Шууд Chart

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөө 4 эмэгтэй илэрхийлээд байна

2017-11-02 15:25:10

Ирэх онд ОХУ-д  болох  Ерөнхийлөгчийн  сонгуульд  нэр  дэвшин  өрсөлдөх хүсэлтэй байгаагаа  илэрхийлэгчдийн тоо нэмэгдсээр  байна. Тэр дундаа  одоогийн  төрийн тэргүүн  Владимир  Путинтэй  өрсөлдөхөө илэрхийлэгчдийн дотор  эмэгтэй  улс  төр, нийгмийн зүтгэлтнүүд  урьд  өмнөхөөсөө ч их байна.  Өчигдөр л гэхэд  2  улс төрч, нийгмийн зүтгэлтэн Ерөнхийлөгчийн суудлын төлөө  өрсөлдөх  хүсэлтэй  байгаагаа илэрхийллээ.

Тэдний нэг нь  Женский  диалог намын тэргүүн  Елена Семерикова  юм.  Тэрээр  бусад  эмэгтэй нэр дэвшигчдээс  илүүтэйгээр  Орос эмэгтэйчүүдийн   ашиг  сонирхлыг  хамгаалж,  төлөөлж  чадна гэдгээ  мэдэгдсэн юм. гэхдээ  тус нам  энэ  асуудлаар  зөвлөлдөх уулзалтуудаа  хийж байгааг тэрээр мэдэгдээд энэ  сарын дундуур  болох  намын их хурлаас  нэр дэвшигчийг эцэслэн  тодруулна гэдгийг  нэмж  хэлсэн  байна.  Түүнчлэн  хэрэв   ирэх  13 ны  эхчүүдийн өдрөөр болох намын их хурлаас түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр  сонговол  одоогийн төрийн тэргүүн Владимир Путины төлөө  кампанит  ажлаа  зориулах болно гэдгээ  мэдэгдээд  байна. 

Мөн өчигдөр Үндэсний эцэг эхчүүдийн хорооны дарга Ирина  Волынец мөн 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд  өрсөлдөхөөр шийдвэрлээд  байгаагаа зарлаад  байна. Тус байгууллагаас  ийм шийдвэр гаргасныг  тэрээр мэдэгдсэн. Мөн сонгуульд өрсөлдөхөд нь шаардагдах хөтөлбөр концепци  Үндэсний эцэг  эхчүүдийн  хороонд  байгааг  боловсронгуй  болгох,  нийгмийн  асуудлуудад  онцгой  анхаарлаа хандуулахаа  амалж  байна.  ОХУ-ын  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөө  эмэгтэйчүүдээс хамгийн түрүүнд  хөтлөгч  Ксения  Собчак  зарласан.  Тэрээр  сонгуулийн  штабаа  эмхлэн байгуулсан, гэвч энэ штабт нь  хэдийнэ хагарал  үүсч эхэлсэн тухай мэдээллүүд ар араасаа цуварч байна. Тодруулбал 1996 онд  Борис  Ельцины  сонгуулийн кампанид оролцож байсан политтехнолог Алексей Ситников Собчакийн штабыг удирдаж байсан боловч  өнгөрсөн даваа гаригаас  түүний  баг  нэр  дэвшигчээ  орхин  явсан гэсэн мэдээлэл ирж  байна. 

Оросын  төрийн  тэргүүний  суудлын  төлөө  өрсөлдөхөө илэрхийлж  буй  өөр нэг эмэгтэй  нь сэтгүүлч Екатерина  Гордон юм. Үүний  тулд  тэрээр   сонгуулийн өмнөх кампанидаа зориулсан тусгай  сайт хүртэл   нээгээд  байгаагаа зарласан.  Гэвч  түүний   энэ  мэдэгдлийг  нааштайгаар хүлээн  авч  байгаа нь цөөн байна. Ихэнх нь олон нийтэд өөрийгөө алдаршуулах гэсэн алхам хэмээн түүний  мэдэгдлийг  дүгнэж  байна.  ОХУ-ын  Ерөнхийлөгчийн  сонгууль  ирэх оны  3-р сарын 18 ны  өдөр болно. 

Тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай Холбооны хуулийн дагуу  төрийн тэргүүний  суудалд нэр дэвшигчид  35 аас нээш  настай ОХУ-ын  иргэн байх, ОХУ-д  хамгийн багадаа 10 жил амьдарсан байх ёстой гэсэн гол шалгуур үзүүлэлтийг хангасан байх  ёстой.  Сонгуульд  нэр дэвшигчдийг  бүртгэх албан  ёсны хугацаа ирэх оны  1-р сарын 6  наас  эхэлнэ. Одоогоор улс төр, нийгмийн зүтгэлтэн эмэгтэйчүүдээс гадна Яблока намыг үндэслэгч Григорий Явлинский, Либерал Ардчилсан намын тэргүүн Жириновский, Коммунист намын  дарга Максим Сурайкин нар Ерөнхийлөгчийн  сонгуульд нэр дэвшин өрсөлдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөө 4 эмэгтэй илэрхийлээд байна  
Үзсэн: 1224 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй