Электрон төхөөрөмж үйлдвэрлэгч Япон Касио корпораци шинэ төрлийн экстрем видео камер бүтээсэн юм. Дэлхийд алдартай Жи-Шок загварын бугуйн цагны загвараас санаа авч бүтээсэн энэ камер зах зээлд албан ёсоор худалдаалагдаж эхлээд байгаа талаар мэдээллээ.
Экстрем камер гэдэг утгаараа бат бөх чанарыг хамгийн түрүүнд бүрдүүлж чадсан камер болсон байна. Өөрөөр хэлбэл, ус нэвтрэхгүй, өндрөөс унагаасан ч хүчтэй доргилтоос хамгаалагдсан камер гэсэн үг. Японы Касио корпорацийн зохион бүтээгчид энэ камерт анх 5 жилийн өмнө худалдаанд гаргаж байсан Жей-Зэт нэртэй ухаалаг утасныхаа нэрийг өгчээ. Хүчин чадлын хувьд 1080 пиксел нягтаршилтай, секундэд 30 дүрс авах чадалтай юм байна. Харин нягтаршлыг 480 пиксел болгон бууруулсан тохиолдолд нэг секундэд 120 дүрс авах хүчин чадалтай юм.
Камерны дуран нь 190 хэмийн үзүүлэлт бүхий орон зайн дүрслэлийг буулгах боломжтой юм байна. Зохион бүтээгчдийн хэлж байгаагаар 4 метрийн өндрөөс унагаахад доргилтыг тэсвэрлэх хамгаалалтай болсон хэмээн онцолж, усан дотор 50 метрийн гүндэх агаарын даралтыг тэсвэрлэх чадалтай гэдгийг мэдээлжээ. Ийм төрлийн камерийг мэдээжийн хэрэг адерналин ялгаруулсан, авхаалж самбаа шаардсан экстрем аялал болон спортоор хичээллэдэг хүмүүст зориулан бүтээсэн юм. Эхний ээлжид зөвхөн Японы зах зээлд худалдаалагдаж байгаа юм байна. Үнийн хувьд 46 мянган йен буюу ойролцоогоор 410 америк долларын үнэтэй гэж мэдээлсэн юм.
Сонирхуулахад Японы Касио корпораци анх удаа камер бүтээж зах зээлд нийлүүлж байгаа нь энэ биш ээ. Өмнө нь охид эмэгтэйчүүдийн өдөр тутмын амьдралдаа тогтмол хэрэглэдэг нүүрний пүүдрийн загвартай төстэй сэлфи-камер бүтээж, худалдаалж байсан гэдгийг онцольё.
| Casio корпораци G-Shok бугуйн цагтай төстэй “G'Z Eye GZE-1” экстрем камераа худалдаанд гаргалаа | ||
| Үзсэн: 2281 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.