Шууд Chart

Агаарыг ундны цэвэр ус болгон хувиргаж авдаг төхөөрөмж 2018 онд танилцуулна

2017-11-30 12:25:42

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал гэх мэт хэд хэдэн хүчин зүйлээс болж ундны цэвэр усны нөөц, хүртээмж сүүлийн жилүүдэд маш ихээр багасаж байгаа талаар эрдэмтэн судлаачид анхааруулсаар байгаа. Олон улсад ундны цэвэр усны хэрэгцээгээ газрын гадаргын болон гүнээс гарган авдаг. Харин үүнийг хэрэгжүүлэх боломжгүй газар нутагт ундны цэвэр ус гаргаж авах шинэ технологийг танилцуулаад байгаа. Энэ бол агаараас ус гаргаж авдаг төхөөрөмж юм.

Нарны эрчим хүчээр ажилладаг энэ төхөөрөмжийг Америкийн Зэро Масс Уатер компани бүтээгээд байгаа юм. Аль ч, ямар ч гадаргуу дээр зөөвөрлөж аваачин суурилуулах боломжтой энэ төхөөрөмж байгаль дэлхийд ээлтэй, цахилгаан эрчим хүчний эх үүсвэрт холбогдоогүй, мөн газрын гүний урт хоолойн шаардлагагүй юм. Өөрөөр хэлбэл хуурай, чийглэг агаарыг өөртөө сорж аваад, тусгай зориулалтын металл хөндийд агаарыг ус болгон хувиргадаг байна. Мэдээж ундны цэвэр ус болгохын тулд хэд хэдэн шүүлтүүрээр дамждаг юм.

Энэ төхөөрөмж цэвэр усны хангамж хүрэлцээ муу, хүн амын нягтаршил ихтэй африкийн улс орнуудад түлхүү ашиглагдаж байгаа юм байна. Өдөр бүр 5 литр хүртэлх цэвэр ус гарган авах хүчин чадалтай юм. Өмнөх загварыг нь аль хэдийнээ туршилт судалгаанд хамруулаад эхэлсэн. Тодруулбал, ливан, Эквадор, Иордан, Филиппин, Мексик, Арабын нэгдсэн Эмират улс, Их Британи, АНУ-д туршиж байгаа юм.

Эх сурвалжуудын мэдээлснээр Зэро Масс Уатер төхөөрөмжийн үнэ 2000 америк доллар бол суурилуулалтын төлбөр нь 500 америк доллар шаардлагатай хэмээн онцоллоо. Ирэх 2018 оны нэгдүгээр сард АНУ-ын Лас-Вегас хотод болох олон улсын технологийн үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд албан ёсоор танилцуулна гэж компанийн зүгээс мэдээлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Агаарыг ундны цэвэр ус болгон хувиргаж авдаг төхөөрөмж 2018 онд танилцуулна  
Үзсэн: 1090 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй