АНУ-ын Үндэсний агаар сансрын захиргаа буюу НАСА 2020 он гэхэд Ангараг гарагт судалгааны зорилгоор сансрын хөлөг илгээхээр төлөвлөж байгаа. Тэгвэл тус сансрын хөлгийн өндөр хурдыг тэсвэрлэх чадалтай шүхрийг амжилттай туршсан талаар НАСА мэдээллээ.
Өндөр хурдны асар хүнд даралтыг тэсвэрлэх хүчин чадалтай шүхрийн системийг “Aspire” гэж нэрлэсэн байна. Анх удаагийн туршилтыг пуужингийн тусламжтайгаар задгай сансарт гарч, дэлхийн тойрог замаас дэлхийн агаар мандалд орох орон зайд хийж туршжээ. Анхны туршилт амжилттай болсонд НАСА-гийн удирдлага, инженер технологийн мэргэжилтнүүд баяртай байгаагаа илэрхийлсэн юм.
Энэ бол ирээдүйд манай гарагаас хөөрсөн сансрын хөлөг онгоц болон судалгааны төхөөрөмж Ангараг гариг дээр газардах үед ямар ч аюулгүйгээр буух тэр боломж, бололцоог олох гарц шийдэл болох юм. Өндөр хурдны даралтыг тэсвэрлэхүйц пуужингийн шүхрийг бүтээх төслийн техникийн хэлтсийн дарга хэлэхдээ, сансрын төхөөрөмжийг Ангараг гарагийн гадаргуу дээр буулгах системийн ажиллагаа төлөвлөгөөний дагуу асуудалгүй болж өнгөрсөн гэдгийг онцолсон байна. Шүхрийн дэлгэгдэж байгаа дүрслэлийг харуулахын тулд туршилтад ашигласан 18 метрийн урттай “Блэк Брэнт-9” нэртэй бага оврын пуужинд камер суурилуулж өгчээ. Мэдээж тус пуужинд шүхрийн системийн төхөөрөмжийг суулгасан байна.
Пуужин хөөрч, агаар мандал, задгай сансарт гарснаас хойш 40 секундийн дотор 42 км-ийн өндөрт гарчээ. Эн бол маш богино хугацаанд өндөрт гарч байгаа гэсэн үг. Энэ үед шүхрийг дэлгэх, задлах үйл явц явагдсан байна. Үүнээс 35 минутын дараа дэлхий рүү бууж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл шүхрээ дэлгэсэн пуужин энэ туршилтыг эхлүүлсэн буюу АНУ-ын Виржиния мужийн нутагт орших “Уоллис” сансрын хөлгийн талбайгаас даруй 50 км-ийн зайд газардсан юм байна. Дараагийн удаагийн “Aspire” шүхрийн системийг шалгах туршилт 2018 оны 2 дугаар сард хийхээр төлөвлөж байгаа юм. Ангараг 2020 сансрын судалгааны төслийг хэрэгжүүлж эхлүүлэхэд 2 жил үлдсэн тул туршилт судалгааг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх ёстой гэдгийг НАСА-гийн удирдлагууд мэдэгдэлдээ онцолсон байна.
| Сансрын хөлгийн өндөр хурдыг тэсвэрлэх чадалтай шүхрийг амжилттай туршжээ | ||
| Үзсэн: 2031 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.