Шууд Chart

Б.Сонинчимэг: Монголын радио Сар шинийн өдрүүдэд өв соёлын талаарх нэвтрүүлгийг сонсогчдодоо хүргэнэ

2025-02-25 13:06:57

XVII жарны "Хөхөгчин" хэмээх модон могой жилийн Сар шинийн баяр энэ долоо хоногт тохионо.Монгол Улсын нийслэл, 21 аймаг, 330 сум болон дэлхий дахинаа тархан суугаа монголчууд үндэсний том баяруудаа тэр тусмаа Сар шинийн баяраа Монголын үндэсний олон нийтийн радио, телевизтэй хамт угтаж, тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Монголын радио Сар шинийн баяраар үзэгч түмэндээ ямар нэвтрүүлэг, уран бүтээл хүргэх гэж байгааг МҮОНР-ийн Программын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Б.Сонинчимэгээс тодрууллаа.

-Сар шинийн өдрүүдэд Монголын радио ямар нэвтрүүлгийг сонсогчид хүргэхээр бэлтгэж байна вэ?

-Монголын радио уламжлал ёсоор сар шинийн өдрүүдэд сонсогчдодоо олон сонирхолтой шинэ нэвтрүүлэг хүргэнэ. Энэ жилийн хувьд бид, түүх, өв соёл, нийтлэл уран сайхны гэхчлэн  80 шинэ нэвтрүүлэг бэлтгэлээ. Монголын радио 1963 онд Цагаан сарын бөхийн барилдаан дамжуулж эхэлсэн цагаас хойш жил бүрийн цагаан сарын бөхийн барилдааныг дамжуулж ирсэн уламжлалтай. Энэ жил мөн дамжуулна.

-Ямар онцлог нэвтрүүлэг хийж байгаа вэ?

-Манай сэтгүүлчид томилолтоор Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаад ирсэн. Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0101-р ангийн хугацаат цэргийн албан хаагчид оролцсон “Амрыг айлтгая” цэнгээнт нэвтрүүлэг бэлтгэснээ сар шинийн өдрүүдэд сонсогчдодоо хүргэнэ. Мөн ХААИС-ийн Дархан-Уул аймагт салбарын оюутнууд оролцсон “Золгоё” цэнгээнт нэвтрүүлэг байна.

“Өвлөн үлдэх өв соёл” цуврал нэвтрүүлгийг бэлтгэж байна. Энэ цуврал нэвтрүүлэгт Өмнөговь, Өвөрхангай, Дорноговь, Төв, Хэнтий аймгийн өв соёл тээгч  хүүхдүүд оролцож байгаагаараа онцлог. Морь цоллодог, морин хуурч, ардын богино болон уртын дуу дуулдаг, ерөөл магтаалыг өвлөн уламжилж яваа 10 хүүхэд оролцсон. Радиогоор сонсогчид хүрэхээс гадна цахим орчинд дүрстэй дамжуулна.

Түүнчлэн “Битүүлэх ёсны бэлгэ ерөөл”, төрийн ёслол хүндэтгэлийн уртын дуунуудаар бэлтгэсэн “Айзамт эгшиглэн”, хадагны бэлгэдэл эрэмбэ дарааллын тухай өгүүлсэн “Эдийн дээд хадагны зохионгуй”, “Есөн хүслийн гүн ухаан”, “Цагаан сарын цагаан түүх” зэрэг танин мэдэхүйн нэвтрүүлэг орж байна. Мөн “Хамаг Монголын цагаан сар” нэвтрүүлэгт Буриад, Өвөрмонгол, Дээд Монгол, Халимаг, Тува үндэстний төлөөлөл оролцож, өөр өөрсдийн шинэлэх ёс заншлын талаар сонирхуулна.

Жил бүрийн сар шинийн босгон дээр Монголын радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн”-ийг шалгаруулдаг уламжлалтай.   Энэ жилийн “Алтан төлийн эзэд” оролцсон цуврал нэвтрүүлэг бэлтгэнэ. Мөн “Улсын аварга малчин”, “Улсын  аварга тариаланч”-ид оролцсон цуврал нэвтрүүлэг бэлтгэхээр сэтгүүлчид орон нутагт ажиллаж байна

-Орон нутгийн сурвалжлагчид ямар нэвтрүүлэг бэлтгэж байгаа вэ? 

-Монголын радиогийн  21 аймаг дахь сурвалжлагчид аймаг аймгаасаа нэвтрүүлэг бэлтгэж байна, баялаг нэвтрүүлэг болно. Тухайлбал Отгонтэнгэр хайрханд зориулсан “Оройн чимэг” гэх 33 бадагтай уртын дууг өвлөн уламжилж яваа дуучинтай Завхан аймаг дахь сурвалжлагч Д.Энхжаргал ярилцсан бол,  ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах өвийн жагсаалтад бүртгэгдсэн “ингэ хөөслөх” өвийг тээгч, тэмээчний тухай Дорноговь аймаг дахь сурвалжлагч А.Байгальмаа нэвтрүүлэг бэлтгэлээ. Мөн  Баянхонгор аймгийн Арцат дэл хайрханы оройгоос буюу далайн түвшнээс 2700м-ийн өндрөөс олдсон  баатрын түүхэн олдворын талаар Баянхонгор аймаг дахь сурвалжлагч, СГЗ П.Санаадагва нэвтрүүлэг бэлтгэсэн. Энэ мэтчилэн олон сонирхолтой нэвтрүүлгийг сар шинийн өдрүүдэд сонсогчдодоо хүргэнэ. 

-Монголын радио дотооддоо төдийгүй гадаадад таван хэлээр нэвтрүүлэг цацдаг. Сар шинийн өдрүүдэд гадаадын сонсогчдодоо ямар нэвтрүүлэг хүргэх вэ?

-Монгол улсаа гадаадад сурталчилдаг “Монголын дуу хоолой” радио гадаадын сонсогчиддоо зориулж монгол, орос, англи, япон, хятад 5 хэлээр нийт 10 нэвтрүүлэг бэлтгэн хүргэх гэж байна. Эдгээр нэвтрүүлгээр монголчууд Сар шинийн баяраа угтаж идээ, ундаа, дээл хувцас, гарын бэлэг зэргээ хэрхэн бэлддэг, хот хороогоо цэвэрлэдэг тухай сонирхуулахын зэрэгцээ гал тахих, овоо тахих, нар харах, хадаг барих, хөөрөг зөрүүлэх зэрэг сар шинийн ёс заншил, бэлгэдлийг гадаадын сонсогчдодоо танилцуулна.

Цагаан сарын түүх уламжлалын тухай “Их Монголын Цагаан сар”, Монголд ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэд Цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг тухай  Япон, Солонгос, Энэтхэгийн зочид оролцсон “Монгол Цагаан сар гадныхны нүдээр”, Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б. Санчирмаагийн оролцсон Цагаан сараар хүүхэд залуучуудын оролцоо тус дэм ямар чухал байдаг тухай нэвтрүүлгүүдийг богино долгионоор болон vom.mn сайтаас сонсох боломжтой.

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Б.Сонинчимэг: Монголын радио Сар шинийн өдрүүдэд өв соёлын талаарх нэвтрүүлгийг сонсогчдодоо хүргэнэ  
Үзсэн: 208 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй