ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведевийн БНХАУ-д хийх хоёр өдрийн албан ёсны айлчлал өчигдөр эхэлсэн. Энэ айлчлалын хүрээнд талууд эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай хэд хэдэн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.
Тэрбээр өчигдөр БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхаж, хоёр орны Засгийн газар хоорондын комиссын 22 дахь удаагийн уулзалтад оролцсон. Өнөөдөр Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцянтай яриа хэлэлцээ хийлээ. Энэ үеэр сайд Ли Көцян хоёр орны харилцаа нягт, өндөр түвшинд байгааг дурдаад цаашдаа ОХУ-тай харилцлан итгэлцлээ бэхжүүлж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн тэлж, дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хангаж ажиллахад Хятадын тал бэлэн гэдгээ илэрхийллээ.
ОХУ-ын Засгийн газрын тэргүүний энэ удаагийн айлчлалаар худалдаа, эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн харилцаагаа улам илүү хөгжүүлэх талаар Хятадын талтай ярилцлаа. Үүнээс гадна ОХУ-ын хувьд БНХАУ-ын Коммунист намын 19-р их хурлын үр дүнгээс хуваалцаж, эдийн засгаа тогтвортой хөгжүүлэхээр төлөвлөж байгаа Хятад түншүүдийнхээ туршлагыг сонирхож байгаа гэдгийг ОХУ-ын Засгийн газрын эх сурвалж онцолсон байна.
Үүнээс гадна ОХУ-ын "Новатек", БНХАУ-ын "Ардын банк" хооронд харилцан ойлголцлын санамж бичиг, Арктик Эл Эн Жи-2 төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцээр, Новатек, Хятадын үндэсний нефтийн корпораци хоорондын стратегийн хамтын ажиллагааны гэрээ зэргийг тус тус байгуулах юм байна.
Түүнчлэн ОХУ, БНХАУ хоёр 2018-2022 оны хооронд сансар огторгуйд хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөрийг батлаж, банкууд хооронд зээлийн хэлэлцээр байгуулахаар төлөвлөжээ.
ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев Ерөнхийлөгч болон Засгийн газрын тэргүүнээр ажиллах хугацаандаа БНХАУ-д албан ёсны болон олон улсын хуралд оролцох зорилгоор нийт таван удаа айлчилж байжээ. ОХУ-ын Ерөнхий сайдын айлчлал өнөөдөр өндөрлөнө.
| ОХУ-ын Ерөнхий сайдын БНХАУ-д хийж буй айлчлал үргэлжилж байна | ||
| Үзсэн: 598 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.