Их Британийн эрдэмтэд унадаг дугуйгаар идэвхтэй хичээллэх нь зүрхний өвчлөлт болон хорт хавдрын эрсдэлийн хэмжээг 2 дахин бууруулдаг болохыг олж тогтоосон байна. Энэ тухай судалгааг Шотландын томоохон хотуудын нэг болох Глазго хот дахь Британийн эрдэмтдийн судалгааны баг гаргажээ. Судалгааг 5 жилийн хугацаанд хийж гүйцэтгэхдээ 250 мянга гаруй сайн дурын хүнийг хамруулжээ. Судалгаанд оролцсон эдгээр хүмүүс бүгд унадаг дугуйг ямар нэгэн спортын хүрээнд бус зөвхөн судалгаанд зориулж гэр болон ажил хүрэх зорилгоор ашигласан байна.
Ингэхдээ унадаг дугуйгаар 7 хоногт дунджаар 30 миль буюу 48 км замыг туулсан аж. Судалгаанд хамрагдсан хүмүүс унадаг дугуйгаар удаан хугацаагаар хичээллэх тусмаа тэр чинээгээрээ эрүүл мэндэд нь сайнаар нөлөөлсөн үр дүн гарч иржээ. Судалгааг хэрэгжүүлэх хугацаанд сайн дураараа хамрагдсан 250 мянга гаруй хүний 2430 нь нас барж, 3748 хүн хорт хавдраар өвчилж, харин 1110 хүн зүрхний ямар нэгэн эмгэг өвчинтэй болсон юм байна.
Эрдэмтдийн баг үүнээс дүгнэлт хийж, улмаар унадаг дугуйгаар хичээллэсэн хүний нас барах магадлал 41 хувиар буурсан болохыг олж тогтоожээ. Харин хорт хавдраар өвчлөх эрсдэл 45 хувиар буурсан бол, зүрхний өвчлөлийн хэмжээ 46 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарчээ. Эрдэмтдийн хэлж байгаагаар унадаг дугуй нь зөвхөн спортын тамирчдын болон аялал зугаалга эсвэл зүгээр нэг жингээ хасах гэсэн хүний хэрэглэдэг тээврийн хэрэгсэл бус харин эрүүл мэндэд маш тустай төдийгүй өвчлөлтийн эрсдэл тэр дундаа нас баралтыг бууруулдаг чухал зүйл болохыг онцолсон байна.
| Унадаг дугуйгаар хичээллэх нь зүрхний өвчлөлт, хорт хавдрын эрсдлийг бууруулдаг | ||
| Үзсэн: 2149 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.