Шууд Chart

Монгол Улсад "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв" ашиглалтад орлоо

2026-04-10 17:54:19

Монгол Улсад галт тэрэгний хөдөлгөөнийг нэгдсэн удирдлага, хяналтад шилжүүлэх зорилготой “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв”-ийн нээлт өнөөдөр боллоо.

Төслийг Зам, тээврийн яам, Сангийн яам болон БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран хэрэгжүүлсэн бөгөөд талууд 2021 онд төслийн хэлэлцээрийн протоколыг анх байгуулсан юм.

Төслийн хүрээнд барилгын зураг төслийг 2022-2023 онд боловсруулж, барилга угсралтын ажлыг 2024 оны 3 дугаар сард эхлүүлэн 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулаад байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан оролцож, галт тэрэгний хөдөлгөөнийг нэгдсэн удирдлага, орчин үеийн технологид суурилан зохицуулах нь салбарын аюулгүй байдал, үр ашиг, шуурхай ажиллагааг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 73 дугаар тогтоолоор төмөр замын салбарын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангуулах, галт тэрэгний хөдөлгөөнийг нэгдсэн удирдлагаар хангах, суурь бүтэц хооронд тээврийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрыг байгуулсан.

Цаашид Төмөр замын газрын үйл ажиллагаагаар дамжуулан, Монгол Улсын галт тэрэгний хөдөлгөөнийг хянах, удирдах, зохион байгуулах үйл ажиллагааг өндөр дэвшилтэт техник, технологийн тусламжтай хэрэгжүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх талаар Засгийн газар, ЗТЯ-ны зүгээс шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.

Мөн БНСУ, Монгол Улсын зам тээврийн салбарын хамтын ажиллагаа зөвхөн төмөр замаар хязгаарлагдахгүй, авто тээвэр, агаарын тээвэр, логистикийн салбарт улам бүр өргөжин тэлж, авто замын удирдлагын ухаалаг систем нэвтрүүлэх, агаарын тээврийн либералчилал болон логистикийн төвүүдийг байгуулах чиглэлээр олон чухал төсөл, санал санаачлагыг хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгаад талархал илэрхийлэв.

Төслийн захиалагчаар ЗТЯ, хэрэгжүүлэгчээр Төмөр замын газар ажилласан бөгөөд санхүүжилтийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хариуцжээ. Барилгын зураг төслийг “Эм Эс Эл “ХХК, захиалагчийн хяналтыг “КАН” ХХК, барилга угсралтын ажлыг “Мандалт констракшн” ХХК болон 100 гаруй инженер, техникийн ажилтнууд хийж гүйцэтгэсэн байна.

Нээлтийн ёслолд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Чой Жин Вон, Олон улсын байгууллагын төлөөлөгчид, Төмөр замын газар, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдлагууд оролцож, тус төвийн барилгын бүтэц, зохион байгуулалттай танилцлаа.

Тус төв ашиглалтад орсноор Монгол Улсад анх удаа галт тэрэгний төвлөрсөн хяналтын систем, хөдөлгөөнийг бодит цагийн горимоор хянах туршилтын систем, аюулгүй байдлын нэгдсэн хяналтын шийдлүүдийг нэвтрүүлж байна.

Ингэснээр Сайншанд, Сүхбаатар, Улаанбаатар-2 зэрэг стратегийн чухал өртөөнүүдэд RFID болон CCTV технологид суурилсан хяналтыг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.


Монгол Улсад "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв" ашиглалтад орлоо  
Үзсэн: 117 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй