АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын энэ сарын эхээр Ази, Номхон далайн орнуудаар хийх анхны айлчлалын талаар "Цагаан ордон" дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна.
Ерөнхийлөгч Трамп 12 хоногийн хугацаанд олон орноор урт хугацаанд айлчлах нь энэ бүс нутаг АНУ-ын гадаад бодлогод маш чухал гэдгийг нотолж байна. Дональд Трамп айлчлалынхаа хүрээнд хоёр Солонгосын хилийн цэрэггүй бүсэд зочилж, Вьетнамд болох АПЕК-ын чуулга уулзалтын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзалт хийж магадгүй тухай мэдээлж байсан ч, "Цагаан ордон"-оос энэ бүсэд айлчлахгүй гэж мэдэгдлээ.
Айлчлахгүй шалтгааныг Ерөнхийлөгчийн айлчлалын давчуу хөтөлбөртэй холбон тайлбарлаж байна. Харин тэрбээр Сөүл хотоос холгүйхэн орших царгийн баазад зочилно гэж мэдээлж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Япон, Өмнөд Солонгос, БНХАУ, Вьетнам, Филиппин зэрэг орноор 12 хоногийн хугацаанд айлчлахаар төлөвлөж байгаа юм. Тэрбээр Сөүл, Бээжинд төрийн айлчлал хийнэ. Тодруулбал, Сөүл, Токио, Бээжинд тэргүүн хатагтай Мелания Трампын хамтаар айлчлах юм байна.
Сөүлд айлчлахдаа Ерөнхийлөгч Трамп БНСУ-ын Үндэсний ассамбпэйд үг хэлнэ. Мөн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч АНУ-ын Ерөнхийлөгчийг АНУ-ын цэргийн баазаар зочлохыг урьсан байна. Ерөнхийлөгч Трампын Бээжинд хийх төрийн айлчлал олон улсын анхаарлыг хамгийн их татаж байна. АНУ-ын хувьд энэ төрийн айлчлалын хүрээнд Умард Солонгосын цөмийн зэвсгийн бодлогод БНХАУ-ын нөлөөг оруулах, БНХАУ-тай хийдэг худалдааны харилцааг тэнцвэржүүлэх чиглэлд гол анхаарлаа хандуулах болов уу гэж ажиглагчид харж байна.
Ерөнхийлөгч Трамп Бээжинд айлчлахдаа Умард Солонгост БНХАУ-ыг нөлөөгөө үзүүлэхэд түлхэц өгнө. Мөн худалдааны маргааныг цэглэхэд анхаарна, ер нь Бээжингийн байр суурь өөрчлөгдөх нь Пхеньяныг цөмийн зэвсгээр хөөцөлдөх бодлогоос нь ухраахад дэмжлэг болно гэж "Цагаан ордон"-оос мэдэгджээ.
Үндсэндээ цөмийн болон пуужингийн хөтөлбөр хэрэгжүүлснийх нь төлөө Умард Солонгосыг тусгаарлах нь Трампын урт хугацааны айлчлалын гол зорилт гэдгийг ажиглагчид тэмдэглэж байна. БНХАУ нь Умард Солонгосын гол холбоотон төдийгүй Умардын худалдааны 90 гаруй хувийг бүрдүүлдэг. БНХАУ-ын Засгийн газар Умард Солонгосоос нүүрс, хувцас, далайн гаралтай бүтээгдэхүүн авахыг хориглож, Умард руу нийлүүлдэг газрын тосны нийлүүлэлтээ хязгаарлах замаар НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн хоригийг дагаж мөрдөнө гэсэн байр суурьтай байна.
Харин АНУ-ын хувьд Хятадын энэ чармайлтыг хангалтгүй гэж үзээд, Трампын айлчлалаар Хятадыг Умардын эсрэг илүү хатуу байр сууринд хүргэхийг зорьж байна. Дональд Трампын Азийн орнуудад хийх гэж байгаа энэ удаагийн айлчлал энэ сарын 5-нд Япон улсад айлчлах хоёр өдрийн айлчлалаар эхэлнэ.
| АНУ-ын Ерөнхийлөгч хоёр Солонгосын хилийн цэрэггүй бүсэд айлчлал хийхгүй | ||
| Үзсэн: 1273 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.