Өмнөд Судан улс болон Баруун сахарт энхийг сахиулах үйл ажиллагаатай оролцсон. Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн хүний нөөцийн албаны дарга М.Долгорсүрэнг "Редакцын зочин" буландаа урьж ярилцлаа.
-Зэвсэгт хүчний салбарт хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ. Энэ талаар яриагаа эхэлье?
-Би Зэвсэгт хүчид 13 дахь жилдээ алба хааж байна. 2008-2013 онд Батлан хамгаалах их сургуулийг Химийн албаны офицер мэргэжлээр төгссөн. 2013 оноос 084 дүгээр ангид Ахлах химич, Хүний нөөцийн офицер, Хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байна.
-Энхийг сахиулах ажиллагаанд хэзээнээс оролцож эхэлсэн бэ?
-Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх журам гэж байдаг. Мөн шалгуур үзүүлэлтүүд гэж бий. Би анх 2018-2019 онд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багт буюу Өмнөд судан Улсад Хүний нөөцийн ахлагчаар нэг жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн. Энэ ажиллагаанд оролцохдоо эрүүл мэнд, бие бялдар, ёс зүй, сахилга бат, нас, ажилласан жил, цол, ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэлийн үр дүнг үндэслэн үүрэг гүйцэтгэх боломжтой болж явж байсан. 2024-2025 онд Баруун сахар Улсад явагдаж буй MINURSO ажиллагаанд энхийг сахиулах ажиллагаанд Цэргийн ажиглагч офицероор үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн. Эх орондоо ирээд 10 гаруй хонож байна. Зэвсэгт хүчинд 10 гаруй жил алба хаахдаа хоёр удаа энхийг сахиулах үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэндээ сэтгэл хангуулан байна. Энхийг сахиулах үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн ажиглагч офицеруудад хэлний өндөр мэдлэг, жолоодлогын чадвар, олон улсын офицеруудтай мөр зэрэгцэж ажиллах мэргэжлийн ур чадварыг гол шалгуур үзүүлэлт болгон сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг журамтай.
-Эмэгтэй хүний хувьд энхийг сахиулах ажиллагаанд оролцоход хүндрэл бэрхшээл байсан уу?
-2022 оноос НҮБ-аас Эмэгтэй энхийг сахиулагчдийн тоо, үүрэг оролцоог нэмэгдүүлэх бодлогыг баримтлах болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхийн командлагч У. Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс Монгол Улс энэ бодлогыг дэмжиж эмэгтэй энхийг сахиулагчдынхаа тоог нэмэгдүүлэхээ мэдэгдэж, энэ бодлогын хүрээнд эмэгтэйчүүдийн тоо, эзлэх хувь тасралтгүй нэмэгдэж байгаа. Эмэгтэй цэргийн алба хаагчид энхийг сахиулах үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэх давуу тал маш их байдаг. Тухайлбал, тухайн орон нутгийн иргэдтэй харилцах уур амьсгалыг зөөллөж эерэг болгох, хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудалд илүү мэдрэмжтэй хандах гэх мэт олон асуудал бий. Одоогийн байдлаар манай энхийг сахиулагчдын 10 гаруй хувийг эмэгтэй алба хаагчид эзэлж байгаа, цаашид ч нэмэгдүүлж 15 хувьд хүргэх чигэлэлийг баримтлан ажиллаж байгаа.
Бидний үлгэр жишээ, бахархал болсон Г.Болор генералыг та бүхэн мэдэх байх. Бидэнд маш их урам зориг өгдөг. Миний хувьд гэр бүлийнхэнийгээ санахыг эс тооцвол нэг их бэрхшээл байгаагүй. Олон улсын чадварлаг офицеруудтай хамт байсан учраас цаг хугацаа маш хурдан өнгөрсөн. Нэг мэдэхэд буцах цаг болчихсон байсан.
-Ихэвчлэн ямар үүрэг гүйцэтгэж байв ?
-Ажиллагаанд оролцохоор очсон алба хаагчдыг эрэгтэй, эмэгтэй гэж ялгахгүйгээр бүгд л тэгш үүргээ гүйцэтгэдэг. Эргүүл, жолоодлого, харуул, хоногийн манаа гэх мэт үүргийг гүйцэтгэдэг. Үүрэг гүйцэтгэх ямар нэг асуудал хүндрэл бэрхшээл харьцангуй гайгүй байсан. Манай Зэвсэгт хүчин боловсон хүчнээ маш сайн бэлтгэдэг. Хэлний бэлтгэл болон энхийг сахиулагчдыг бэлтгэх сургалтыг маш сайн олон улсын түвшинд явуулдаг. Мэдээж эрсдэлтэй гэвэл эрсдэлтэй. Гэвч бид тал бүрийн бэлтгэлийг сайтар хангадаг учраас энхийг сахиулах ажиллагаанд оролцоход ямар нэгэн хүндрэл бэрхшээл тохиолдох нь бага байдаг гэж боддог.
-Ажиллаж байх хугацаандаа ямар нэг дурсамж бүтээж чадсан уу?
-Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд олон сайхан дурсамжтай болсон. Олон улсын энхийг сахиулагчтай танилцаж, найз нөхөдтэй болсон. Баруун сахарт очсоны дараа 650 км элстэй замд жолоодлого хийсэн. Энэ үед нэлээд хөгжилтэй байсан. Ажиллагаа дуусаад эх орондоо буцах гэж байхад хамт ажиллаж байсан алба хаагчид намайг үдэж гаргаж өгсөн. Чи үнэхээр чадварлаг офицер, чамайг бид нар санах байх даа гээд л сэтгэлийн үгээ хэлээд гаргаж өгсөн. Тэр үе үнэхээр гоё байсан. Одоо ч гэсэн хамт ажиллагаанд оролцож байсан хүмүүстэйгээ холбоотой байгаа.
-Олон орны энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэдэг байх. Хэдэн орны энхийг сахиулагчидтай хамт ажиллаж байв?
-Баруун Сахар улсад явагдаж буй MINURSO Энхийг сахиулах ажиллагаанд 40 улс орны офицер, ахлагч нар ирдэг. Ерөнхийдөө эмэгтэйчүүд давамгай байдаг. Гэхдээ эрэгтэй, эмэгтэй гээд хүйсийн харилцааг ижил тэгш хэмжээнд барьдаг. Олон орны офицер, ахлагч нартай хамт үүрэг гүйцэтгэхэд үнэхээр бахархалтай байдаг. Олон орны хүмүүс ойлголцоод үүргээ гүйцэтгэдэг гэдэг чинь бидний амжилт шүү дээ. Зарим зүйл дээр ойлголцохгүй байх тохиолдол ч гардаг.
Халуун оронд ажиллахад хүндрэлтэй зүйл байсан уу?
-Бид нэгдүгээр сард явсан. Монголчууд дасан зохицох чадвартай сайтай, бас хатуужилтай хүмүүс учраас маш хурдан дассан. Бусад орны энхийг сахиулагчдын хувьд уур амьсгалын өөрчлөлтөөс болж бие нь өвдөх асуудал гарч байсан. Бидний хувьд ямар нэгэн асуудал байгаагүй. Тухайн үед хүйтэн орчноос халуун оронд очсон болохоор хэсэгхэн хугацаанд халууцсан. Тэгээд дасчихсан шүү. /Инээв/
Хэсэг хугацааны дараа орчиндоо дасаад гоё болчихсон. Баруун сахарт хорхой шавьж, могой ихтэй. Түүнээс өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй болдог. Төрөл бүрийн амьтан, хорхой шавьжтай байнга таардаг. Баазаа тойруулж байнга хор цацаж хамгаалдаг. Сая монголдоо ирээд нэлээд даарлаа. Халуун орноос хүйтэн орчинд ирсэн болохоор дархлаа жоохон унаж байна лээ.
-Багаасаа энэ салбарын хүн болно гэж боддог байсан уу?
-Миний өвөө цэргийн хүн байсан. Тэр тусмаа хошууч генерал цолтой Х.Жүгдэрнамжил гэж хүн байсан. Зэвсэгт хүчний 017 дугаар анги өвөөгийн маань нэрэмжит анги болохоор их бахархалтай байдаг. Багаасаа өвөөгийнхөө мөрдсийг харж өссөн болохоор цэргийн хүн болохоор шийдсэн. Мөн аавын ах ч бас цэргийн хүн байдаг. Цэргийн амьдрал эмэгтэй хүнд бага зэрэг хүнд санагддаг. Гэхдээ дотор нь ороод ажиллахаар үнэхээр гоё байдаг. Би бас шүхрийн зааварлагч хийдэг, шүхэрчин дайчдын нэг гэдгээрээ бахархдаг шүү.
