БНСУ-д галын машины зам хаасан тээврийн хэрэгслийг эзэнтэй нь холбогдохгүй тохиолдолд шууд хүч хэрэглэн зайлуулах журам хэрэгжиж эхэлсэн нь олон нийтийн дэмжлэгийг авч байна.
Тус улсын гал түймэртэй тэмцэх байгууллагууд яаралтай дуудлагын үед зам хаасан автомашины эзэнтэй утсаар холбогдох, зарлан мэдэгдэх зэрэг шат дараалсан арга хэмжээ авдаг байсан. Харин эзэн нь утсаа авахгүй, хугацаа алдах нөхцөл үүсвэл галын машин тухайн тээврийн хэрэгслийг түлхэх, мөргөж зайлуулах, шаардлагатай бол цонхыг нь хагалж чирэх хүртэл арга хэмжээ авах эрхтэй болсон байна.
Энэхүү журам нь галын машин саатсанаас болж гал түймэр унтраах ажиллагаа удааширч, амь нас, эд хөрөнгийн хохирол нэмэгдсэн хэд хэдэн тохиолдлын дараа батлагджээ. Албаныхны мэдээлснээр, яаралтай тусламжийн үед минут бүр хүний амь насанд нөлөөлөх боломжтой тул зам чөлөөлөх ажиллагааг хүлээлгүй шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн аж.

Шинэ журмын дагуу галын машины ажиллагаанд саад учруулсан автомашины эвдрэл, гэмтэлд улсын байгууллага хариуцлага хүлээхгүй бөгөөд учирсан хохирлыг тухайн тээврийн хэрэгслийн эзэн өөрөө барагдуулах зохицуулалт үйлчилж байгаа юм.
Мөн галын машины зам хаасан тохиолдолд торгууль ногдуулах бөгөөд давтан зөрчил гаргасан иргэдэд илүү өндөр хариуцлага тооцох боломжтой аж.
БНСУ-д хэрэгжиж буй энэхүү арга хэмжээ нь гал түймрийн үед шуурхай ажиллагааг хангах, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах зорилготой бөгөөд замын соёлд эерэг нөлөө үзүүлж эхэлсэн гэж албаныхан үзэж байна.
| БНСУ-д галын машины зам хаасан тээврийн хэрэгслийг шууд хүчээр зайлуулдаг болжээ | ||
| Үзсэн: 196 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.