Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны хангамжийн нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвийн мэдээлснээр наймдугаар сард АИ-92 автобензин 74,780 тонн захиалснаас 68,502 тонныг нийлүүлжээ. Мөн бусад төрлийн шатахууны захиалга төлөвлөгөөний дагуу орж ирсэн бөгөөд импортын эх үүсвэрээс есдүгээр сарын захиалгыг баталгаажуулсан байна.
Наймдугаар сарын эхээр шатахууны ачилт тодорхой хэмжээгээр буурч, улсын нөөц багассанаас нийлүүлэлтэд доголдол үүссэн. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулж, хангамжийг хэвийн болгох арга хэмжээ авч байгаа аж.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод 1100 тонн, орон нутагт 681 тонн автобензин нийлүүлжээ. Монгол Улс сард дунджаар 65 мянган тонн АИ-92 бензин, 150 мянган тонн дизель түлш хэрэглэдэг бөгөөд есдүгээр сарын хэрэгцээг бүрэн хангах хэмжээгээр захиалга хийсэн гэж Б.Дашпүрэв мэдээлэв.
Одоогоор улсын хэмжээнд 30-40 суманд автобензин болон дизель түлшний хомсдол байгаа аж. Зарим сум дизель түлштэй боловч бензингүй, зарим газарт эсрэг нөхцөл үүссэн тул тухайн сумдад шатахуун нэмж тээвэрлэн хүргэхээр ажиллаж байна.
Мөн шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд иргэдэд зориулалтын саванд шатахуун олгож эхэлсэн бөгөөд энэ талаар гомдол, хүндрэл гарвал шуурхай арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
| АҮЭБЯ: 30-40 сум бензин, дизель түлшний хомсдолтой байна | ||
| Үзсэн: 53 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.