Шууд Chart

Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна

2026-08-31 14:05:44

Цагдаагийн ерөнхий газраас НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран “Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт”-ыг Улаанбаатар хотноо энэ оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус хуралд Монгол Улс болон Вьетнам, Тайланд, Малайз, Филиппин, Индонез, Лаос улсын хууль сахиулах байгууллагын цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр ажилладаг удирдах албан тушаалтан, мөрдөгч, прокурор, хүүхэд хамгааллын мэргэжилтэн, НҮБ-ын төрөлжсөн байгууллагын төлөөлөл оролцож байна.

Монгол Улсыг төлөөлж Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Батбаатар, Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэдалай  Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Гансүх, Хуулийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах болон Кибер гэмт хэрэгтэй тэмцэх, Мөрдөн шалгах албаны нийт 7 алба хаагч оролцож байна.

Уулзалтын хүрээнд цахим орчин дахь хүүхдийн эсрэг шинээр гарч буй аюул, эрсдэлийн талаар нэгдсэн ойлголт бүрдүүлэх, хил дамнасан мөрдөн шалгах ажиллагаа, дижитал нотлох баримт солилцох механизмыг сайжруулах, улс орнуудын сайн туршлагыг хуваалцах, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэх юм.

Тус уулзалт нь цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах ач холбогдолтой. 


Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна  
Үзсэн: 34 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй