
“Хүүхдийн хүмүүжил өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудал боллоо” гэж амтай бүхэн ярих болов. Бяцхан хүү нь хараал хэлж, нэгнийгээ “алж, хядна” хэмээн занахад “Энэ хэнээс ийм үг сураад ирэв” гэж бусдыг буруутгадаг эцэг, эхчүүд бурууг бусдаас биш өөрсдөөс хайх хэрэгтэй болсон мэт. Энэ үг “Бидний үед ном ертөнцийг харах цонх байлаа” гэж ярьдаг эрхэм буурлуудад ч хамаатай байж мэдэх.
Элдэв зурагтай үлгэрийн ном хараад хүүхэддээ авч өгөх гэж яарах эрхэм та хуудсыг нь эргүүлэхдээ зурагнаас нь түрүүлээд өгүүлбэрийг нь уншаад үзээрэй. Өчигдөрхөн худалдаж авсан “Монгол ардын үлгэрүүд” номд “... Хүү минь ирээсэй. Үнхэлцгийг нь тавихсан гэтэл эцэг нь: -Юун үхсэн хатсаны чинь хүү гээд ээжийг нь нойтон модыг ноцтол, хуурай модыг хугартал зодож гэнэ. Тэгэхээр нь хүү авдрынхаа араас гарч ирээд “Үхээгүй хатаагүй хүүд үнхэлцэг, зүрх тавих ёстой” гээд алтан мөнгөн аргайгаар аавынхаа толгойг хага цохиод алчихжээ. Тэгээд ээжийгээ гэртээ аваачаад амар сайхандаа жаргаж гэнэ” хэмээн гарсан байх юм. Тийнхүү аймшигтайгаар аавыгаа "хөнөөчихөөд" амар сайхандаа жаргана гэнэ. Бид ирээдүй хойчдоо ийм л зүйл уншуулчихаад түүнийгээ эрдэм сургаж байна гэж төсөөлж байх. Гэтэл алтан мөнгөн аргай гэж ч мэдэхгүй хүүхдүүд нь “алах” гэх үгийг амны уншлага болгон, хүн хөнөөчихөөд амар сайхан амьдарна гэж сэтгэж яваа. Энэ хэний буруу вэ.
Хяналт тавьдаг гэх эрхмүүд нь хэдэн үсэг хасна гэж хэнээрхэж суухад бусармаг бүхнийг сурталчилсан үлгэрийн номууд хяналтаас аль хэдийнэ гарч, орон даяар тархаж орхиж. Ийм номууд байсаар байхад бид яаж ам бардам “Үлгэрээс авах зүйл их бий. Үлгэрээс сурах зүйл их” хэмээн ярьж чадах билээ.
Ер нь үлгэрийн номыг хэн зохиогоод байна вэ. Хэн ч зохиосон, хэн ч гаргасан байлаа төлөвшиж амжаагүй бяцхан "ертөнцүүдэд" нэгнийгээ алахыг заасан, үзэн ядахыг үлгэрлэсэн, бүр садар самууныг сурталчилсан үлгэрийн ном уншуулахдаа жаахан ч гэсэн санаа зовдоггүй юм гэж үү. Эсвэл тэдний нүдийг зоос гэгч зүйл сохолж орхиод үлгэрийн хорхойтнууд гэгддэг хүүхэд багачууд минь мартагдсан юм болов уу.
Бидний багад “Эрт урьдын цагт эхэлж, ам бүлээрээ амар сайхандаа жаргадаг” байсан үлгэр одоо цагт ийнхүү алж, хядаад л дуусдаг боллоо. Тийнхүү номонд итгэхээ болиод хүүхэлдэйн кино үзүүлэх гэтэл өхөөрдөм хөөрхөн үлгэрийн баатрууд нь нурааж, сүйтгэж, муудалцаж, хөөцөлдсөөр дуусах юм. Нэгийгээ хөнөөчихөөд жаргалтай нь аргагүй инээх аж. Ингэхээр бид хүүхэддээ юу үзүүлэх вэ.
Олон улсын судалгааны байгууллагын үр дүнгээс харахад телевизийн хамгийн идэвхтэй үзэгч нь 3-10 насныхан байна гэдгийг баталжээ. Энэ насныхан цэнгээнт нэвтрүүлэг, хүүхэлдэйн киноноос хүмүүсийн харилцааны талаарх мэдлэгийг хуримтлуулдаг аж. Өөрөөр хэлбэл, бяцхан оюун ухаандаа ирээдүйд цэцэрлэг, сургууль, ажлын хамт олонтойгоо хэрхэн харилцах харилцаагаа үзсэн хүүхэлдэйн кино, уншсан уран зохиолын номноосоо сурч боловсруулдаг байна. Тийм учраас Оросын нэрт зохиолч, сэтгэгч Чернышевский “Хүүхдэд муу зохиол уншуулснаас огт уншуулаагүй нь дээр” хэмээсэн нь учиртай.
Ердөө хоёрхон жилийн өмнө шүү дээ, Орост тамхины тухай хууль гарангуут гэнэт л өнөөх алдарт чоно, туулай хоёрын явдлыг үзүүлдэг “Ну погоди” /Чамайг даа/ хүүхэлдэйн киног үзүүлэхийг хориглох тухай ярьж эхлэв. Тэртээ 1969 оноос эхлэн гарч, дэлгэцнээс буулгүйгээр Оросын бүхий л үеийнхнийг татсан энэ киног өнөөгийн төр нь яагаад ад үзэх болов...
Мөн 2012 оноос эхлэн гараад өнөөдөр дэлхийг бараг байлдан дагуулж буй. “Маша, баавгай хоёр” хүүхэлдэйн киног Украины Олон нийтийн ёс суртахууны үндэсний шинжээчдийн комисс хүүхдэд үзүүлэх боломжгүй гэж үзэв.
Хятадад бидний мэдэхээр “Рожер туулайн адал явдал”, “Сансрын сагсан бөмбөгч” зэрэг хэд хэдэн киног телевизээр цацахыг хориглож байсан. Энэ бүхнээс ургуулан бодоход “яагаад” гэх асуулт гарч ирнэ. Хүүхдүүдэд л зориулан бүтээчихээд яагаад үзүүлэхгүй хориглож байна вэ.
Нэг талаас хэт үзэл сурталжиж, яг л манайд социализмын үед байсан шиг юм болж байна уу даа гэмээр.
Гэтэл яг нарийндаа үзэл сурталд нийцмээргүй уран сайхны өчнөөн олон киног гаргахыг хориглодог Хятадыг эс тооцвол олон орны телевизээр гараад алаад хядаад, тайчиж нүцгэлээд байгаа биш бил үү.
Дээрх хүүхэлдэйн кинонуудыг хориглосон, хориглох гэж байсан үндэслэлүүдийг сонирхоё л доо. Украинчууд хүүхэлдэйн хэд хэдэн кино хориглосны дотор “Маша баавгай хоёр” орж байгаа. Энэ киног хориглох саналдаа тэд “Маша бүхий л цаг үеийг гэртээ биш, баавгайтай хамт өнгөрөөж байна”, “Маша бол жижигхэн садист, тэр ямагт баавгайг залхаан, үймүүлж байна” гээд энэ бол хүчирхийлэл, гэр бүл салж сарнихыг сурталчилж байгаа хэрэг гэсэн байна.
Оросууд “Чамайг даа”, “Гена матар Чебурашка хоёр” гэдэг кинонуудыг танхайрах, тамхи татах, эрүүл биш амьдрал, амьтныг хайрлахгүй хэрцгий хандахыг сурталчилсан гэж үзэж байсан гэдэг. 1969 онд гарсан “Бремений хөгжимчид” гэдэг хүүхэлдэйн кино бол бүр садар самуун сурталчлах, танхайрал, тэнүүчлэх, мөрийтэй тоглоом сурталчилж хүүхдэд буруу үлгэр дуурайл үзүүлнэ гэсэн байна. “Фунтик торойн адал явдал” гээд л энэ киног манай үзэгчид сайн санаж байгаа байх. Гэтэл энэ кино хүүхэд хулгайлах, хүүхдийн хөдөлмөр мөлжих явдлыг сурталчлан үзүүлдэг гэсэн зүүлттэй байх жишээтэй. 1987 онд гарсан “Сармагчингууд” гэдэг хүүхэлдэйн киноны дууны “Охид хөвгүүд, хүүхэд бүрт 200 грамм, бүр хагас хил тэсрэх бодис өгнө” гэсэн мөр хүртэл хүүхдийг хүчирхийлэл, терроризмд хөтөлнө гэж тэд үздэг.
Тэгэхээр эндээс нэг л юм харагдаад байна. Зурган ч бай, баримлын шавран ч бай, хүүхэлдэйн аль ч төрлөөр бүтээсэн киног хүүхэд бол ийм тийм гэж ялгаж салгахгүй үздэг. Тэдний хувьд хамгийн баяр баясалтай мөч нь хүүхэлдэйн кино үзэх гээд сувгаа солих мөч юм. Гарчигнаас нь эхлээд “төгсөв” хүртэл нь суудлаасаа ч босохгүй үзэж байгаа тэр бяцхан үзэгчдэд муу үлгэр дуурайл үзүүлэхгүй юмсан гэсэн нэг л үзэл байна.
Хүүхэлдэйн киног ямар насныхан үздэг вэ. Чухамдаа бүх насныхан үздэг. Гэхдээ хамгийн гол хэрэглэгч нь бичиг үсэгт тайлагдаагүй, өөрөөр хэлбэл, мэдээлэл хүлээн авах талаар хязгаарлагдмал тэр багачууд. Энэ насанд хүн амьдралынхаа бүхий л мэдээллийн эх суурийг тавьж, ертөнцийн талаарх мэдлэгийнхээ ихээхэн хэсгийг олж авдаг гэж судлаачид тогтоосон байдаг. Нөгөө талаар ийм насандаа хүүхэд бүхнийг даган дуурайдаг. Тэгэхээр ийм үед нь ямар нэгэн буруу, таагүй мэдээлэл өгч, муу зуршилд сургачихгүй юмсан гэсэн үүднээс ийм арга хэрэглэхэд хүрч байгаа нь тэр. Ер нь зарим хүүхэлдэйн киног хориглох гэсэн тэр хүмүүсийн зөв мэт. Бүр хориглодоггүй юм гэхэд цаг хязгаар, нэвтрүүлэх хэм хэмжээ тогтоосон энэ явдал цаанаа нэг юм хэлээд байх шиг.
Хятад, Орос, Украин улсын аль нь ч үйлдвэрлэгч. Хятад бол зурган хүүхэлдэйн кино хийдгээрээ дэлхийд дээгүүрт ордог. Тэд телевизийн эфирт гадаадын хүүхэлдэйн кино нэвтрүүлэх квот тогтоочиход юугаар ч хотойхгүй. Тэгээд ч хүүхэлдэйн кинонд тавьж байгаа энэ шаардлага бол улс төрийн юм уу, элдэв үзэл суртал, энд тэндэхийн гаж суртал гэж гадуурхсан хэрэг биш хэмээн судлаачид нь хэлдэг юм билээ.
Гэтэл манайд байдал эсрэгээрээ “хүчирхийлэл+бүдүүлэг үг хэллэг” цогцолсон хүүхэлдэйн кино хүүхдийн сэтгэхүй, төлөвшилд хэрхэн нөлөөлж буй талаар хийсэн хүүхдээр овоглосон байгууллага, тандалт судалгааны газар алга. Арга ч үгүй биз. Судалгаа байтугай хүүхэддээ юу үзүүлэх, үзүүлэхгүй талаар баримталсан бодлого, шийдвэр байхгүй байхад хэтэрхий том зүйл хүссэн болно биз. Ямартай ч Монгол Улсын соёлыг хариуцаж буй ССАЖЯ-ны мэргэжилтнээс тодруулахад “Хүүхэлдэйн киноны хэл найруулга, орчуулга, хүчирхийлэл агуулсан эсэхийг нь хянах эрх бидэнд байхгүй. Яагаад гэвэл, шаардлага тавихаар цензурдсан болох гээд байдаг. Гэхдээ сүүлийн үед соёлын довтолгоонд өртөж байна гэсэн яриа гарсан учраас яамнаас энэ талын арга хэмжээ авахаар болсон. Энэ хүрээнд хүүхэлдэйн киноны асуудлыг хөндөх юм. Тэгэхдээ яг ч хэл найруулга, орчуулга талаас ярихгүй байх” гэлээ.
Харин МУБИС-ийн Монгол судлалын сургуулийн Уран зохиолын тэнхмийн эрхлэгч, доктор, профессор Д.Оюунбадрах нэгэн ярилцлагадаа “Өнөөдөр урлагийн төрлүүдээс хамгийн хоцрогдмол хөгжилтэй нь хүүхэлдэйн кино. Бага насны хүүхдийн сэтгэхүйд хамгийн хүчтэй нөлөөлдөг энэ урлагийн төрөл байхгүй болсноос гадаадын хүчирхийлэл, бүдүүлэг үг хэллэгтэй хүүхэлдэйн кино орон зайг нь нөхөж байна. Гадаадын хүүхэлдэйн кино үзсэн хүүхэд гадаад сэтгэхүйтэй болохгүй гээд яах юм. Орчин үетэйгээ хөл нийлүүлсэн, хүүхдийн үзэл санаанд тулгуурласан, сонирхолтой бүтээл үгүйлэгдэж байна шүү дээ” хэмээсэн. Тэгвэл үндэснийх нь үйлдвэрлэл байхгүй юм чинь цацахаас аргагүй гээд мэдсэн ч мэдээгүй юм шиг байх ёстой гэж үү.
Хүүхэд гэдэг цагаан цаас. Томчууд энэ цаасан дээр юу зурна, түүнийгээ ирээдүйд олж харна хэмээн нэгэн суут эрдэмтэн хэлсэн байдаг. Гэтэл өртөг зардал ихтэй хэмээн ад үзэгдсэн хүүхэлдэйн киноны хөгжил зогссоноос хүүхдүүд өдөр бүр хүчирхийллийг үзэж байна.
Хүчирхийллээс хүчирхийлэгч төрдөг гэдэгчлэн гадаадын мөнгөний гэгдэх хүүхэлдэйн киног зах зээлээс шахахад төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй байна. Хүүхэлдэйн кино хийх төсөвгүй ч гэлээ юу үзүүлэх, үзүүлэхгүйгээ шийддэг бодлоготой болох юмсан. Хүүхэд үзсэн, харснаа даган дуурайдгийг эрх чөлөөний орон гэгддэг АНУ-ын багачуудын буун дуу хадаасан хэргүүд харуулах шиг.
Хэдий хүртэл харгис нийгмийнх нь тусгал болсон үлгэрийн ном, хүүхэлдэйн киногоор хүүхдүүдээ хүмүүжүүлсээр байх вэ...
Аавыгаа "хөнөөчихөөд" амар сайхандаа жаргана гэнэ | ||
Үзсэн: 9410 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.