-Шүхрийн зааварлагчийг хэзээнээс хийж эхэлсэн вэ?
-Батлан хамгаалах их сургуулийг төгсөөд 084 дүгээр ангид хуваарилагдаж, шүхэрчин болсон. Манай аав, ээж хоёр гэр бүлийнхэн дундаас анх удаа шүхэрчин болж байна гээд их бахархаж байсан. Заримдаа шантармаар үе зөндөө байсан.Тухайн үед манай гэр бүлийнхэн болон аав, ээж хоёр маань маш их дэмжсэн. Энэ дэмжлэгээр өдий зэрэгтэй явна даа.
-Шүхрийн зааварлагч гэхээр ажил үүргийн чиглэл арай өөр болох уу?
-Анх шүхрээр буух гэж байгаа алба хаагчид зааварчилгаа өгнө. Мөн хичээл заадаг. Зэвсэгт хүчний 084 дүгээр анги, Зэвсэгт хүчинд ганц байдаг шүхрийн анги юм. Энэ ангид 10 гаруй жил үүрэг гүйцэтгэж байна. 2023 онд шүхрийн зааварлагч болсон. Манай улсад эмэгтэй зааварлагч хэр олон байдгийн мэдэхгүй байна. Эмэгтэй шүхрийн зааварлагч болсондоо их баяртай байгаа.
Шүхэрийн буулт хэр олон удаа хийсэн вэ?
-Би анх 2014 онд шүхрээр буулт хийж байсан. Анх буулт хийж байхад эх орон маань тэнгэрээс үнэхээр гоё харагдаж байсан. Анхны буултаа өвөл хийж байсан болохоор үнэхээр гоё байна гээд гурван удаа орилсондоо. Шүхрээр буулт хийх үнэхээр гоё байсан учраас ангиа сольж, өөр анги руу шилжмээргүй санагдаад 084 дүгээр ангидаа ажиллаж байгаа. Зарим хүмүүс өндрийн айдастай байдаг. Түүнийгээ даван туулж чаддаггүй. Айдсаа даван туулчихвал шүхрээр буулт хийх үнэхээр гоё.
Би шүхрээр 84 удаа буулт хийсэн. Тусгай үүргийн буултыг усны мандал дээр хийж байсан. Шөнийн буулт хоёр удаа хийсэн. Усны мандал дээр буулт хийхээр жоохон хатуу байдаг. Бусдаар бол ямар нэгэн асуудал байгаагүй. Одоогоор манай ангид байгаа эмэгтэйчүүдээс хамгийн их буулттай нь би. /Инээв/
-Хэр өндөрт гарах уу?
-Би хамгийн дээд тал нь 1200 метрээс үсэрч байсан. Манайх шүхэрчдээ гадаадад бэлтгэдэг. Би шүхрийн гуравдугаар зэрэгтэй. Манай ангид шүхрийн зэрэгтэй алба хаагчид олон байгаа. Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид хуваарилагдсан бол заавал шүхрээр буух ёстой. Жолооч, тогооч, ахлагч, офицер гэлтгүй бүгд шүхрээр буудаг. Нэг сарын хугацаанд бэлтгэл хийдэг. Жил бүр чадвараа нэмэгдүүлээд явдаг. Би одоо спорт шүхрээр буулт хийдэг. Анх шүхэрчин болж байгаа алба хаагчид дадлага хийхдээ бөөрөнхий шүхрээр буулт хийдэг юм. Дараа нь спорт шүхрээр буулт хийхийн тулд шалгалт өгч байж буудаг юм.
-Та хэнээс үлгэр дуурайлал авдаг вэ?
-Салбарын хүмүүсээс үлгэр дуурайлал авдаг. Г.Болор генералаас хамгийн их үлгэр дуурайлал авдаг. Эмэгтэй хүний хувьд хүчирхэг, чадварлаг хүн шүү. Одоо НҮБ-д ажиллаж байгаа. Манай Зэвсэгт хүчний эмэгтэйчүүдийн нүүр царай болсон хүн гэж боддог.
-Ойрын зорилго, төлөвлөгөө юу байна вэ?
