Шууд Chart

Феррари компанийн 70 жилийн ойд зориулсан музей Лондон хотод нээгдлээ

2017-11-16 12:30:46

Италийн төдийгүй дэлхийд алдартай автомашины томоохон үйлдвэрлэгч Феррари компанийн 70 жилийн ой энэ онд тохиож байна. 1947 оны 3-р сарын 12 нд буюу 70 жилийн өмнө автомашин үйлдвэрлэгч Феррари компани анхныхаа машины хөдөлгүүрийг асааснаар, тус компанийн түүх эхэлжээ. Ферраригийн үйлдвэрлэсэн хамгийн эхний автомашин нь 1947 онд үйлдвэрлэсэн Феррари 125 С спорт загвар бөгөөд 1,5 литрийн багтаамжтай 12 цилиндр бүхий хөдөлгүүртэй тэрэг байв. Феррари тухайн үедээ уралдааны автомашиныг жишээ нь Милле Миглиад оролцож буй багуудад худалдан мөнгө олох зорилготойгоор үйлдвэрлэжээ.

Мөн дэлхий дахинд өөрийн сүр хүч, тансаг хэлбэрийн загвараа ганцхан эмблемээр таниулсан шар өнгийн дэвсгэр дээр давхиж буй Азарга тэр үеэс эхлэн төрөн гарсан байна. Феррари бол Италийн спорт загварын болон Формула нэгийн уралдааны авто хөлөг үйлдвэрлэгч хувьцаат компани юм. Энэ компанийн захиргааны төв байр нь Маранелло хотод байдаг юм. Анх уралдааны автомашины жолооч байсан Энцо Феррари тус компанийг 1947 онд үүсгэн байгуулж өөрийн нэрээр түүхэнд бичиж Ферраригийн түүхийн эхлэлийг тавьжээ. Хурд хүчний гайхамшиг гэдгээрээ алдарт Феррари компанийн 70 жилийн ойн баяраа, нийтээ 60 оронд тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа ажлуудаас хамгийн онц сонирхолтой хэд хэд үйл ажиллагаа бол Испанид нээгдсэн Порт Авентура соёл амралтын цогцолбор, мөн өнгөрсөн 9-р сард Маранелло хотод зохион байгуулагдсан Ферраригийн Аперта загвар нь супер автомашины цуваа байсан юм. Мөн энэ оны формула-1 уралдаанд оролцох тус компанийн автомашинууд 70 жилийн ойд зориулсан SF70H гэсэн тусгай тэмдэглэгээтэй болгосон байна. Харин энэ удаад, Английн Букингемийн ордны дизайн урлагийн музейд, тэртээ 1947 оноос хойш өнөөдрийг хүртэл үйлдвэрлэсэн тус компанийн бүх загваруудыг дэлгэн харуулжээ. Нийтдээ 184 сая америк доллараар үнэлэгдэх уг загваруудыг Маранелло хотын Ферраригийн музейгээс авчран энд дэлгэн үзүүлж байна. 

Гэхдээ энэ удаагийн үзэсгэлэн бол, автомашины хэдэн морины хүч чадалтай нь эсвэл, автомашины тухай үзэсгэлэн биш. Энэ бол, автомашины инженерийн шийдэл, Ферраригийн гоо зүйг харуулсан үзэсгэлэн гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байна. Өчигдөр олон нийтэд нээлтээ хийсэн уг үзэсгэлэн ирэх 2018 оны 4-р сарын 15-ныг дуустал үргэлжилнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Феррари компанийн 70 жилийн ойд зориулсан музей Лондон хотод нээгдлээ  
Үзсэн: 2729 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй