Шууд Chart

Роберт Мугабе ерөнхийлөгчийн албан тушаалаас огцрохгүй гэдгээ илэрхийллээ

2017-11-20 14:34:43

Зимбабве улсад улс төрийн нөхцөл байдал улам л тогтворгүй болж ирлээ. Ялангуяа түүний эсэргүүцэл одоо үүсээд байгаа улс төрийн хямралыг улам хурцатгах шинжтэй болж ирж байна гэж олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Өчигдөр тус улсын ерөнхийлөгч өдгөө 93 настай Роберт Мугабе Зимбабве улсын төв телевизээр дамжуулж мэдэгдэл хийлээ. Тэрээр, армийн шаардлагыг үл хайхарч, ерөнхийлөгчийн албан тушаалаас огцрохгүйгээ мэдэгдсэн байна.

Мөн тэрээр, тус улсын ерөнхийлөгчөөс гадна цэргийн дээд командлагчийн хувьд түүний байр суурьт ямар нэг аюул занал учруулж чадахгүй гэж мөн мэдэгджээ. Зимбабве улсад одоогоор үүсээд байгаа хурцадмал нөхцөл байдал  эрх мэдлийн төлөөх тэмцэл гарах төлөвтэй байна гэж ажиглагчид үзэж байна. Ирэх 12 дугаар сард болох парламентийн хуралдаанд тэрээр Зану-ДиЭф намыг удирдаж оролцох юм. Түүний намынхан ч Мугабег ирэх хуралдаанд намын даргаас гадна ерөнхийлөгчийнхөө хувиар оролцохыг уриалсан байна.

Ер нь бол Зимбабвегийн ард түмэн Мугабегийн засаглалын үед улс орны эдийн засаг доройтсон гэж үздэг. Өнгөрсөн онд тус улсад засгийн газрын эсрэг өргөн бүрэлдэхүүнтэй жагсаал болж байсан. Өмнөд Африкийн энэ улс анх удаа төрийн тэргүүн болон армийн хоорондын зөрчлийг олон улсад нээлттэй харуулж байгаа юм байна. 93 настай Роберт Мугабе бол 1980 онд цагаан арьст цөөнхийн эрх мэдлээс тусгаар болсноос хойш 37 жилийн турш төрийн эрхийг тасралтгүй барьж байгаа ерөнхийлөгч. Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард 93 насны төрсөн өдрөө тэмдэглэж, дэлхийн хамгийн өндөр настай ерөнхийлөгч болсон. Зимбабве нь 16 сая хүн амтай, дэлхийн хамгийн буурай орнуудын нэг. Зимбабвегийн арми бол Мугабегийн эрх мэдлийн гол тулгуур багана нь байж ирсэн. Гэхдээ одоо тэдний дунд эрх мэдлийн төлөөх тэмцэл эрчимжиж, эрх мэдэл өөрчлөгдөх төвшинд хүртлээ хурцадлаа гэж шинжээчид үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Роберт Мугабе ерөнхийлөгчийн албан тушаалаас огцрохгүй гэдгээ илэрхийллээ  
Үзсэн: 1611 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй