Ливаний бизнес эрхлэгчид Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мухамед Бен Сальман Аль Саудын тэргүүлэн хийж байгаа авилгын эсрэг тэмцлийг анхааралтай ажиглаж байна. Тодруулбал Ливаний бизнесмэнүүд авилгын хэргээр саатуулагдаад байгаа Саудын хааны удмынханд алдсан аж ахуйн нэгжүүд, компани, хөрөнгө мөнгөө эргүүлэн авах боломж гарч магадгүй гэж ихээхэн найдлага тавьцгааж байгаа юм байна.
Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүүгийн эхлүүлсэн авилгатай хийж буй тэмцлийг сүүлийн жилүүдэд хий хоосон зүйлд зарцуулж байсан олон тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгө мөнгө баячууд, хунтайжуудын халаасанд бус төсөвт орно гэж найдаж хүлээж байгаа нь ч их байна. Мөн авилгатай хийж буй тэмцэл Саудын Арабт ямар нэгэн айдас болгоомжлолгүйгээр хөрөнгө оруулалт хийх боломж олгоно ч гэж хүлээж байна. Ливаний бизнесменүүдийн нэг Пьер Эль Дахер 1985 онд улсдаа анхныхад тооцогдох хувийн телевиз байгуулж байсан нэгэн. Түүнийгээ хөгжүүлж Араб ертөнц даяар салбартай томоохон медиа групп болгож чадсан ч хамтрагч, хөрөнгө оруулагч нь байсан Саудын хунтайж Алвалид бин Талалын заргаас болж энэ бүхнээ хаахад хүрсэн байна.
Ливандаа тэргүүлдэг ЛБСи суваг, Пак нэрээрээ алдартай компани нь үүнээс болж 2012 онд дампуурсан. Авилгын хэргээр саатуулагдаад байгаа Алвалид бин Талалын эзэмшлийн Бейрут дахь тансаг зэрэглэлийн 2 зочид буудал зарагдаж байгаа гэсэн мэдээлэл Ливаний хэвлэлүүдээр цацагдаад эхэлсэн байна. Тиймээс сунжирсан шүүх хурал нь одоо ч дуусаагүй байгаа Дахер одоо ялалт байгуулж алдсан бүхнээ эргүүлж авна гэж найдаж байгаагаа илэрхийлж байна. Саудын Арабт олон сая ам.доллартай тэнцэх хөрөнгө мөнгөө алдсан Ливанд амьдардаг Америкийн иргэн Яхья Лофти Хадер ч авилгатай хийж байгаа тэмцэл нь үр дүнд хүрч чадвал тус улс дэлхийд тэргүүлэх орон болж чадна гэж найдаж байна. тэрээр Саудын Арабын түншүүдтэйгээ хамтран байгуулсан газрын тос, химийн компаниа 20 жилийн туршид удирдсан. Гэвч Саудын Арабын хунтайж Сауд Бен Найефт ажилладаг албан тушаалтнуудаас бол олон сая долларын алдагдал амсч улмаар 2 жилийн өмнө тус улсын нутгаас явахад хүрч байсан юм байна. Хадер үүнийгээ нотлох баримтуудаа одоо ч дэлгэн үзүүлж чадахаа баталж байгаа юм.
Саудын угсаа залгамжлагч хунтайж Мухамед Бен Сальман Аль Саудын тэргүүлдэг авилгатай тэмцэх газар энэ сарын 4 нээс эхлэн хааны гэр бүлийн гишүүд, хунтайжууд, засгийн газрын гишүүд, бизнес эрхлэгчид гээд 50 гаруй хүнийг баривчилж саатуулаад байгаа юм. Энэ тэмцлийн хүрээнд банкин дахь тэдний 1700 орчим дансыг нь царцаагаад байгаа юм.
| Ливаний биенес эрхлэгчид Саудын Араб дахь авилгын эсрэг хийж буй тэмцлийг анхааралтай ажиглаж байна | ||
| Үзсэн: 1574 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.