Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тамхины хэрэглээний талаарх жил тутмын тайланд дурдсанаар дэлхий даяар тамхины хэрэглээ эрчимтэй буурч байна.
Тамхи үйлдвэрлэгчид энэ салбараа тогтвортой, ашигтай хадгалахыг хичээж байгаа ч тамхины хэрэглээ өсөх хандлага ажиглагдахгүй байна гэдгийг олон улсын байгууллагын тайланд дурджээ.
Гэхдээ тамхины хэрэглээ дэлхий даяар буурч байгаа ч 2025 онд нийт тамхины хэрэглээг 30 хувиар бууруулна гэсэн зорилт хугацаандаа биелэхэд арай хангалтгүй байгааг онцолжээ.
Одоогийн байдлаар дэлхийд өдөр тутамдаа тамхи татдаг 1 тэрбум 250 сая орчим насанд хүрэгч байна гэсэн судалгаа байна. Энэ нь хоёр жилийн өмнөхөөс 19 саяар буурсан үзүүлэлт юм.
2000 он гарсаар олон улсад тамхины эсрэг хүчтэй аян өрнөж, жил ирэх тутам тамхичдын тоо эрчимтэй буурч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын жил тутмын тайлангаас харж болно.
2000 онд гурван насанд хүрэгч тутмын нэг нь тамхи татдаг байсан бол 2022 онд таван хүн тутмын нэг нь тамхи татдаг гэсэн тоо баримт гарчээ.
Түүнчлэн уг тайланд дурдсанаар дэлхийн 150 оронд тамхины хэрэглээ амжилттай буурч байгаа гэж тэмдэглэсэн байна.
Бразил болон Нидерланд улсууд тамхины хэрэглээг хамгийн амжилттай бууруулж байгаа орнууд гэж тооцогдож байна. Тодруулбал, Бразил улсад тамхи татдаг хүний тоо 2010 оныхоос 35 хувиар буурсан бол Нидерланд улсад 30 хувиар буурсан байна.
Энэ амжилтыг бусад улс орнуудад хуваалцахын тулд ДЭМБ-аас улс орнуудыг тамхины зохицуулгын бодлого хэрэгжүүлэх, тамхи үйлдвэрлэгчдийн тамхины хуульд саад болох үйл явцын эсрэг тэмцэхийг уриалж байна. Дэлхий дахинд тамхины хэрэглээ хамгийн удаан буурч байгаа бүс нутагт Европ орж байгааг ДЭМБ-аас онцоллоо.
Ялангуяа энэ бүс нутгийн эмэгтэйчүүдийн тамхины хэрэглээ дэлхийн бусад бүс нутгийн эмэгтэйчүүдийнхээс хоёр дахин их байгааг онцолсон байна. Европоос гадна Зүүн Өмнөд Азийн тамхины хэрэглээ өндөр байгаа гэсэн судалгаа байна.
Гэхдээ тамхины хэрэглээ буурах хурд нь Европтой харьцуулахад харьцангуй эрчимтэй байгаа юм. Насанд хүрэгчдийн дундах тамхины хэрэглээ буурч байгаа нь нэн сайн ч эсрэгээрээ хүүхдүүдийг тойрсон тамхины хэрэглээний асуудал шинэ аюул болсон талаар ДЭМБ дурдсан юм.
2024 он гарсаар хүүхдүүд, өсвөр наснынхны дундах электрон тамхины хэрэглээ нэмэгдэх төлөвтэй байна. Одоогийн байдлаар дэлхий дахинд 13-15 насны 40 орчим сая хүүхэд электрон тамхи болон тамхины төрлийн бүтээгдэхүүн хэрэглэж байна гэсэн судалгаа байна.
Сүүлийн гурван жилийн хугацаанд Их Британи улсад гэхэд электрон тамхи хэрэглэдэг хүүхдийн тоо 150 хувиар өссөн байна. Энгийн тамхийг бодоход электрон тамхийг онлайнаар худалдан авах боломжтой тул энэ төрлийн худалдааны сүлжээг таслан зогсоох тал дээр анхаарч ажиллана гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн юм.
Тус олон улсын байгууллагаас 2024 оны “Дэлхийн тамхигүй өдөр”-ийг хүүхдүүдийг тамхинаас хол байлгах уриан доор зохион байгуулна гэж мэдээлжээ.
ДЭМБ: Хүүхдүүдийн дунд электрон тамхины хэрэглээ нэмэгдэж байна | ||
Үзсэн: 1003 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.