Шууд Chart

Сингапур улс АСЕАН-ыг тэргүүлэх эрхээ албан ёсоор хүлээн авлаа

2017-11-16 11:19:56

Зүүн  өмнөд  Азийн орнуудын  ассоциац  буюу АСЕАН-ы  дээд хэмжээний  уулзалт  өндөрлөлөө. Манила  хотод  2 өдөр болсон  энэ уулзалт өчигдөр орой  Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте хэвлэлийн  бага хурал хийлгэснээр  өндөрлөсөн  юм. Тэрээр энэ үеэр  АСЕАН-ы  31 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг  танилцуулсан. Мөн  дээд  уулзалт ийнхүү өндөрлөсний  дараа  Филиппин улс Сингапурт АСЕАН-ыг ирэх оны эхний өдрөөс эхлэн тэргүүлэх эрхийг  ёслол төгөлдөр шилжүүлэн өглөө.

Энэ удаагийн дээд уулзалтаар АСЕАН-ы  шинэ Ерөнхий нарийн бичгийн даргыг  тодруулсан.  Энэ дагуу ирэх  оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн АСЕАН-ы  Ерөнхий нарийн бичгийн даргаар  Бруней  улсын  гадаад хэрэг, худалдааны сайдын  орлогч Лим Жок Хой ажиллахаар  болоод  байна. Манил  хотод  болсон 31 дэх удаагийн  дээд уулзалтын гол  үр  дүн  нь  цагаач  ажилчдын  эрхийг  хамгаалах тухай гэрээнд  гарын үсэг зурсан  явдал  байлаа гэж  АСЕАН-ы  гишүүн орнуудын удирдагчид үнэлж  байна. Энэ гэрээнд  цагаач  ажилчдыг  үндэс угсаа, хүйсээр нь ялгаварлахгүй шударгаар хандах, гэр бүлийн  гишүүдээ  урьж  тухайн  ажиллаж байгаа улсдаа  авчрах эрх олгох,  хүчирхийлэл, бэлгийн  боолчлолоос  хамгаалах, паспортыг  нь  хураахыг  хориглох заалтууд  багтжээ.

Энэхүү гэрээ нь АСЕАН-ы хүрээнд баталсан баримт бичгүүдийн адилаар  заавал  биелүүлэх үүрэг хүлээлгэхгүй ч гишүүн орнуудын хууль тогтоомжоос  хэрэгжилт нь  хамаарах  юм. Үүний зэрэгцээ АСЕАН-ы  дээд уулзалтын үр дүнд  Өмнөд Хятадын  тэнгис дэх  ёс зүйн  дүрмийг  боловсруулж батлах яриа хэлэлцээг эхлүүлэх  тохиролцоонд  АСЕАН-Хятад  хүрээд  байгааг зарласан явдал орж  байна. Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян ёс зүйн дүрэм бүс нутгийн  хурцадмал байдлыг намжаах  гол  хүчин зүйл  болно гэдэгт  итгэлтэй  байгаагаа илэрхийлсэн юм. Филиппиний албаныхан энэ  яриа хэлэлцээг ирэх онд эхлүүлэх юм.

Мөн  Филиппиний Ерөнхийлөгч  Өмнөд  Хятадын  тэнгисийг тойрсон маргаантай асуудлаас болж нэг ч улс орон дайн эхлүүлэх  ёсгүй. Филиппин  Хятадтай нөхөрсөг харилцаатай байх замыг сонгож  байгааг онцлон мэдэгдсэн юм. Зүүн Өмнөд Азийн дээд уулзалтаар аюулгүй байдлын  асуудал  уламжлал ёсоор  онцгойлон хөндөгдсөн. Тэр дундаа терроризмтой тэмцэх  сэдвийг  илүүтэйгээр хөндөж хэлэлцлээ. Энэ хүрээнд АСЕАН-ы орнууд Хятад, АНУ тэргүүтэй  түншүүдтэйгээ  террорист  бүлэглэлүүдийн эсрэг  хийх  тэмцэлд хамтрахаар  тохиролцсон  байна. Мөн Умард Солонгосын цөмийн  болон пуужингийн туршилт  энэ  дээд  уулзалтаар хэлэлцсэн бас нэгэн гол сэдэв  байлаа. АСЕАН-ы гишүүн орнуудын удирдагчид Умард Солонгосыг  цөмийн  болон пуужингийн хөтөлбөрөөс нь татгалзуулахын  тулд  бүх  аргаар   дээд зэргээр шахалт дарамт   үзүүлэх  ёстой  гэдэгтэй  санал нэг  байгаагаа илэрхийлцгээж  байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сингапур улс АСЕАН-ыг тэргүүлэх эрхээ албан ёсоор хүлээн авлаа  
Үзсэн: 2157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй