Цэргийнхэн Зимбабве улсын парламентын ордон, төрийн мэдлийн Зед Би си телекомпани, нийслэл дэх засаг захиргааны байруудыг эзлэн аваад байгаа. Гэхдээ цэрэг армийн төлөөлөгч, "Цэргийн эргэлт хийгээгүй, ерөнхийлөгч Роберт Мугабе болон гэр бүлийнхнийх нь амь нас, аюулгүй байдлыг нь хангаж байна" хэмээн мэдэгджээ. Мөн түүнчлэн цэргийнхэн ерөнхийлөгч Мугабег тойрон хүрээлсэн гэмт хэрэгтнүүдийн эсрэг тэмцэж байгааг мэдэгдсэн байна.
Гэвч Зимбабве улсын нийслэл хотод буун дуу, дэлбэрэлт болох чимээ сонсогдож байна, цэргийн анги нэгтгэлүүдээс хуягт техникүүдийн цуваа нийслэл хотыг чиглэн хөдлөн явж байна гэсэн мэдээллүүд ирж байгаатай холбоотойгоор цэргийнхэн төрийн эргэлт хийлээ гэсэн таамаглал хэвлэлүүдэд зонхилж байна. Өнөөдөр тус улсад үүсээд байгаа хурцадмал нөхцөл байдал энэ сарын эхээр ерөнхийлөгч Мугабе төрийн тэргүүний халааг нь авах магадлалтайд тооцогдож байсан, цэргийнхний өргөн дэмжлэг авдаг Эммерсон Мнангагваг огцруулснаас үүдэлтэй гэж хэвлэлүүд дамжуулж байна. Мөн Мнангагваг эрх баригч намын эгнээнээс хөөсөн. Ажиглагчид Мнангагваг огцруулсан Мугабе ерөнхийлөгчийн шийдвэрийг гэр бүлийн хүн болох Грейсээ төрийн тэргүүн болох боломжоор хангахын тулд дэд ерөнхийлөгчөөр томилох санаархалтай нь холбоотой гэж харж байгаа юм. Мугабе нь өдгөө 93 настай. Тэрээр засгийн газрын тэргүүн, ерөнхийлөгч гээд нийтдээ 37 жилийн турш Зимбабве улсыг удирдаж байгаа юм. Харин дэлхийн хамгийн өндөр настай төрийн тэргүүн түүний эхнэр Грейс 52 настай бөгөөд эрх баригч залуучуудын жигүүрийнхэн түүнийг ихээр дэмждэг.
2014 онд Зимбабвейн өөр нэг дэд ерөнхийлөгч Жои Муджуруг огцруулсны ард Мугабегийн гэргий байдаг гэсэн сэжиг таамаг ч байдаг юм. Мнангагбаг дэд ерөнхийлөгчөөс огцруулсантай холбоотойгоор армийн Ерөнхий штабын тэргүүн Константин Чивенга өнгөрсөн даваа гарагт Ерөнхийлөгчид хандаж эрх баригч намдаа шударга бус цэвэрлэгээ хийхээ зогсоохыг шаардсан юм. Харин тус улсын Африкийн үндэсний намынхан буюу эрх баригч намынхан түүний цэргийнхэн улс төрд орж намын дотоодод болж байгаа хууль бус үйлдлүүдэд шийдвэртэй хариу өгөхөд бэлэн гэснийг нь эрс шүүмжилж байсан юм. Ийнхүү тус улсын нийслэл хотод тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байна.
Цэргийнхэн байлдааны зэвсэг техникээ нийслэлд төвлөрүүлээд байгаатай холбоотойгоор зарим улс орнуудын дипломат төлөөлөгчийн газрууд иргэддээ хандаж орон гэрээсээ гарахгүй байхыг, аюулгүй байдалдаа онцгой анхаарахыг зөвлөж байна. Их Британи, АНУ-ын элчин сайдын яамнаас ийм анхааруулгыг иргэддээ өгч байна. Мөн Америкийн элчин сайдын яамнаас тайван жагсаал цуглаан ч эмх замбараагүй байдалд хүргэж болзошгүй тул олон хүн цугласан газраас хол байхыг анхааруулжээ. Үүний зэрэгцээ шаардлагатай тохиолдолд холбоо барих тусгай утас нээгээд байгаагаа мэдээлсэн юм.
| Зимбабвед байгаа гадаадын иргэдийг орон гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна | ||
| Үзсэн: 961 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.