Япон Улсын Рэива эрин үеийн Цог жавхлант Эзэн хаан Нарүхито өнөөдөр 66 насны сүүдэр зооглож байна. Япон Улсад Эзэн хааныхаа төрсөн өдрийг Үндсэн хуулийн дагуу албан ёсны бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Нарүхито 1960 оны хоёрдугаар сарын 23-нд Токио хотноо тухайн үеийн угсаа залгамжлах ханхүү Акихито, хатан Мичико нарын ууган хүү болон мэндэлжээ. Тэрбээр эх орондоо дунд болон дээд боловсрол эзэмшсэний дараа 1983-1985 онд Английн University of Oxford-ийн Мертон коллежид суралцсан байна.
1988 онд Токиогийн Гакүшүин их сургуульд түүхийн ухаанаар магистрын зэрэг хамгаалсан бөгөөд 1989 оны нэгдүгээр сарын 7-нд өвөө, Хирохито таалал төгссөний дараа угсаа залгамжлагч ханхүүгийн статустай болсон.
Харин 2019 оны тавдугаар сарын 1-ний өдөр Япон Улсын 126 дахь эзэн хаан ширээнд заларснаар шинэ эрин “Рэйва” он тоолол эхэлсэн билээ. Түүний эцэг, Акихито хаан ширээнээсээ сайн дураар бууснаар Японы орчин үеийн түүхэнд онцгой үйл явдал болсон юм.
Эзэн хаан Нарүхито сэнтийдээ заларснаас хойш гадаад харилцаанд идэвхтэй оролцож, 2023 онд Бүгд Найрамдах Индонез Улсад, 2024 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад төрийн айлчлал хийсэн. Мөн 2025 оны долоодугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийсэн нь хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм.
Япон Улсад Эзэн хааны төрсөн өдөр нь улс орон даяар тэмдэглэдэг үндэсний баярын өдөр бөгөөд хааны ордны өмнө иргэд цугларч, Цог жавхлант Эзэн хаандаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
| Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито 66 нас хүрлээ | ||
| Үзсэн: 209 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.