Шууд Chart

Их Британи автомат жолоодлоготой ачааны автомашин ашиглахаар төлөвлөж байна

2017-11-21 14:42:03

Их Британийн засгийн газрын тээврийн газраас тус улсад хагас автомат жолоодлоготой ачааны автомашин ашиглахаар төлөвлөж байгаа талаар мэдээлсэн байна. Өнгөрсөн пүрэв гарагт өгсөн тус мэдээлэлд дурдсанаар энэ төсөл хөтөлбөр буюу Хагас автомат жолоодлоготой ачааны автомашин 3-5 жилийн дараа тус улсын тээврийн салбарт нэвтэрнэ хэмээн онцолжээ.

Их Британи энэхүү хагас автомат жолоодлоготой шинэ загварын ачааны автомашинаа алсын зайн удирдлагын системээр ажиллуулахаар судалж байгаа юм байна. Үүнд газарзүйн байршил тодорхойлогч, утасгүй интернетийн холбоо зэрэг бусад техник технологийн дэвшлүүдийг ашиглах гэнэ. Энэ нь цаашид дэлхийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор шатахууны хэрэглээг багасгахын тулд бүрэн эко автомашин болно гэж эх сурвалжууд мэдээлжээ. Харин шинээр бий болох тус шинэ загварын хагас жолоодлоготой ачааны автомашины хувьд шатахууны хэмнэлтийг 20 хувиар бууруулах аж.

Их Британийн Зам, тээврийн сайд Пол Мэйнард энэ талаар Скай Ньюст өгсөн ярилцлагадаа, энэ нь зөвхөн шатахууны хэрэглээг багасгаж, агаарын бохирдлыг бууруулахаас гадна замын хөдөлгөөний ачааллыг багасгахад чухал ач холбогдолтой хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр тус ачааны автомашиныг бүтээх төсөл хөтөлбөрийн санхүүжилтэд ойролцоогоор 8,1 сая фунт Стерлинг суулгахаар төлөвлөж байгаа талаар хэлсэн юм. Их  Британид  2040 оноос  эхлэн  бензин болон дизель  хөдөлгүүртэй  автомашин худалдаалахыг  хориглохоор  төлөвлөж  байна.  Лондон  хотын захирагч  Садик Хан дизель хөдөлгүүртэй , хуучин автомашин эзэмшигчдэд 3,5  мянган фунт  стерлинг  төлж  экологийн  цэвэр хөдөлгүүртэй машинтай  болоход  туслах  санал  өмнө нь  тавьж байсан аж.

Харин  засгийн газар  агаарын чанарыг  сайжруулахын  тулд боловсруулсан  стратеги төлөвлөгөөнийхөө  хүрээнд  орон нутгийн эрх баригчдад  225 сая фунт  хуваарилахаар  төлөвлөж  байгаа юм байна.  Энэ  хөрөнгийг  дизель  автомашинаас  ялгардаг  азотын давхар ислийг  бууруулахад  зарцуулах юм.  Азотын  давхар исэл уур  амьсгалын өөрчлөлтөд  хүргэж  буй  хамгийн аюултай хорт  хаягдалд  тооцогдох  болсон учир  Их Британийн  засгийн газар  дизель хөдөлгүүртэй машинаа  солиход нь иргэдэд  дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн. Их Британийн засгийн газрын мэдээгээр  агаарын бохирдлоос  болж  жилдээ 50 мянган хүн  амиа алдахад хүрч  байгаагийн дээр улсын төсөвт  27,5 тэрбум фунтийн алдагдал учруулдаг  байна.











Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британи автомат жолоодлоготой ачааны автомашин ашиглахаар төлөвлөж байна   
Үзсэн: 4980 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй