
УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны ажлын дүнтэй танилцав.
Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Түр хорооны дарга Б.Баттөмөр танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсад 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Коронавируст халдварын анхны зөөвөрлөгдсөн тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлаас шуурхай арга хэмжээ авч, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталж, хуулийн биелэлтэд хяналт тавих Түр хороог 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулсныг тодотгоод Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурал 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 31 дүгээр тогтоолоороо Түр хороог дахин байгуулж, бүрэлдэхүүнийг нь шинэчлэн баталсныг онцолж байлаа.
Мөн Улсын Их Хурлаас цар тахлын эрсдэлтэй цаг үеийг даван туулах, халдварын тархалтыг сааруулах, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүндрэл, сорилт дагуулсан асуудлуудыг оновчтой шийдвэрлэх үүднээс уг хуульд нийт найман удаа нэмэлт, өөрчлөлт оруулснаас гадна хуулийн үйлчлэх хугацааг хоёр удаа өөрчилсөн. Түр хороо уг хуулийн 6.3.1-д энэ хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэнэ гэж заасны дагуу хуулийн биелэлт болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж ирсэн. Тухайлбал, Түр хороо тайлант хугацаанд нийт 14 удаа хуралдаж, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Нийслэлийн онцгой комисс, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар болон холбогдох бусад байгууллагуудын мэдээллийг 31 удаа сонсож, хуулийн хэрэгжилттэй холбогдуулан үүрэг, чиглэл өгч ажилласан гэв.
Түүнчлэн тэрбээр, Манай улсад коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын батлагдсан 1,007,843 тохиолдол бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар халдварын тохиолдол батлагдсан 2,136 иргэн нас барсан байна. Батлагдсан тохиолдолд эзлэх нас баралтын хэмжээ дэлхийд дунджаар 1.02, Номхон далайн бүсэд 0.28 хувь байхад Монгол Улсад 0.21 хувь буюу харьцангуй бага байгаа нь Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Улсын Онцгой комиссоос холбогдох шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргаж, арга хэмжээг хугацаа алдалгүй авч, ажлаа оновчтой, шуурхай зохион байгуулж чадсан, Эрүүл мэндийн болон холбогдох яамд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, мэргэжлийн бусад байгууллагууд, ард иргэд, аж ахуйн нэгжүүд хаанаа хаанаа хичээж, хамтран ажилласны үр дүн гэж үзэж байна. Манай улсад цар тахлын эсрэг авсан хариу арга хэмжээний талаарх эерэг үзүүлэлтийг үнэлж, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед хүнд хэрнээ чухал шийдвэрүүдийг гаргаж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авч, бэлэн байдлаа хангасны зэрэгцээ богино хугацаанд зорилтот бүлгийн хүн амаа вакцинжуулалтад хамруулж, хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалж, цар тахлын давалгаануудын үеэр эрсдэл өндөр бүхий иргэдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж, хөнгөн иргэдийг гэрийн хяналтад эмчилсэн Монгол Улсын сайн туршлагыг бүсийн зарим улсуудад нэвтрүүлж болохыг онцолсон гэдгийг дурдсан.
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээний хүрээнд 2020 онд 4,402.1 тэрбум, 2021 онд 5,164.9 тэрбум, 2022 онд 1,634.7 тэрбум, нийт 11,201.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлж зарцуулсан байна. Нийт эх үүсвэрийн 41.9 хувийг улсын төсвийн, 25.4 хувийг гадаад зээлийн, 7.6 хувийг нийгмийн даатгалын сангийн, 2.1 хувийг орон нутгийн төсвийн, 2.8 хувийг эрүүл мэндийн даатгалын сангийн, 10.4 хувийг ирээдүйн өв сангийн, 9.9 хувийг бусад эх үүсвэр тус тус эзэлж байна. 2020-2022 онд төвлөрүүлсэн нийт эх үүсвэрийн 37.9 хувь буюу 4,243.7 тэрбум төгрөгийг эдийн засгийг идэвхжүүлэхэд, 12.5 хувь буюу 1,402.0 тэрбум төгрөгийг ажлын байрыг хамгаалахад, 13.2 хувь буюу 1,477.5 тэрбум төгрөгийг иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад, 36.4 буюу 4,078.5 тэрбум төгрөгийг хувийг иргэдийн орлогыг хамгаалахад тус тус зарцуулсан байна. Түүнчлэн нийт зардлын 7,511.5 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэртэй, үлдсэн 3,690.2 тэрбум төгрөгийг мөнгөн бус хэлбэртэйгээр зарцуулсан байна. Мөнгөн хэлбэртэй зарцуулсан зардлын 6,149.4 тэрбум төгрөгийг иргэдийн орлогыг хамгаалах, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд, 1,322.2 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт, 39.9 тэрбум төгрөгийг Засгийн газрын болон засаг даргын нөөц сангийн бэлэн байдлыг хангахад тус тус зарцуулжээ. Нийт мөнгөн зардлын 87.3 хувь буюу 6,559.6 тэрбум төгрөгийг бүтцийн хувьд авч үзвэл хүүхдийн мөнгө, халамж, бусад тэтгэмж, төрөөс хариуцсан цахилгааны төлбөр, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, цалин зэрэг хууль, тогтоомжийн хүрээнд тогтоосон зардлуудаас бүрдэж байна. Эдгээр зардалд зориулагдсан мөнгөн санхүүжилтийг зориулалтын бусаар ашиглах, шамшигдуулах боломж хязгаарлагдмал. Дурдсан мөнгөн зардлууд мөнгөн бус хэлбэрээр гарсан зардалтай нийлээд нийт зардлын 91.5 хувийг эзэлж байгаа нь санхүүжилтийн эх үүсвэр үндсэндээ зориулалтын дагуу зарцуулагдсаныг харуулж байна. Эрүүл мэндийн салбарт зарцуулсан 1,322.2 тэрбум төгрөгийн 61.5 хувийг иргэдийг вакцинжуулах, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж худалдаж авах, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангахад чиглэгдсэн зардлууд эзэлсэн байгаа нь тус салбарын худалдан авалт, санхүүжилтийг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах шаардлагатайг харуулж байна гэдгийг Түр хорооны дарга танилцуулгадаа онцлов.
Мөн Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ.” гэж заасан. 2020-2022 онд тус хуулийн хүрээнд томилогдсон 2,808 албан хаагч байгаагийн 380 буюу 13.5 хувь нь албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангаагүй байгаа тул 2023 онд Засгийн газар, Төрийн албаны зөвлөлийн зүгээс анхаарч, тодорхой шийдвэрүүдийг гаргаж ажиллах нь зүйтэй гэж байлаа.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29.4-т “Түр хороо ажлынхаа дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулснаар түүнийг татан буугдсанд тооцно” гэж заасныг тэмдэглээд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог татан буугдсанд тооцсоныг мэдэгдэв.
Түр хорооны ажлын дүнг танилцуулав | ||
Үзсэн: 286 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.