НҮБ-ын Ерөнхий ассамблейн тусгай хороо Иран, Умард Солонгос, Сирид хүний эрх зөрчигдөж байгааг шүүмжилсэн тогтоолын төслийг дэмжин батлаад байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн III хороо жил бүр энэ асуудлыг хэлэлцдэг бөгөөд Умард Солонгостой холбоотой тогтоолыг санал хураалт явуулалгүйгээр баталсан байна. Харин Иран дахь хүний эрхийн асуудалтай холбоотой тогтоолыг 83 орон дэмжиж, 30 орон эсэргүүцсэн байна. Сири дэх хүний эрхийн асуудалтай холбоотой тогтоолын төслийг 108 гишүүн орны дэмжлэгтэйгээр баталжээ. 17 орон эсэргүүцсэний дотор ОХУ, Хятад улсууд багтаж байгаа аж.
Умард Солонгостой холбоотой тогтоолд тус улсад удаан хугацааны туршид хүний эрхийг ноцтойгоор, бүдүүлгээр, системтэйгээр зөрчиж ирснийг шүүмжиллээ. Мөн хүний эрхийн зарим зөрчлийг нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж ангилж болохоор байна гэсэн тусгай хорооны дүгнэлтийг багтаасан байна. Харин Иранд хүний эрхийг хангах асуудлаарх тогтоолын төслийг эсэргүүцэгчдийн дотор ОХУ, Хятад, Умард Солонгос улсууд багтсан байсны дээр 68 орон түдгэлзсэн санал өгсөн юм. энэ тогтоолд Иранд хандсанд шашин, гарал үүслээр нь хүмүүсийг ялгаварлан гадуурхахаа зогсоох уриалга багтсан байлаа.
Мөн хорих газруудын нөхцөл муу байгааг, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэггүй, цаазаар авах ялыг ихээр гүйцэтгэдэг зэргийг нь онцолсон байна. Харин Сирийн тогтоолд тус улсад хүний эрх, олон улсын хүмүүнлэгийн хэм хэмжээг системтэйгээр зөрчиж байгааг нь дурджээ. Мөн энэ тогтоолд энэ оны дөрөвдүгээр сард Хан Шейхун хотод химийн зэвсэг ашигласан хэрэг гарсныг ч тэмдэглэсэн байлаа. НҮБ-ын Ерөнхий ассамблейн нийгэм, хүмүүнлэг, соёлын асуудал эрхэлсэн 3р хорооны дэмжлэг авсан энэ тогтоолуудыг одоо Ерөнхий ассамблейн нэгдсэн чуулганд оруулж батлуулах юм.
| Иран, Умард Солонгос, Сирид хүний эрх зөрчигдөж байгааг шүүмжилсэн тогтоол баталлаа | ||
| Үзсэн: 1357 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.