Шууд Chart

Билл Гейтс ухаалаг хот байгуулахаар төлөвлөж байна

2017-11-21 12:45:48

АНУ-ын бизнесмен, мэдээллийн технологи, програм хангамжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч "Microsoft" компанийг үүсгэн байгуулагч, дэлхийн тэргүүн баячуудын нэг Билл Гейтс шинэ үеийн ухаалаг хот байгуулахаар төлөвлөжээ. Тэрээр ухаалаг хотоо АНУ-ын Аризона мужийн цөлд байгуулахаар 25 мянган га талбайг 80 сая америк долларын өртгөөр худалдан авчээ.

Энэхүү ухаалаг хотод өндөр технологи бүхий төлөвлөлт хийгдсэн орчин үеийн хурдны замын авто сүлжээ, ялангуяа жолоочгүй автомашинд зориулсан авто тээврийн шинэ шийдэл бүхий систем, сэргээгдэх эрчим хүчний технологи, мөн хамгийн өндөр хурдны тоон сүлжээний интернет, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн төв зэрэг нийтдээ 80 мянга гаруй бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр төсөлдөө тусгаж өгчээ.

Өөрөөр хэлбэл, энэ хотын хамгийн гол амин сүнс нь технологийн өндөр шийдлийг агуулсан байгууламжууд байх юм. Белмонт нэртэй энэхүү ухаалаг хот нийтдээ 182 мянган хүн амтай байхаар төлөвлөж байна. Хотын нийт талбайн 5,3 хувьд нь буюу 470 га талбайд сургууль,цэцэрлэг байгуулахаар төлөвлөсөн бол, 3800 орчим санхүү, эдийн засгийн төв гээд оффисын барилга байгууламжийг байгуулахаар төлөвлөжээ. Белмонт хот хурдны авто замын сүлжээгээр, Лас Вегас хоттой холбогдохоор мөн төлөвлөжээ. Хотын бүтээн байгуулалтын ажлыг Белмонт Партнерс компани гүйцэтгэхээр төлөвлөж байгаа бөгөөд харин, бүтээн байгуулалтын ажил хэзээ эхлэх тухай тодорхой тов гараагүй байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Билл Гейтс ухаалаг хот байгуулахаар төлөвлөж байна  
Үзсэн: 991 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй