Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний хэрэглээг нүүрсээр ажилладаг эх үүсгүүрээс гадна импортын болон салхин эх үүсвэрээс хангадаг. Нийт хэрэглээний 95 орчим хувийг дулааны, 4-5 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүд үйлдвэрлэж байна. Монгол Улсад Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль 2007 онд батлагдсан ба сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифыг дараах байдлаар тогтоосон байдаг.
Үүнд:
- Салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.08-0.095 ам.доллар /өнөөгийн байдлаар 160-190 төг/
- 5000 кВт хүртэл хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэж нийлүүлэх 1кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.045-0.06 ам.доллар /өнөөгийн байдлаар 90-120 төг/
- Нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.15-0.18 ам.доллар /өнөөгийн байдлаар 300-360 төг/.
Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүд нь үйлдвэрлэсэн цахилгаан нь дулааны цахилгаан станцын болон импортоор худалдан авах 1 кВт.ц цахилгааны өртгөөс харьцангуй өндөр үнээр буюу валютын ханшаас хамаарч 180-190 төг/кВт.ц-аар нийлүүлэгддэг учраас тодорхой хэмжээний зөрүү үүсдэг.
Энэхүү эх үүсгүүрээс шалтгаалсан үнийн зөрүүг аль нэг төрлийн эрчим хүчний тарифт шингээх замаар бус “сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф” болгон нэвтрүүлж, хэрэглэгчийн хэрэглэсэн 1 кВт.ц тутамд 4 төгрөг байхаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон. Өрхийн цахилгаан хэрэглээний төлбөрт эзлэх байдлаар нь тооцож үзвэл сард дунджаар 200кВт.ц цахилгаан хэрэглэдэг бол дэмжих тарифын төлбөрт 800 төгрөг /НӨАТ-гүй/ нэмэгдэнэ. Энэ нь нийт цахилгааны төлбөрийн 3.4 хувийг эзлэхээр байна.
Дэлхийн олон улс оронд байгалийн баялгийн нөөцөөс хараат эрчим хүчний үйлдвэрлэлийг багасгаж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлогын хүрээнд дэмжих тариф буюу ногоон тарифын тогтолцоог нэвтрүүлсэн байдаг. Таны цахилгааны төлбөрт тусгагдсан дэмжих тарифын тооцоо нь эх орон, байгаль дэлхийдээ ногоон эрчим хүчийг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмэр юм.
Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих үнэ тариф гэж юу вэ | ||
Үзсэн: 1233 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.