Өмнөд Солонгосын Похан хотод өнөө өглөөний 6 цагийн орчимд, рихтерийн шаталбараар 3,6 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Харин энэ газар хөдлөлтөөс 1 цагийн дараа дахин 3,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус улсын цаг уурын албанаас мэдээлж байгаагаар, газар хөдлөлтийн төв 9-12 км-ийн гүнд бүртгэгдсэн байна.
Газар хөдлөлтийн хүч харьцангуй бага байсан учир ямар нэг хор хохирол учраагүй байна. Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт тус бүс нутагт, 5,4 болон 5,5 магнитудын хүчтэй 2 удаагийн газар хөдлөлт болсноос хойш, өнөөдрийг хүртэл нийтдээ их бага хэмжээний 58 газар хөдлөлтийг чичирхийлэл мэдрэгдсэнийг тус улсын цаг уурын албанаас мэдээлж байна.
Сөүлийн мэдээлж байгаагаар бол, энэ 58 удаагийн газар хөдлөлтийн улмаас, Ням гарагийн өглөөний 11 цагийн байдлаар эвдэрч сүйдсэн барилга байшингийн хэмжээг 5569-д хүрээд байсан бол, ердөө 6 цагийн дотор энэ тоо 2000-аар нэмэгдэж, 7000 гаруй байшин барилга энэ олон улсын газар хөдлөлтийн уршгаар эвдэрч, сүйджээ. Эдгээр 7000 гаруй байшин барилгын 300 гаруй нь бизнесийн болон оффисын барилгууд байгаа бол, 233 нь бага дунд сургуулиуд байна.
Мөн Ням гарагийн оройн 11 цагийн байдлаар, орон гэргүй болсон иргэдийн тоо 1100-д хүрээд байна гэж Ёнхой агентлаг мэдээлж байна. Үүнээс гадна, 83 хүн гэмтэл бэртэл авсны дотор 1 хүний дээрээс хад нурж унасан учир биеийн байдал нь хүнд байна. Ер нь өнгөрсөн өдрүүдэд хэд хэдэн оронд томоохон хэмжээний газар хөдлөлтүүд бүртгэгдлээ. Тухайлбал, Иран-Иракийн хилд өнгөрсөн 7 хоногт 530 гаруй хүний аминд хүрсэн хүчтэй газар хөдлөлт болсон. Мөн өнгөрсөн Бямба гарагт Энэтхэг, Хятадын хилийн орчимд 6,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм.
Ер нь цаашид, ирэх жилүүдэд ч дэлхий дахинаа өнгөрсөн жилүүдийг бодвол илүү олон бас хүчтэй газар хөдлөлт болох тухай АНУ-ын судлаачид мэдээлжээ. Жилд дунджаар 15-20 хүчтэй газар хөдлөлт болдог бол, ирэх жилүүдэд энэ тоо өсч, 25-30 газар хөдлөлт болж магадгүй гэж мэдээлж байна. Судалгаанаас харахад, газар хөдлөлтийн гол шалтгаан нь байгаль экологийн тэнцвэртэй байдал ихээхэн хэмжээгээр алдагдаж байгаатай холбоотой гэнэ.
| БНСУ-д хоёр удаагийн газар хөдлөлт боллоо | ||
| Үзсэн: 1191 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.