Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр (2026.08.13) Дэлхийн банк группийн Монгол дахь суурин төлөөлөгч Викториа Делмон болон холбогдох бусад төлөөллийг хүлээн авч уулзан, эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.
Энэ үеэр сайд Б.Найдалаа “Бид эрчим хүчний салбарт шинэчлэлийн бодлогыг өргөн хүрээнд хэрэгжүүлж, 139 буюу нэг бодлого, гурван зарчим, есөн ажил гэсэн томьёоллоор ажиллаж байна. Үүний хүрээнд Эрчим хүчний шилжилтийн стратегийн бодлого батлахад бэлэн болоод байна. 2050 он хүртэл Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэрийн бүтэц ямар байх, тухайлбал, сэргээгдэх, цөмийн эрчим хүч, устөрөгч ашиглах зэргийг тусгасан.

Хиймэл оюун ухаан хөгжиж байгаатай холбоотойгоор дэлхий дахинд эрчим хүчний хэрэглээ өсөж байна. Монгол Улс зөвхөн дотоодын хэрэгцээгээ хангах бус, цаашид эрчим хүчний нөөцөө бүс нутгийн хэмжээнд хуваалцах, экспортлохыг зорьж байгаа” хэмээв.
Дээр тэмдэглэсэнчлэн гурван зарчмын хүрээнд хэрэглэгч төвтэй болох, эрчим хүчний системийн аюулгүй, нээлттэй байдалд анхаарч байгаа талаар танилцуулав. Мөн есөн гол ажлын хүрээнд тарифын шинэчлэл, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, эх үүсвэр, дэд бүтцийг өргөжүүлэх, тархмал эх үүсвэр, шинэ технологи нэвтрүүлэх, хууль, эрх зүйн шинэчлэл, засаглалыг сайжруулахад анхаарч буй талаар мэдээлэл өгсөн юм. Энэ талаар сайд Б.Найдалаа “Засаглал, салбарын үр ашигтай байдлыг сайжруулах зэргээр төлөвлөж буй ажлуудыг нэгэн зэрэг хэрэгжүүлэх шаардлагатай.
Үүнд олон улсын банк санхүүгийн байгууллагуудын оролцоо, дэмжлэг чухал. Дэлхийн банк бол эрчим хүчний салбарт хамтран ажиллаж ирсэн гол байгууллагуудын нэг. Цаашид тухайлбал, ялгаатай тарифын бодлого ямар байх талаар зөвлөгөө авах, хамтран ажиллах сонирхолтой байна” гэлээ. Дээр дурдсан зарим ажлыг хэрэгжүүлэхэд ашиглах санхүүгийн цогц загварчлалыг хуваалцах боломжтойг Дэлхийн банк группийн төлөөллүүд илэрхийлэв.

Суурин төлөөлөгч Викториа Делмоны зүгээс бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлээд, “Засгийн газар, хувийн хэвшилтэй хамтран хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд анхаарна. Монгол Улсын Эрчим хүчний яамнаас баримталж буй стратеги бидний бодлоготой уялдаж байна. “Эрчим хүчний төсөл-3”, “Эрчим хүчний төсөл-4”-ийн хэрэгжилтэд анхаарч буйд сайд танд талархал илэрхийлье” гэв.
Мөн Дэлхийн банк группийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн эрчим хүчний салбар хариуцсан менежер Клаудиа Васкез “Хэрэглэгч төвтэй байхад анхаарч буйд баяртай байна. Хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангах нь чухал. Дээр дурдсан ажлуудаас гурвыг нь дурдмаар байна. Тухайлбал, тарифын шинэчлэл. Үнийн индексжүүлэлтийг нэвтрүүлэхэд дэмжих боломж бидэнд бий. Мөн дэд бүтцийг өргөжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд оролцох боломжтой.
“Эрчим хүчний төсөл-3”, “Эрчим хүчний төсөл-4”-ийн ахицад анхаарах нь чухал. “Эрчим хүчний төсөл-5”-ын талаар холбогдох байгууллагуудтай хэлэлцэх нь чухал байгаа” хэмээв. Б.Найдалаа сайдын зүгээс “Эрчим хүчний төсөл-5”-ын талаар холбогдох бусад яам, Засгийн газрын түвшинд ярилцан, анхаарал хандуулахаа илэрхийлж, эрчим хүчний реформ хэрэгжүүлэхэд Дэлхийн банк группийг хамтран оролцож, саналаа нээлттэй ирүүлэхийг хүслээ.
Дэлхийн банк нь Монгол Улсын эрчим хүчний салбарт цахилгаан хангамжийн найдвартай байдал, дамжуулах сүлжээний хүчин чадал, сэргээгдэх эрчим хүчний интеграц, салбарын институцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж буй. Өдгөө дээр дурдсан “Эрчим хүчний төсөл-3” буюу “Багануур-Чойр чиглэлийн 220 кВ-ын ЦДАШ, дэд станц өргөтгөх төсөл”, “Эрчим хүчний төсөл-4” буюу “Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 кВ-ын ЦДАШ, дэд станц барих төсөл”-ийг хамтран хэрэгжүүлж байна.
“Эрчим хүчний төсөл-3”-ийн барилга угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад оролцогчдын техникийн саналын үнэлгээний тайланг банканд ойрын хугацаанд хүргүүлэхээр ажиллаж байгаа юм. Түүнчлэн “Эрчим хүчний төсөл-4”-ийн барилга угсралтын ажлын тендерийг дөрвөн багцад хуваан зарлахаар ажиллаж байна. Мөн “Эрчим хүчний төсөл-5” буюу “Улаанбаатар хотын цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн төсөл”-ийн бэлтгэл ажлыг хангаж буй юм.
| Эрчим хүчний реформ хийхэд хамтран ажиллахыг урилаа | ||
| Үзсэн: 70 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.