-Ойрын төлөвлөгөө маань гэр бүлтэй болох. Хүнтэй сууж хүүхэд гаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. /Инээв/ Хүний нөөцийн чиглэлээр 10 гаруй жил ажиллаж байна. Монгол Улсын зэвсэгт хүчний хүний нөөцийн салбарт хөгжүүлэх зорилго тэмүүлэлтэй байгаа. Энхийг сахиулах ажиллагаанд хүний нөөцийн чиглэлээр ажилласан бол бүр давуу талтай байх байсан. Даанч тийм боломж байгаагүй. Ар талын офицероор үүргээ гүйцэтгэж ирсэн.
-Чөлөөт цаг хэр гардаг вэ. Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Ерөнхийдөө чөлөөт цаг бага гардаг. Ажлын хажуугаар сурахаар ямар ч завгүй байдаг. Чөлөөт цаг гарвал хэлний бэлтгэлээ хийдэг. Мөн өөрийгөө хөгжүүлж, ном сонин уншдаг даа.
-Хүүхэд насны дурсамжаа хуваалцаач. Хаана төрж, өссөн вэ?
-Би Баянхонгор аймгийн Буу цагаан суманд төрсөн. Сэлэнгэ аймагт өссөн. Сэлэнгэ аймгийн нэгдүгээр 10 жилийг төгссөн. Хүүхэд нас бусдын л адил өнгөрсөн дөө.
-Хоёр удаа энхийг сахиулах ажиллагаанд оролцсон. Юугаар ялгаатай байв?
Өмнөд судан улсад цэргийн багт буюу Монголчуудтайгаа хамт үүрэг гүйцэтгэдэг. Баруун сахарт бол олон улсын энхийн сахиулагчтай эсвэл бие дааж ганцаараа үүрэг гүйцэтгэдгээрээ ялгаатай.
-Ахиад явах зорилго байгаа юу?
-Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо ирээд хоёр жил албандаа үүрэг гүйцэтгэх ёстой. Тухайн салбартаа хоёр жил үүрэг гүйцэтгэсний дараа ахиад ажиллагаанд оролцох боломжтой. Боломж гаргавал ахиад энхийг сахиулах ажиллагаанд оролцоно. Гэхдээ одоохондоо амьдралаа төвхнүүлнэ дээ. /Инээв/
-Найз залуутай юу?
-Найз залуу байгаа.
-Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Айлын том хүүхэд. Нэг дүүтэй. Аав, ээж хоёр хувиараа хөдөлмөр эрхэлдэг.
-Зэвсэгт хүчний хүмүүс нэг бахархал нь цол тэмдэг байх. Одоо ямар цолтой вэ?
-Би одоо хошууч цолтой. Өнгөрсөн жилийн 11 сард цолоо авч байсан. Энхийг сахиулах ажиллагаанд явж байхдаа ахмад байсан. Ирээд хошууч цолоо авсан. Цол олгох журам гэж бий. Цол хоорондын хугацаа харилцан адилгүй, 3, 4, 5 жил гээд өөр өөр байдаг. Боломж байвал цолоо нэмээд явна даа. Г.Болор генералынхаа араас явна шүү дээ. /Инээв/
-Ямар шагнал, урамшуулал авч байсан вэ?
“Энхийн төлөө” медаль, “Дайчин алдар” III медаль, Эх орны төлөө III хүндэт тэмдэг, ЗХЖШ-ын хүндэт жуух, Тагнуулын III медалиуд мөн НҮБ-ын медалиар шагнагдаж байсан.
-Ямар хоббитой вэ?
-Ууланд алхах, ном унших, Хөргөгчийн наалт цуглуулах дуртай. Сая улс орны далбаа, хөргөгчний наалт ихтэй болсон. Одоо үүнийг баяжуулж цуглуулна даа. Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа алба хаагчид хоорондоо бэлэг дурсгал солилцдог. Би хөргөгчийн даалт, Монголын далбаа, түлхүүрийн оосор Монголын брэндийн сувинер авсан. 100 гаруйг авч явсан хэрнээ хүрээгүй. Хамгийн сүүлд бэлэггүй болчихсон байсан. Сүүлдээ бүр санаа зовсон. Дараа явахдаа ахиухан бэлэгтэй явна. /Инээв/
-Ярилцсанд баярлалаа.
М.Долгорсүрэн: Би шүхрээр тусгай үүргийн буултыг усны мандал дээр хийж байсан | ||
Үзсэн: 1332 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.