Шууд Chart

С.Бямбацогт: Хууль хүн бүрт тэгш үйлчилж, хүмүүс айдасгүй, дарамтгүй ажиллах ёстой

2016-10-11 16:02:13

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогттой ярилцлаа.

-Хөрөнгө орлого мэдүүлдэг албан тушаалтнууд оффшорт данс эзэмших, хувьцаатай байхыг хориглох хуулийн төсөл өргөн баригдсан байгаа. Харин энэ хууль батлагдсаны дараа үүнтэй холбоотой эрхзүйн орчин хэрхэн зохицуулагдаж байгаа вэ?

-Оффшор бүсэд данс нээж, хувьцаа эзэмшиж байгаа хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагатай холбоотой асуудал Монголын нийгэмд анхаарал татсан асуудал болоод байна. Данс нээсэн хүмүүс сүүлийн хоёр жил хадны мангаа юм шиг л байлаа. Эсвэл хууль зөрчсөн, хулгай, гэмт хэрэгтэн  мэт харагддаг болж. Тиймээс үүнийг тодорхой болгож, оффшорт данс нээх нь зөв үү, буруу юу гэдгийг ялгах шаардлага байсан. Энэ үүднээс Монгол Улсын Засгийн газраас хуулийн төслийг боловсруулах үүргийг надад өгч, ХЗДХЯ боловсруулж, УИХ-д өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан байгаа. Оффшор гэдэг нь эргийн гадна гэсэн утгатай үг. Энэ бүсэд таатай татвар төлөхгүй үйл ажиллагаа явуулдаг боломжийг нээж өгдөг. АНУ, БНХАУ зэрэг олон орны иргэн энэ дансанд нэгдсэн. 1990-2015 оны хооронд манай улсад гаднаас 14 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оржээ. Үүний 10 орчим тэрбум ам.доллар нь оффшор бүсээс орсон байдаг. Өнөөдөр гадны хөрөнгө оруулалттай 13 мянга орчим аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаагаа явуулж байгаагийн 1000 орчим нь оффшор бүсэд данстай компани байна.

-Тодруулбал?

-“Оюутолгой”, “Энержи ресурс”, “Хүннү Колл” зэрэг. Эдгээр компани манай улсад томоохон үйл ажиллагаа явуулж байгаа, их хэмжээний татвар төлж байгаа, олон ажлын байр бий болгож байгаа. Тэгэхээр эдгээр компани хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа юм уу гэхээр үгүй юм. Хуулийн дагуу ажиллаж байгаа. Гэтэл олон нийт эдгээр компанийг буруугаар ойлгох боллоо. Иймд үүнийг бид засах ёстой.

-Харин энэ дансанд бүртгэлтэй хувь хүмүүсийг бид хууль бус хэмээн үздэг. Тэгэхээр алийг нь хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэж үзэх вэ?

-Төрийн болон нийтийн албанд ажиллаж байгаа хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргадаг иргэдийг хамруулах ёстой. Өөрөөр хэлбэл, бидний өргөн барьсан хуулиар оффшор компанийн хувьцаа эзэмшихийг хориглосон, оффшор бүсэд данс нээхийг хориглосон албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргадаг албан тушаалтан байна. Эдгээр хүнийг төрийн болон нийтийн албан тушаалд ажиллаж байх хугацаанд нь оффшор компанид данс нээхийг хуулиар хориглож өгье. Ингэж зохицуулахгүй бол оффшор бүхэн хадны мангаа юм шиг харагдах гээд байна. Тэгэхээр нээлттэй, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгж байгууллага оффшор компаниар үйл ажиллагаагаа явуулаг. Харин төрийн байгууллагад ажиллаж байгаа болон хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргадаг хувь хүмүүс дээрх компаниар үйлчлүүлж болохгүй гэдэг хуулийн төслийг өргөн барьсан. Тэгэхээр энэ хууль батлагдсанаар оффшор дансанд хувьцаа эзэмших нь төрийн албан хаагчдад үйлчлэхгүй.

-Хэрвээ энэ хуулиа зөрчвөл яах вэ?

