Сэтгэл судлалын докторант, Монтессори хөгжлийн багш Д.Баасанжавыг "Редакцын зочин" буландаа урьж ярилцлаа.
-Та яагаад аутизмийн эмгэгийн чиглэлээр сургалтын төв ажиллуулах болсон вэ. Энэ талаар яриагаа эхэлье?
-Би боловсролын салбарт 28 жил ажиллаж байна. Сүүлийн таван жил энэ чиглэлээр дагнаж ажиллаж байна. Ямар учир шалтгааны улмаас энэ салбарт орсон бэ гэвэл миний ажиллаж байсан байгууллагад энэ чиглэлд багшийн асуудал их гарч байсан. Тэр нь аутизмтай хүүхэдтэй харьцахад багш нар энэ хүүхдүүдтэй ажиллах арга зүй байхгүй байгаад байсан. Эцэг эхчүүдэд тулгарч буй асуудлыг багш бид нар чиглүүлэх ёстой байдаг. Тэгтэл бид өөрсдөө яахаа мэдэхгүй, эцэг эхчүүдээ чиглүүлэх чадваргүй байдал анзаарагдаж байсан. Ингээд 2020 онд МУИС-д сэтгэл судлалын чиглэлээр багш нарын энэ хүүхдүүдтэй ажиллах сэтгэл зүйн бэлтгэл яг ямар байх вэ гэдгээр судалгааны ажил хийж эхэлсэн. Ингээд би өөрөө эхэлж энэ хүүхдүүдтэй ажиллаж үзэж байж надад ямар бэрхшээл тулгарч байна, би ямар чиглэлээр сурах хэрэгтэй, магадгүй зарим талаараа би ийм хүүхэдтэй ажиллахад юун хэцүү байх, баяр хөөртэй зүйл нь юу байдаг бол гэх зэргийг эхлээд өөрөө мэдэрье гэж шийдээд аутизмтай хүүхдүүдтэй ажиллаж эхэлсэн. Одоо аутизмтай хүүхдүүдтэй ажиллаж байгаа багш нарын сэтгэл зүй сэдвээр докторын ажил хийгээд явж байна.
-Танай төвд хүүхдүүд хэр их зорьж ирдэг вэ?
-Манайх аутизмтай хүүхдүүдэд зориулаад ганцаарчилсан сургалт хийж байна. Долоо хоногтоо 15 хүүхдэд сургалт явуулж байна. Нэг хүүхдэд 7 хоногт 3-5 удаа хичээллэдэг.
-Танай төв оношлодог уу?
-Оношлогоо бол хийдэггүй. Оношлогоо хийнэ гэдэг бол яг мэргэжлийн хүмүүстэй сэтгэл засалч, сэтгэл засалчтай мэргэжлийн байгууллагууд хийх ёстой. Монголд албан ёсны оношлого хийж байгаа газар СЭМҮТ байгаа. Үнэлгээг нь ч тусдаа мэргэжлийн байгууллага хийдэг. Манайх мэргэжлийн оношлогоо, үнэлгээ хийлгээ ирсэн хүүхэдтэй ажиллаж байна. Оношлогоо гэдэг бол аутизм мөн байна, хөнгөн байна, хүнд байна гээд оношлуулах. Мөн үнэлгээ нь болохоор тухайн хүүхэд хэл ярианы түвшин, танин мэдэхүйн түвшин, нийгэмшихүйн түвшин ийм байна гээд үнэлүүлээд ирдэг. Үүн дээр үндэслээд тухайн хүүхдийг цаашид хэрхэн яаж хөгжүүлэх талыг нь барьж сургалтаа явуулдаг.
-Танай төвд ихэвчлэн ямар түвшинд оношлуулсан хүүхдүүд ирж байна вэ?
-Ер нь зориод ирсэн бүх хүүхэдтэй ажиллахыг хүсдэг. Үнэхээр хүнд хүүхэдтэй ажиллах их хэцүү байдаг. Миний ажиллаж буй хүүхдүүд хөнгөнөөс дунд гэсэн оноштой байна. Ярьдаг, ярьдаггүй, сууж сурсан, сураагүй гээд насны хувьд 2-9 насны хүүхдүүд ихэвчлэн ирдэг. Нэг хүүхдэд нэг багш ажиллах тохиолдол байна. Гэтэл нэг хүүхэд дээр 3 уулаа зэрэг ажиллах үе ч бий. Та аутизмыг мэднэ гэж хэлж болохгүй аутизмтай хүүхэд болгон ондоо. Аутизмтай хүүхэд ийм байна гэсэн ямар нэгэн загвар байдаггүй. Бүх хүүхэд өөр өөр. Ирсэн хүүхэд бүрт өөр өөр аргаар ажилладаг. Багш нараас маш их тэвчээр, ур чадвар шаарддаг бөгөөд багш нараас сэтгэл маш их шаарддаг.
-Аутизмтай хүүхэдтэй хэрхэн ажилладаг вэ?
-Хүүхэд бүр өөр өөр байдаг учраас хүүхдээсээ их шалтгаалдаг. Тухайн хүүхэд өөрийгөө илэрхийлэх, ярих чадвартай бол үүн дээр нь дөрөөлөөд ажилладаг. Магадгүй огт ярьдаггүй, сууж сураагүй, сөрөг зан ихтэй бөгөөд дургүйцлээ цохих зодож илэрхийлдэг ч юм уу өөрийгөө гэмтээчих гээд байх, хаздаг, баздаг мааждаг ч юм уу энэ болгоныг нь анзаарч байж, эдгээр үйлдлийн засаж, сайн зүйлийн хөгжүүлэхийн төлөө ажилладаг. Миний зүгээс хэрвээ тэр хүүхдийг хөгжүүлэх гэж байгаа бол тухайн хүүхэдтэйгээ танилцаж, мэдэх шаардлагатай. Би тэр хүүхдээ хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Тухайн хүүхэд ч намайг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж боддог. Учир нь намайг хүлээн зөвшөөрвөл тухайн хүүхэд маань миний заасныг сурна. Намайг хайрлаж, намайг хүлээн зөвшөөрч, надад аюулгүй юм байна, миний хүслийг биелүүлэх юм байна гэж ойлгосныхоо дараа надтай ажилладаг.
Эхний 5-7 удаагийн хичээл зөвхөн тухайн хүүхэдтэйгээ танилцах, хүүхэдтэйгээ дасах, хүүхдээ өөртөө дасгах ажил байдаг. Ихэвчлэн тоглоомын аргаар хамтдаа тоглох, ном уншиж байвал номыг нь унших, хэрвээ миний өвөр дээр суумаар байгаа бол өвөр дээрээ суулгах гэх зэргээр танилцдаг. Ерөөсөө хайр энхрийлэл маш их хүсдэг хүүхдүүд байдаг. Тэр хэрэгцээг нь ч бид хангах зайлшгүй шаардлага үүсдэг. Би өөрийгөө сүүлийн үед анзаарахад багш хичээлээ заах гээд л улайрдаг байсан бол өнөөдөр хүүхдээ ямар байгааг анзаарч, сэтгэл зүйтэйг нь ойлгон ажиллах шаардлага гарч байна. Манай сургууль цэцэрлэгийн багш нар энэ тал дээр нэлээн чадваржих шаардлагатай юм байна гэж хараад байгаа.
-Танайд яг бэлтгэгдсэн багш нар байдаг уу?
-Би өөрөө хүүхдүүдтэйгээ Монтессори сургалтын арга зүйгээр ажилладаг. Энэ нь хүүхэд өөрийнхөө хүссэн бүхнийг авч хийдэг гэсэн үг. Багшийн зүгээс ямар нэгэн юм төлөвлөчхөөд яг тэрийгээ заана гэсэн үг биш. Сурагч маань тухайн өдөртөө үсэг тоо хиймээр байвал багш тэрийг нь л хийнэ. Лего өрж тоглох гэж байгаа бол багш мөн л легогоор тоглож хичээлээ хийдэг. Тэгэхээр надтай цуг ажиллаж байгаа багш нар бүгд Монтессорийн сургалтын арга зүйгээр мэргэшсэн багш нар байдаг.
-Танай төвд явснаар аутизмтай хүүхдийн чадвар хэр сайжирч, нийгэмшдэг вэ?
-Аутизм гэдэг бол тодорхой хэмжээний хугацаа шаардсан ажил байдаг. Жирийн хүүхдүүдтэй адил өнөөдөр заагаад маргааш үр дүн нь гарчихдаггүй. Гэхдээ үр дүн тодорхой хугацааны дараа маш сайн гардаг. Хамгийн багадаа 2-3 жил хичээллэж байж үр дүн нь сайн харагддаг. Яагаад гэхээр хөгжлийн хувьд нэлээд хоцрогдсон байх, сурсан зүйлээ удаан хугацааны дараа илэрхийлэн гаргадаг онцлогтой.
Тухайлбал, 5 настай хүүхдүүд ирлээ гэхэд хэл ярианы хөгжлийн хувьд харилцан адилгүй, бүр 2 настай хүүхэд шиг эсвэл бүр огт нэг ч үг хэлдэггүй авиа гаргадаггүй түвшинтэй байх нь ч бий. Үүнийг бид 3 настай 4 настай хүүхдийн хэмжээнд авч ирэхийн тулд тодорхой хэмжээнд байнгын тасралтгүй хичээллэж байж үр дүнд хүрдэг. Эцэг эхчүүдийн хувьд бушуухан яриулж сургачих гээд их яардаг. Эцэг эхчүүдийн сэтгэл зүйг бэлтгэх, чиглүүлэх гээд бидний зүгээс эцэг эхчүүдтэй ажиллах гурвалсан холбоо маш чухал.
-Олдмол болон төрөлхийн аутизмтай гэж яригдаад байдаг. Ийм зүйл байдаг уу?
-Олдмол аутизм гэж байхгүй. Миний анзаарснаар дэлгэцийн хамаарал, нийгмийн харилцаа дутагдсан, хэл ярианы хөгжлийн хоцрогдол, магадгүй гэр бүлийн гишүүд цөөхүүлээ байх зэргээс харилцаа дутагдсан байх зэргээс хүмүүс хүүхдийг шууд олдмол аутизм гээд байдаг. Ийм нэр томъёо ерөөсөө байхгүй. Аутизм гэдэг бол төрөлхийн эмгэг гэсэн байдаг. Яг өнөөдөр дэлхий дахинд аутизмын шалтгааныг тогтоосон зүйл байдаггүй. Үүнийг тааж хэлэх ямар ч арга байхгүй. Дэлхий дахинд судалгааны түвшинд л байдаг. Аутизмтай хүүхэд олшроод байна гэж хүмүүс яриад байдаг. Энэ нь хүмүүс аутизмын талаар мэдлэгтэй болсных байх талтай. Нөгөө талаас аутизмын үнэлгээ оношлогоо маш сайн хийгддэг болсон. Гэхдээ аутизмтай хүнийг энгийн хүн шиг хөгжүүлж, сургаж болдог. Нэг сайн сурсан зүйлээ бараг маргтахгүй дээ, маш сайнаар хийж гүйцэтгэдэг. Аутизмтай хүүхэдтэй ажиллана гэдэг багш хүний хувьд хүүхэд болгоныхоо онцлогийг мэдэж, түүнд нь тааруулж харьцах шаардлага зайлшгүй бий болдог. Тухайлбал, сэтгэл засал, сэтгэл зүй, хоол шим тэжээл, нойр судлал гээд олон талын мэдлэг бас шаарддаг юм шиг санагддаг.
-Сүүлийн үед хүүхдүүд их оройтож хэлд орж байна. Энэ аутизмтай байх магадлалтай юу. Аутизм удамшдаг уу?
- Шинжлэх ухаанаар удамшдаг гэж батлагдсан зүйл одоогоор байхгүй байна. Эцэг, эх, ах дүү хамаатан садан нь аутизмтай бол хүүхэд нь аутизмтай гэсэн зүйл одоогоор нотлогдоогүй. Харин нэг айлын ах дүү хоёр аутизмтай байх тохиолдол мэр сэр байдаг юм билээ. Тэгэхээр яг удамшдаг гэж бол хэлж мэдэхгүй. Юунаас болж нэг айлын хоёр хүүхэд аутизмтай болсон гээд яг тэрнээс болсон гэж хэлэхэд их хэцүү. Хоол хүнстэй холбоотой, эхийн хэвлийд байх ургийн хөгжил, янз бүрийн өвчлөл, вакцин гэх мэт таамаглал бол байдаг. Гэхдээ өнөөдрийг хүртэл шалтгааныг олоогүй л байна.
-Аутизмтай хүүхдүүдийн зан ааш ямар байдаг вэ?
-Харилцан адилгүй байдаг. Зөөлөн намуун, дуугүй даруухан байх ч хазах, цохих, мөргөх гээд сөрөг зан авиртай хүүхдүүд ч байдаг. Нэг удаа хамар луу маань мөргөсөнөөс цус гарсан ч тохиолдол бий. Энэ болгоныг тэсэж тэвчин гэдэг маш их тэвчээр, тухайн хүүхдийг гэх сэтгэлийг шаарддаг. Тухайн хүүхэд хэрвээ амжилт гаргавал аав ээж шиг нь гэр бүл шиг нь баярлаж чаддаг хүн л аутизмтай хүүхэдтэй ажиллаж чаддаг. Аутизмтай хүүхэдтэй харьцаж сурахад маш их тэвчээр, чадвар шаарддаг.
-Аутизмтай хүүхэдтэй ажиллахад хүндрэл бэрхшээл их байдаг байх?
-Янз бүр л байдаг. Хүүхдээ маш сайн дагаж, мэдрээд хүүхдийнхээ хүслээр нь тухайн хүүхдийн сонголтоор л сургадаг. Тухайлбал, хүүхэд дууны ном аваад дуулбал багш дагаад дуулна, хүүхэд тоглоомоо бариад суувал багш дагаж тоглоом барьдаг ч юм уу яг л хүүхдээ мэдэрч чадвал хүндрэл бага байдаг.
-Шантраад хэцүү санагдах үе байдаг. Сурахгүй хүүхэд гэж байдаг уу?
-Нэг хүүхдийг сургаж чадахгүй байна гээд буцаасан удаа бий. Нэлээн том болчихсон 11 настай хүүхэд их олон сургалт, сургуулиар явсан, биерхүү хүүхэд байсан. Би ер нь “Сургаж чадна” гэж амлаж чаддаггүй. Тэр хүүхэд маань өөрийгөө цохиж, зоддог, хаздаг гээд сөрөг зан ихтэй байсан. Нэлээд ур чадвар шаардах, хугацаа хэрэгтэй байсан бөгөөд ямар ч үед шууд өөрийгөө гэмтээх гээд байгаа нь надад хүнд байсан. Хоёр удаа хичээллэхэд өөрийгөө гэмтээж хазаж, бүүр хэтэрхий чанга хазах, хана мөргөх, газарт унах гээд дургүйцлээ илэрхийлж байсан. Энэ нь магадгүй ар гэр нь тухайн хүүхэдтэй тэгж харилцдаг байх ч талтай. Бидний хувьд ажиллахад хүнд байсан учраас үнэн учраа хэлээд сургалтаа үргэлжлүүлээгүй. Би ээжид нь үнэнээ хэлээд засаж чадахгүй юм байна гээд мэргэжлийн сэтгэл засалч дээр очихыг зөвлөөд явуулж байсан.
-Аутизмтай оношлогдоод ирсэн хүүхдүүдийн нийтлэг шинж ямар байдаг вэ?
-Нийтлэг шинж гэвэл нийгэмших, бусадтай харилцах асуудал нэлээд түгээмэл дээ. Ихэнхдээ ганцаараа тоглох, хамт тоглоод байна уу гэж харахад хажуудаа байгаа хүмүүсийг төдийлэн анзаарахгүй байх нь элбэг. Олны дунд орж чаддаггүй, зожиг гэж хэлэгдэх нь ч бий. Хичээл хийлгэхийн тулд бид хамт суух ёстой байдаг шүү дээ. Хамт суухад суухгүй дөлж зугтаадаг. Бид үүнийг нь л хамгийн түрүүнд засах ёстой байдаг. Аутизмтай хүүхдүүд ерөөсөө л олон хүүхэд байсан байгаагүй орчинтойгоо харьцдаггүй 10 хүүхэд байсан ч ганц хүүхэд байсан ч ганцаараа л байгаад байдаг өөрийн гэсэн ертөнцтэй хүүхэд байдаг. Хэлд их оройтож ордог, нэг зүйлдээ их дурлаж, туйлширдаг.
-Хүйсийн хувьд алин давамгай байна вэ?
-Ихэвчлэн хөвгүүдэд тохиолдож байна. Охидод байхын хувьд байгаа ч хөвгүүдээс бага тоотой гэсэн судалгаа байдаг.
-Аутизмтай хүүхдийг гэр бүлийнхэн хэр хүлээж авдаг вэ?
-Гэр бүл хүлээн зөвшөөрөхөд хугацаа их ордог доо. Ээж, аав, эмээ өвөө ах эгч, ах дүү хамаатан садан гээд бүгд л ойлгож зөвшөөрөх асуудал яригддаг. Яалтчгүй цаг хугацааны эрхээр хүлээн зөвшөөрөхөөс аргагүй л болдог. Хүлээн зөвшөөрөхөд цаг хугацаа их ордог. Ингээд яавал хөгжүүлэх вэ гэдэг дээр анхаарал тавьж эхэлдэг.
-Та яагаад энэ чиглэлээр ажиллах болсон бэ?
-Хүн ямарваа нэг зүйлийг өөрт ирэхгүй мэтээр л төсөөлж явдаг.
Би ч мөн адил. Ойр дотны маань хүмүүст тохиолдоход л жинхэнээсээ мэдэрч хүлээн авсан. АНУ-д аутизмтэй хүүхдүүдэд чиглэсэн бүх сургалт нь үнэ төлбөргүй, тусгай анги багш гээд бүх зүйлээр хангагдсан тэдний төлөө олон сайхан зүйл байдгийг хараад баярлаж байлаа. Тухайн хүүхдэд зориулаад багш нь гэрт нь очоод аав ээж гээд гэр бүлийн бүх гишүүдтэйн харьцаж зөвлөж зааж сургаж чиглүүлдэг юм байна. Үүний үр дүнд хүүхдүүд аутизмын шинжээ гээх хэмжээнд хүртэл хөгжих чаддаг юм байна. Тэгэхээр гадны оронд энэ тал дээр маш сайн анхаарч эмчилгээ үйлчилгээ хөгжсөн байдаг юм байна.
-Манай улсын хувьд аутизмтай хүүхдийг хэр анхаардаг гэж харж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд салбар яамнаас анхаарч байна гэж харж байгаа. Учир нь хууль эрх зүйн актуудад тусгагдаад боловсролын шинэчилсэн хуулинд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгайлан зүйл орж ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж буй багш нарт цалин урамшуулалд нь тодорхой хувь өгдөг болсон гээд дэмжлэг үзүүлдэг болжээ. Мөн багш нарыг мэргэшүүлэх ажил хийгдээд эхэлсэн байна.
-Таны хувьд төрөөс яаж анхаараасай гэж хүсэж байна вэ?
-Миний хувьд багш нарыгаа мэргэшүүлэх тал дээр маш сайн анхаараад өгөөсэй л хүсдэг. Багш нар тэр дундаа цэцэрлэгийн багш нар энэ хүүхдүүдийг хүлээн зөвшөөрөөсэй. Тэр багш хүлээн зөвшөөрчихвөл тэр ангид байгаа хүүхдүүд хүлээн зөвшөөрнө. Тэр хүүхдүүд том болоод сургуульд орохоороо ангидаа байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүлээн зөвшөөрдөг болно. Ээж аав болоод энэ хүүхдүүдийг хүлээн зөвшөөрдөг болох гээд цэцэрлэгийн багш нарын нөлөө маш чухал.
-Манай улсын цэцэрлэгийн багшийн мэдлэг энэ тал дээр дутмаг байгаад байна уу?
-Энэ тал дээр би сэтгэл их эмзэглэж явдаг. Учир нь тухайн хүүхдийг хүлээн зөвшөөрөөгүйгээс болоод цэцэрлэгээсээ гарах тохиолдол их байдаг. Сургууль цэцэрлэгт нь ад үзэх, хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдол маш их. Төрөөс энэ тал дээр маш сайн анхаараад сэтгэл зүйч эсвэл тусгай багштай болох гээд ийм арга хэмжээг аваад цалин төсвийн шийдээд өгвөл манай цэцэрлэгийн байгууллагууд ойлгоод хүлээн зөвшөөрөөд ажиллахад бэлэн л гэж харж байна. 30 хүүхэдтэй ангид 1 аутизмтай хүүхэд байхад л ажлын ачаалал нэг дахин нэмэгдэнэ шүү дээ. Тэрнээс бүх цэцэрлэгийн багш аутизмтай хүүхдийг ад үзээд байна гэсэн үг биш. Хамгийн хэцүү нь аутизмтай хүүхэдтэй ажиллах, хэрхэн яаж хөгжүүлэх аргаа мэдэхгүй байна. Тиймээс л хэцүү байгаа юм. Иймд цэцэрлэгийн багшийг энэ тал дээр сэтгэл зүй болоод, мэргэшүүлэх тал дээр анхаарахыг салбар яамнаас хүсмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Баасанжав: Аутизмтай хүнийг энгийн хүн шиг хөгжүүлж, сургаж болдог | ||
Үзсэн: 2234 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.