээ Европчууд өөрсдийн эдийн засаг, технологи, бизнесийн ашиг сонирхолд нийцсэн хувилбаруудыг хэвээр үлдээх зорилготой гэсэн үг юм. Ойрх Дорнод ч гэсэн хуучны блокийн улс төрийн нэг хэсэг байхын оронд олон талт хамтын ажиллагааны үр өгөөжийг ойлгодог болсон.
Тиймээс олон туйлт байдал нь 21-р зууны зонхилох итгэл үнэмшил болон гарч ирж байна. Дэлхий ертөнц хоёр туйлтаас олон туйлт руу шилжиж байгаа бөгөөд үүний үр нөлөөгөөр тус шилжилт нь нөгөө талын үйл ажиллагаагаар ч дүүрэн байна. Тухайлбал, геополитик дахь тектоник шилжилтийг үнэлэхгүй байдал, блокийн улс төрийг дахин сэргээх гэсэн оролдлого, дэлхийн ноёрхогч гүрний ноёрхлыг бататгах гэсэн оролдлого зэрэг асуудлууд нь Олон улсын хамтын нийгэмлэгийн олон талт байдал, гео эдийн засгийг урагш алхахад саад учруулж байна.
Өнөөгийн зонхилох чиг хандлага нь дэлхий нийтийн эд хөрөнгийг эрх тэгш, хариуцлагатай хуваалцахын зэрэгцээ улс орнуудын худалдаа, харилцаа холбоо, түншлэлийг хүмүүст нээлттэй харуулж, хүртээмжтэй болгох болоод байна. Дэлхийн улс орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгийн бусад гишүүд сөргөлдөөний геополитикээс зайлсхийж, түүхийн зөв талд гарах нь чухал юм.
Уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, усны хомсдол, тахал өвчин, ядуурал зэрэг хүн төрөлхтний нүүр тулгарч буй эдгээр аюул заналхийлэл нь нэгдэх бус хагалан бутаргадаг сөрөг улс төрийн эсрэг олон улсын хамтын үйл ажиллагаа байх хэрэгтэйг харуулсаар байна.
Шударга ёс, эрх тэгш байдал, иргэний аюулгүй байдлыг дэмжсэн дэг журмыг Засгийн газрууд, дэлхийн олон нийт зөвшөөрөх, үүний нэгдмэл санаа бодлын хүчийг итгэл найдвараа болгож байгаа бөгөөд энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын загвар хэдийн бий болсон нь завшаантай.
Энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчим: Дэлхийн дэг журмын үндэс суурь | ||
Үзсэн: 1712 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.