-Төрд ажиллах эрхийг нь мэдээж хаана. Мөн хууль бусаар хөрөнгөжсөн, хөрөнгө орлогоо татвараас нуусан нь илчлэгдвэл эрүүгийн болон бусад хуулийн хариуцлага хүлээнэ.

-Шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааных нь чиглэлийн нэн тэргүүнд эдийн засгийн хямралыг гэтэлгэх байгаа. Та Төрийн ордонд мэдэгдэл хийхдээ “Гадаадын хөрөнгө оруулалт гацах, эргэж саарахгүй байгаагийн үндсэн шалтгааны нэг нь хүнд суртал, төрийн дарамт, төрийн албан хаагчдын ёсзүйн үйлдлүүдтэй холбоотой” гэж үзэж, ажлын хэсэг ахалсан. Үр дүн нь одоо юу болов?

-Энэ ажлын хэсгийнхэн санал дүгнэлтээ гаргаж байна. Энэ хүрээндээ бид төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллагын албан тушаалтнууд хөрөнгө оруулагч буюу баялаг бүтээгчдэд хууль бусаар дарамт, шахалт үзүүлсэн тохиолдол байна уу гэдгийг шалгах ажлын хэсэг байгуулсан. Гэтэл энэ ажил маань явцуу юм байна гэдэг үүднээс илүү өргөн хүрээнд авч үзэх ёстой юм байна гэдэг шалтгаанаар дүгнэж байгаа. Өөрөөр хэлбэл, хууль хяналтын байгууллагууд, төрийн захиргааны албан тушаалтнууд тодорхой хэмжээгээр дарамт учруулсан зүйл байна уу гэвэл байна. Тэднийг тухайн үед нь хариуцлага тооцож байсан тохиолдол байгаа бол тооцолгүй өнгөрүүлсэн нь ч байна. Үүнийг бид “Та нар ингэсэн байна шүү. Энэ алдаагаа дахиж давтахгүй байх ёстой шүү” гээд харицулага тооцоод өнгөрвөл нэг ажил юм байна. Иймд үүнээс цааш дахин давтан тийм асуудал үүсэхгүй байх, тэд өөрийн мэдэлгүй баялаг бүтээгчдийг дарамтлаад байх боломжийг олгохгүй байх үүднээс хууль эрх зүйн орчноо сайжруулах, хяналт шалгалтыг нэмэгдүүлэх шаардлага байна. Ингэхгүй бол дээрх асуудал шийдэгдэхгүй юм байна.

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн үед МХЕГ, ТЕГ-ынхныг дуудаад бизнесийнхнийг дарамтлуулахгүй байхын тулд журмыг нь цөөллөө гэж байсан. Гэтэл та нар дахиад ийм ажил эхлүүлж байгаа нь өмнөх Засгийн газар хэрэгжүүлж чадаагүйд байна уу, эсвэл та нар цомхотгосон журмыг нь нэмэгдүүлэв үү?

-Жишээ нь, хэн нэгний нүүрэн дээр хатиг гарлаа гэхэд түүнийг эмчлэхгүйгээр энгэсэгээр дарж болохгүй. Заавал дотроос нь эмчилж, уг үндсийг нь устгах ёстой. Энэ л зарчмаар уг асуудлыг шийднэ. Тухайн үед энэ талд “Ингэж болохгүй, тэгж болохгүй” гээд өнгөрч байсан ч цаанаа ямар асуудал үүсч байна вэ гэвэл хууль эрх зүйн асуудал уялдаагүй, хийдэлтэй байна. Тухайлбал, 2013 онд хөрөнгө оруулалтын тухай хууль баталсан. Тэгснээр гадны хөрөнгө оруулалт манай улсад маш их хийгдсэн. Ингэснээр Монгол Улсын хамгийн таатай татварын бүс нутаг болно гэж үзсэн. Гэвч манай улсад хөрөнгө оруулалт нэмэгдээгүй. Харин ч буурсан. 2012 онд Монгол Улсад жилд 4.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн бол 2016 оны зургаадугаар сарын байдлаар 35 сая ам.доллар болсон байна. Үндсэндээ хөрөнгө оруулалт 100 гаруй дахин буурсан гэсэн үг. Тэгэхэд бид 2013 онд хөрөнгө оруулалтын маш сайн хууль баталсан гэж яриад байдаг. Гагцхүү тэр сайн хууль маань яагаад хэрэгжсэнгүй вэ. Учир нь энэ хууль хоорондын уялдаа байхгүйтэй холбоотой. Хөрөнгө оруулалтын маш сайн хуультай атлаа хуулийг хэрэгжүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлээгүй байна. Үүнтэй холбоотой гаалийн татварын хууль, НӨАТ-ын тухай хуультай холбогдох хөрөнгө оруулалтын хууль ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн үндсэн механизмын зохицуулалт хийж өгөөгүй байна. Үүнээс болж хөрөнгө оруулалтын тухай хууль, татварын тухай хууль хоёр нь аль алинтайгаа нийцэж ажиллаж чаддаггүй. Энэ шалтгаанаар би тодорхой хуулийг өөрчлөх асуудал ярина. Гэтэл хуулиас гадна хуулийг давсан тодорхой дүрэм, журам байдаг. Үүнийг ч шийдэх ёстой. Өнөөдөр Монгол Улсад 1400 орчим тусгай зөвшөөрлийг олгосон. Энэ зөвшөөрөл нь эргээд хүнд суртал, баялаг бүтээгч, хөрөнгө оруулагчийг дарамтлах суурь болдог юм байна. Эдгээрийг манай ажлын хэсэг хянаад үзэхээр эхний хугацаанд 100 гаруй захиргааны хэм хэмжээг хүчингүй болгож байна. Цаашлаад дээрх 1400 орчим тусгай зөвшөөрлийг УИХ-аар зөвшөөрлийн тухай хууль батлуулж байж хуулиас давсан журам баталдаггүй, тодорхой хуулиар тодорхой тусгай зөвшөөрлийг олгодог болох юм байна гэж үзсэн. Дараагийн асуудал бол төрийн албан хаагчдын ёс зүй, ухамсартай холбоотой асуудал хаягдсан байна. Төрд ажиллаж байгаа хүн өнөөдөр хуулиа зохих ёсоор биелүүлж байна уу, үгүй юу. Ард түмнийхээ төлөө хөнгөн шуурхай ажиллаж чадаж байна уу, чадахгүй байна уу. Хэрвээ чадахгүй байвал ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэдэг нь хуулинд орхигдчихож.

-Цэгцлэх ёстой бас нэг асуудал байна. Бидний мэддэг “Чингис бонд”-ын санхүүгийн тэн хагас нь зөрчилтэй болоод урсаад явчихсан гэсэн тайлан гарсан. Танай яаманд дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг шалгасан байна билээ. Нөгөө талаас таныг “Хөгжлийн банк”-наас зээл авсан гэсэн мэдээлэл гарсан. Үүнд та хариулт өгөхгүй юу?

-2015 онд “Хөгжлийн банк”-ийг шалгах ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ахалсан юм. Тэр үед бид дээрх банкийг шалгах ёстой, асуудал ярих ёстой гэдэгт бат зогсож байсан. Мөн шалгасан. Тэр үеэс л УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Н.Номтойбаяр нарын зэрэг хүнийг хамруулсан. Миний хувьд тухайн үед Авлигатай тэмцэх газар, хууль хяналтын байгууллагад шалгуулаад нэг ч төгрөгийн зээл аваагүй гэдгээ тогтоолгосон. Үүнийгээ би сонгуулийн өмнө олон түмний өмнө гаргаж танилцуулж байсан. Гэхдээ тухайн үед миний хувь эзэмшдэг компаниуд тодорхой хэмжээний санхүүжилт аваад улс орны бүтээн байгуулалтад оролцсон байдаг. Энэ бол байдаг л асуудал. Гэтэл үүнийг мушгин гуйвуулж байсан. Сая шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг гарсан. “Хөгжлийн банк”-ны хөрөнгө татаж эх үүсвэр бүрдүүлсэн асуудал болон санхүүжилт, зээл нь хууль дүрмийн дагуу явж уу гэдгийг шалгасан. Энэ хүрээнд 1.3 их наяд төгрөгийн зөрчил гарсан. Үүнийг цаашид салбар салбараар нь тавина. Учир нь яамд нь нягталж, үр өгөөжөө өгч үү гэдгийг хянана.

-Танай яамны бас нэг хуулийн зөрчил олны анхаарлыг нэлээн татлаа. Тодруулбал,  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль. Гэтэл татаад авах үед нь “Нөхөртөө зодуулсан эмэгтэй нас барлаа” гэж цахим ертөнцөөр шуугисан. Харин одоо УИХ-д эргэн өргөн баригдсан байгаа. Тэр чухам ямар хууль болж батлагдав. Үнэхээр гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоож чадах уу?

-Энэ хууль бол маш чухал. Үүнийг өмнөх УИХ баталсан байсан. Харин сая эрүү зөрчлийн хуулийг долоодугаар сарын 1 болгон хойшлуулсан. Дээрээс нь өмнөх УИХ-ын процетуруудын алдаатай холбоотойгоор дээрх хуультай хамт эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, хууль сахиулах тухай хууль зэрэг таван хуулийг УИХ-аас буцаасан. Эдгээрээс нэн тэргүүнд авч үзэж, ажил болгох нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль юм гээд өнгөрсөн есдүгээр сард болсон ээлжит бус чуулганаар өргөн барьсан. Одоо УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллаж байна. Энэ хуулиараа бид гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлыг цогцоор нь шийдэх бололцоог бүрдүүлж өгч чадна. Өмнө нь хэн нэгнийг зөрчлийн хэмжээнд үзээд захиргааны арга хэмжээ авч өнгөрдөг байсан бол одоо эрүүгийн хариуцлага хүлээлгээд гурван сар хүртэлх хугацаанд баривчлах, хоёр жил хүртэлх хугацаагаар ял эдлүүлэхээр заасан байгаа. Мөн тэр хүчирхийлэл үйлдэгдэж байхыг харсан хэн нэгэн хараагүй юм шиг өнгөрсөн байвал бас хариуцлага хүлээнэ.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт танай яаманд харьяалагдсан ямар заалт байна вэ. Түүнчлэн төрийн албан хаагчдын халаа сэлгээ их явагдаж байгаад та ямар бодолтой явдаг вэ?

-Манай яамны хувьд айхтар халаа сэлгээ хийгээгүй. Яам дотроо л нааш, цааш солигдсон цөөхөн хүн бий. Манай яам 100 гаруй албан хаагчтай. Өмнө нь манай яам зургаан газартай, хоёр хэлтэст ажиллаж байсан бол өнөөдөр бүтцийг өөрчлөхдөө таван газартай, хоёр хэлтэстэй болгож цөөлсөн. Яаманд насаараа ажилласан хүмүүс ч томилогдсон байгаа. Манай яамны онцлог нь төрийн тусгай албан хаагч, хууль тогтоох байгууллагынхан байдаг. Тодруулбал, Цагдаа, Хилийн цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Хууль сахиулах их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Оюуны өмч улсын бүртгэлийн газар гэх мэт. Тиймээс үүнд тусгай мэргэшсэн төрийн тусгай албан хаагч ажиллах ёстой. Мөрийн хөтөлбөрийн тухайд ярихад Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр таван үндсэн бүлэгтэй. Тэр дотор засаглалын бүлэг гэдэгт төрийн албыг тогтвортой ажиллуулах, төрийн албан хаагчдыг ёс зүйтэй байлгах гээд заалт орсон. Гэхдээ энэ цомхон байх ёстой. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Хууль зүй, дотоод хэргийн яам ажиллана. Нөгөө талаар хууль хэрэгждэг, хуулийг хэрэгжүүлдэг байх талд анхаарч ажиллана. Үүнээс гадна орхигдоод байгаа эдийн засаг бизнесийн орчныг сайжруулах, аж ахуй, баялаг бүтээгчдийг дэмжих талд хууль эрхзүйн орчныг сайжруулах шаардлага байна. Хууль хүн бүрт тэгш үйлчилж, хүмүүс айдасгүй, дарамтгүй ажиллах ёстой.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

С.Бямбацогт: Хууль хүн бүрт тэгш үйлчилж, хүмүүс айдасгүй, дарамтгүй ажиллах ёстой  
Үзсэн: 711 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй