Шууд Chart

Ё.Басхүү: Тамирчдын амжилт сахилга бат дээр л тогтоно

2025-02-12 11:10:26

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, “Ханжоу 2022” Азийн наадмын мөнгө, "Токио 2023” их дуулгын 66 кг-ын жингийн мөнгөн медальт, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ, Монгол Улсын Гавьяат тамирчин Ё.Басхүүг "Редакцын зочин" буландаа урьж ярилцлаа.

-Хоёрдугаар сарын 6-нд "Топ-6" тэмцээнд оролцож түрүүлсэн. Энэ тэмцээний талаар яриагаа эхэлье? 

-Дотоодын чансаа тогтоох "Топ-6" тэмцээнд оролцлоо. Би 66 кг жинд оролцож түрүүлсэн. Энэ тэмцээнд оролцсоноор Азийн аварга, Дэлхийн аваргад оролцох эрхээ авдаг. Дотоодын өрсөлдөөн сайжруулах тэмцээн болж өндөрлөлөө. 

-2024 онд Парисын олимпод оролцсон. Ямар жинд барилдсан бэ. Олимп хэр байв?

-Олимпод мөн адил 66 кг жинд оролцсон. Санасандаа хүртэл барилдаж чадаагүй.

-Хэдэн жил барилдаж байна вэ?

-Анх 18 настайдаа барилдаж эхэлсэн. 12 дахь жилдээ барилдаж байна.

-Таны анхны багш хэн бэ?

-Миний анхны багш Завхан аймгийн Нөмрөг сумын тухайн үед Биеийн тамирын багш хийж байсан хүн байдаг. Надад анх техник зааж байсан, жүдо бөх гэж ийм юм байдаг гэж ойлгуулж байсан Аймгийн заан Батцэрэн гэж хүн бий. Улаанбаатар хотод ирээд Шийрэв багштай бэлтгэл хийж байсан. Ер нь Энхбаяр багш, Шийрэв багш хоёроор л их заалгасан. Тэгээд үндэсний шигшээ багтаа орж байлаа.

-Аль хороонд харьяалагдаж байна вэ?

-Хилчин спорт хороо, Таван уур компани, Даян бөхийн дэвжээ, Жем интернэшл, Үндэсний шигшээ баг гэсэн байгууллагад харьяалагдаж байна.

-Таны хувьд жүдо бөхөөр хожуу хичээллэсэн гэж ярилаа. Жүдогоор хичээллэхээс өмнө өөр спортоор хичээллэж байв уу?

-Манай гэрийнхэн их спорт хэрэгтэй, Үндэсний бөхөөр барилдах хэрэгтэй гэж хэлж байсан. Манай ах ч Аймгийн начин цолтой. Сумын наадамд аманд гарч байлаа. Ер нь тэгээд л үндэсний бөхөөр барилдаж эхэлсэн. Тэгээд 12-р ангиа төгсөөд Улаанбаатарт ирээд л жүдо бөхөөр зорьж барилдаж эхэлсэн.

Монгол Улсын гарьд Баяржавхлан ах намайг анх шигшээ багт бэлтгэл хийлгэж байлаа.

-Анх ямар тэмцээнд оролцож, амжилт үзүүлж байсан бэ?

-Анх самбо бөхийн УАШТ-нд орж барилдаад Хүрэл медаль авч байсан. Жүдогоор барилдаад олон удаа хожигдож байсан. Эхний хоёр жил хүн хожиж байсангүй. Тэр үед их олон тэмцээнд оролцож байсан ч байнга хожигдож байсан. Гурав дахь жилдээ нутагтаа буцаж ирээд түлшний мод бэлтгэсэн юм. Тэгээд 3, 4 машин модыг аавтайгаа цуг бэлтгэж хийгээд, мориор татахыг нь татаад, цагаалахыг нь цагаалаад ЗИЛ-130 машин дээр ачаад оруулж ирдэг байсан. Энэ миний амжилтад сайнаар нөлөөлсөн гэж боддог.

Би ер нь адуутай их ойрхон байсан. Хичээлд явах дургүй, хаана л адуу байна тэнд би байдаг байлаа. Хичээл их хийгээгүй дээ. Багаасаа л аав, ээж маань бөх болгоно гэж ярьдаг байсан. Тэгээд ч тэр юм уу түүнийгээ дагаад л бөх болсон. Биеийн тамирын хичээлд их сайн байлаа. Биеийн тамирын хичээлээ нэг ч тасалдаггүй байсан. Сагс их тоглодог, биеийн тамирт маш их дуртай, бусад хичээлд дургүй хүүхэд байсан /инээв/. 

-Та аль аймгийн хүн бэ. Айлын хэд дэх хүүхэд вэ?

-Манай аав Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат Ёндонпэрэнлэй гэж хүн бий. Би айлын бага хүүхэд. Их эрх дураараа өссөн. Улсболд, Ууганбаяр гэдэг хоёр ахтай. Аав, ээж хоёр минь 6 хүүхэдтэй гэж явдаг. Гурван  хүүхэд өргөж авсан байдаг юм. Миний нэг ах морь малтай ойр өссөн, багаасаа барилддаг хүн бий.

-Анх ямар тэмцээнд оролцож амжилт үзүүлж байсан бэ?

-Олон удсад бол Екатеринбургт тэмцээнд оролцож байсан. Тэнд 66 кг-д орох гэж байгаад манай Төмөрхүлэг, Алтансүх ах нар энэ жинд орохоор болоод би 73 кг-д орж 7-д орж байсан.

Тухайн үед намайг сайн барилдсан гээд анхны Гран-при тэмцээнд явуулсан. Яг өөрөө зардлаа даагаад үндсэн жиндээ оролцсон анхны тэмцээн маань болохоор Хөххотод болсон юм. Хөххотын Гран-при гэж болдог байсан. Тэндээс л анх Хүрэл медаль авч байсан. 2017 он байсан шиг санагдаж байна. Тэгээд л ер нь гадагшаа гарч барилдах амжилт маань эхэлсэн. Анхны Гранд сламын медаль гэвэл Токиогийн Гранд сламаас хүрэл медаль авч байсан. Би чинь Улсын аваргад хожигдоод явж байснаа гадагшаа олон улсын тэмцээнд орж барилдаж эхлээд л 2018 оноос хойш мултраагүй дээ.

-Жин өсөж барилдаж байна уу, хасаж барилдаж байна уу. Жингээ хасаж барилдах хэцүү юу?

-Ер нь хасаж л барилддаг. 4 кг хасаад л барилддаг. Ер нь гайгүй дээ. Миний сонгосон мэргэжил учраас хэцүү байдаггүй.

-Шантрах, бэрхшээлтэй үеүд цөөнгүй л гарч байсан байх?

-Шантрах үе ер нь байгаагүй ээ. Ямар аймар байна аа гэж л бодож байсан болохоос шантраад л болимоор байна гэж бодож байсангүй. Би өдрийн бараг 4 бэлтгэл хийдэг байсан. Өглөө бүр 6 цагт босож гүйдэг. Орой Долоон бурхан одондоо залбирдаг. Тамирчинд бэрхшээл бол зөндөө тулгарна. Гар, хөл бэртэхээс авахуулаад л олон шүү дээ. 

Хүн ер нь хэцүү байна гээд байвал бүх л зүйл хэцүү байна. Хүн бүх юманд уусаад өөрөө л жаргалтай байх хэрэгтэй. Хүн өөрийнхөө жаргалыг өөрөө л хайж олдог. Хүн өөрөө өөрийнхөө зовлонгоо ч өөрөө олдог. Би зовоод байна гээд байвал тэр хүн зовоод л байна. Жаргаад байна гээд сэтгэлзүй сайхан байвал тэгээд жаргаад л байна.

-Хооллолтын хувьд ямар байдаг вэ?

-Яг л энгийн хүмүүс шиг л хооллодог. Хоол зүйчийг олимпын үеэр л авна уу гэхээс хувь хүн өөрөө өөрийгөө л анхаараад явчихдаг. Нарийн зүйл бол байхгүй. Тамирчин хүний амьдрал чинь цалин мөнгө гээд л хэцүү шүү дээ.

-Сэтгэл зүйчтэй хэр хамтарч ажилладаг вэ?

-Сэтгэл зүйчтэй ажиллах нь ховор шүү. Олимпын үеэр л хоёр сар авдаг. Гэхдээ хоёр сар аваад нэмэр болдоггүй. Жилийн өмнөөс ажиллаж байж ямар сэтгэл зүйтэй яаж орох вэ, ийм үед яах вэ гээд сэтгэл зүйчтэйгээ ярилцаад нэг нэгийгээ мэдэрчихсэн байх ёстой л доо. Түүнээс хоёр сарын өмнөөс ажиллачихдаг бол дэлхийн бүх тамирчид хоёр сарын өмнөөс ажиллаад л сайн барилдана биз дээ. Гэхдээ манай монголчууд цалин мөнгө нь болдоггүй ч юм уу, хоёр сарын өмнөөс л сэтгэл зүйч, хоол зүйчтэй ажилладаг. Энэ нь маш буруу гэж боддог.

Тухайлбал, 2024 оны олимпод оролцохдоо яг хоёр сарын өмнө л сэтгэл зүйчтэй болоод, оролцож ирсэн. Гэхдээ би жүдо бөхөө муулж чадахгүй. Хувь хүний л асуудал. Хувь хүн өөрөө яаж сэтгэж чадаж байна тийм л явна шүү дээ. 

-Өнгөрсөн оны олимпод ямар амжилт үзүүлэв?

-Парисын олимпод долоод орсон. Сүүлийн 2 олимпод хоёуланд нь долоод орлоо. Авах болоогүй л юм байгаа биз гэж боддог. 2028 оны олимпод хичээнэ дээ. 

-2028 оны олимпод орно гээд төлөвлөчихсөн байна уу?

-Төлөвлөчихсөн. Хүмүүс намайг 2028 оны олимпод орно гэхээр хөгшин л гэх байх. Нас бол тоо шүү дээ. Нас бол хувь тамирчны хувийн сахилга бат юм. Ямар ч сахилга батгүй, унтах цагтаа унтахгүй, гадуур, дотуур яваад архи, дарс уугаад, тамхи татаад байвал тухайн тамирчны амжилт эрчтэй хурдан бууна. Би тэгж л боддог. Би одоо 31 настай. 18 настайгаасаа барилдаж эхэлсэн. Одоо дүү нартайгаа сайхан барилдаад л явж байна. Бүх тамирчдын амжилт сахилга бат дээр л тогтоно. 

-Олимп, Дэлхийн аварга гээд томоохон тэмцээнүүдэд тамирчдад ер нь нас заадаг уу?

-Аль ч спортын тэмцээн ерөөсөө насны заалт байдаггүй.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас баг явсан ямар амжилт үзүүлж ирсэн бэ?

-Манайх багаараа 1 алт, 1 хүрэлтэй ирсэн.

-Таны ойрын зорилго юу байна вэ?

-Дэлхийн аваргад орж медаль авна даа. Хэлэх амархан хийх хэцүү. Хүнд ам гарч болохгүй. Хувь хүний бодол гэж байна шүү дээ. Өөрийнхөө бодсон зорилго руу л явна даа.

-Гэр бүлтэй юу, тэдэндээ цаг зарцуулж чадаж байна уу? 

-Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Бэлтгэлд гарах үедээ гараад л, цуг байх үедээ байдаг. Гэхдээ тийм их цагийг хамт өнгөрүүлж чаддаггүй. Байхаасаа байхгүй нь их. Хань минь намайг амжилт гаргахад хамгийн их нөлөөлдөг хүн. Манай эхнэр ар гэрийн асуудлыг дааж авч явдаг. Мөн манай Улсболд ах маань байгаа. Ах маань манай эхнэртэй гадуур, дотуурх бүх ажлыг маань зохицуулж авч явдаг. Би бэлтгэлээ хийгээд л ар гэрийн асуудлыг эхнэр авч явж байна гэдэг чинь маш том зүйл шүү дээ. Би 5, 6 жил мах эвдэж үзсэнгүй. Эхнэр маань намайг унтуулаад л энэ бүх ажлыг хийдэг. Би хоёр хүүхэдтэй болохдоо нэг удаа ч шөнийн нойр хасаж үзээгүй. Хүүхдээ шөнө уйлахад би авъя гэхэд эхнэр маань миний хань унт гээд л хүүхдээ авдаг байсан. Ер нь ар гэрийн амьдралаас тамирчин хүний амьдрал маш их шалтгаалдаг. Эхнэрийгээ магтаж байгаа ч юм биш. Үнэн юм энэ л байна.

-Хүүхдүүддээ жүдог өвлүүлье гэж боддог уу?

-Сонирхлоороо л явна миний хүүхдүүд. Ээж нь сагс тоглодог, би барилддаг гээд ер нь бол спортын хүн болох байх гэж боддог. Хүүхдэдээ сонирхуулах гэж үзнэ. Хүүхдүүд маань сонирхохгүй байвал хүсэл мөрөөдлөөр нь л явна. Би заавал бол бөх бол гэхгүй.

-Бэлтгэлдээ өдрийн хэдэн цагийг зарцуулдаг вэ?

-Өдрийн ихэнх цагийг бэлтгэлдээ зарцуулдаг. Бараг 7-8 цагийн бэлтгэл хийж байна. Монголынхоо ард түмэнд ялагдсан тамирчнаа битгий доош нь хийгээрэй, ялсан тамирчинг нь битгий хэт их дээш нь шидээрэй гэж хэлье.

Энэ завшааныг ашиглаад эхнэр, ар гэрийнхэн гээд тусалж дэмждэг бүх хүмүүстээ, Монголынхоо ард түмэндээ баярлалаа л гэж хэлье.

-Олимп, Дэлхийн аваргад барилдах мөчид яг юу бодогддог вэ?

-Барилдъя л гэж боддог. Хүн хүний сэтгэл зүй өөр шүү дээ. Би бол юманд бууж өгөх дургүй төрлийн хүн.

-Томоохон тэмцээнүүдэд хэр бэлтгэгдсэн гардаг вэ?

-Дэлхийн аваргад бүх улс л шилдэг тамирчнаа явуулж байгаа шүү дээ. Бүх хүмүүс л бэлтгэл сургуулилалтаа хангачихсан шилдгүүд л очдог байх.

-Айж эмээх, сандрах үе байдаг уу?

-Айсан юм бол байхгүй. Сандрах бол тамирчин хүн болгонд л байна. Тодорхой хэмжээнд пульс дээшлэх зүйл байх. Тэрийгээ өөрөө дарах ёстой. Тэр намайг цохиод авах гэж байгаа биш өрсөлдөгчөөс айгаад байх зүйл байхгүй. Миний сэтгэл зүйг манай ах нар, эхнэр маань ч "хөөрхөн" бэлддэг. Чи ийм дайчин, чи мундаг гээд л их дэмжинэ. Би ер нь бууж өгөх дургүй. Ямар ч үед сэтгэлдээ хүртэл барилдахыг л хүсдэг. Гарч барилдаад нэг мэдэхэд л медаль авчихсан, нэг мэдэхэд л заримдаа хожигдчихсон байдаг. Тамирчин хүний амьдрал унаж, босох гээд янз янз л байдаг.

Залуу тамирчдадаа хандаад та нарын хувь заяа өөрсдийн чинь л гарт байгаа шүү гэж хэлье.

-Улсаас жүдочдоо хэр дэмждэг вэ?

-Сайн л дэмждэг гэж би боддог. Манай шигшээ багийн багш нар ардаа гэр бүлтэй ч бүх зүйлээ тамирчдын төлөө л зориулаад явж байгаа. Багш нараас болж гарч байгаа алдаа гэж бол байхгүй. Бид нарын өөрсдийн л гаргаж байгаа алдаа гэж байдаг. Тэр хүмүүс бол бид нарыг дээд зэргийн хэмжээнд бэлдээд өгчихсөн.

-Тэмцээн үзэж байхад багш, дасгалжуулагчид нь бөхийнхөө хажуунаас нь зааж зөвлөж харагддаг. Тэр зөвлөгөө зөвлөмжийг барилдаж байхдаа авч хэрэгжүүлж чаддаг уу? 

-Чадна шүү дээ. Тэрийг л авч хэрэгжүүлэхгүй бол хожихгүй. Чаддаггүй хүн ч зөндөө. Чаддаг хүн цөөхөн байдаг гэж би боддог. Багш хүн бол тэр хүний сул талыг л хэлж өгнө. Тэр барьц чинь болж байна, ингэж барилдвал болох юм байна гэх мэт зааж зөвлөдөг. Тэрийг тамирчин авч хэрэгжүүлж байж амжилтад хүрнэ.

-Сая жүдо, чөлөөтийнхөн үндэсний бөхөөр халз барилдсан. Та хэр барилдсан бэ?

-Би ёстой "алуулсан" ш дээ. Манайх чөлөөтийнхөнд хожигдсон шүү дээ. 

-Та жүдогийн хэдэн өмсгөлтэй вэ?

-Олон өмсгөлтэй. Найм бол байгаа шүү. Холбооноос өмсгөлөө захиалаад л авчруулдаг. Таарахгүй томдсон тохиолдолд оёдолчин орж засуулаад өмсдөг. Шигшээ багаас тэмцээнд явахад кимоно өгдөг. Кимоногоо аваад оёдлын газар очиж тааруулаад л хасуулахыг нь хасуулаад л өмсдөг. Манайх капитан гэж сүүлд авсан. Тэр хүн маань залуучууддаа үлгэр дуурайлалтай байхыг хичээ, болохгүй юмыг нь хэлж өгөх, зааж зөвлөдөг болсон.

-Жүдо бөхийг тодорхойлж хэлбэл?

-Тэсвэр тэвчээр, хүмүүжил юм даа.

-Үндэсний бөх жүдо хоёр ихээхэн ялгаатай байх?

-Маш их ялгаатай. Жүдо бол гар гартай, хөл хөлтэй, харин үндэсний бөх бол хөл авна, хонгодоно гээд л явна шүү дээ. 

-Үндэсний бөх рүү хөрвөх бодол байдаг уу?

-Өө байхгүй. Жүдогоороо л барилдана. Бага жинтэй хүмүүс чинь үндэсний бөх рүү ороход хэцүү.

-Хүүхдийг хэдэн наснаас хичээллүүлэх ёстой гэж үздэг бол?

-Янз янз л байдаг юм билээ. Японд бол 6, 7 наснаас хичээллүүлдэг.

Монгол хүний амжилт гаргах нас нь 25-аас дээшээ байдаг гэж сонсож байсан. Одоогийн өндөрлөгөөс харахад, үнэн юм шиг санагддаг. Би өөрөө их орой хичээллэж эхэлсэн. Ер нь хүүхдийг багаас нь зөв техникийг л тавих хэрэгтэй. Техник зөв байвал барилдаан зөв байна. Ухаан санаа ч зөв болно.

-Ярилцсанд баярлалаа. 

Нийтэлсэн: О.Ундармаа

Ё.Басхүү: Тамирчдын амжилт сахилга бат дээр л тогтоно  
Үзсэн: 231 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй