АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Майкл Флинн ОХУ-ын засгийн газрын албан тушаалтнуудтай холбоотой байсан эсэх талаараа Холбооны мөрдөх товчоонд худал мэдүүлсэн гэдгээ өнгөрөгч баасан гарагт олон нийтэд мэдэгдсэн. Майкл Флинн худал мэдүүлснээ хүлээн зөвшөөрснөөр АНУ-ын ерөнхийлөгчийн баг ОХУ-тай холбоо харилцаатай ажиллаж, 2016оны ерөнхийлөгчийн сонгуульд Москвагийн нөлөөг оруулсан уу гэдэг Америкийн улс төрчдийн таамгийг нотлоход нэг сэжүүр боллоо гэж амралтын өдрүүдээр олон улсын хэвлэлүүдээр мэдээллээ.
Гэхдээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өөрийн сонгуульт баг болон ОХУ-ын хооронд ямар нэгэн холбоо сүлбээ байгаагүй гэж мэдэгдэж байна. АНУ-ын тусгай прокурор Роберт Мюллер ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс нөлөөлөхөд оролцоотой эсэх асуудалд холбооны мөрдөх товчооныхонд худал мэдүүлэг өгсөн үндэслэлээр хэрэг үүсгээд байгаа юм. Майкл Флинн өөрт нь тулгаж буй хэргүүдийг бууруулах нөхцөлтэйгээр Мюллерын багтай хамтран ажиллахаар тохирчээ. Харин Трамп үндэсний аюулгүй байдлын зөвлөх нь байсан Майкл Флинн тусгай прокурорт юу хэлэх бол гэдэгт санаа зовохгүй байна, яагаад гэхээр юу ч ярьлаа гэсэн сонгуульт баг болон Оросын хооронд тухайн үед ямар ч холбоо сүлбээ байгаагүй гэж өөртөө итгэлтэйгээр байр сууриа илэрхийлсэн гэдгийг хэвлэлүүд онцолж байна. Түүнчлэн ерөнхийлөгч Дональд Трамп Майкл Флинн дэд ерөнхийлөгч болон Холбооны мөрдөх товчоонд худал ярьсан учраас түүнийг үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж өөрийн твиттер хуудсаараа дамжуулж мэдэгдсэн.
Өнгөрсөн 2 дугаар сард Трамп Флиннийг Оросын элчин сайд Сергей Кисляактай харилцсан харилцаа холбооныхоо бодит агуулгыг дэд ерөнхийлөгч Майк Пенсид буруу утгаар тайлбарласан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн юм. Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн, Цагаан ордоны ахлах зөвлөх Жаред Кушнер өнгөрсөн оны 12 дугаар сард Майкл Флиннийг ОХУ-аас АНУ-д суугаа элчин сайдтай холбоо тогтоох чиглэл өгсөн тухай Америкийн хэвлэлүүд мэдээлж байна. Харин олон улсын шинжээчид Америкийн төрийн тэргүүний зөвлөх байсан Майкл Флинн тусгай прокурортой хамтарч ажилласнаар прокуроруудыг Трампын засаг захиргааны гол гишүүдийг шалгахад тус дөхөм болж магадгүй гэдэг үндэслэлийг гаргаж ирж байна. Хуулийн мэргэжилтнүүд ерөнхийлөгч Трамп хэрвээ Майкл Флиннийг шалгаж байгаа холбооны мөрдөх товчооны мөрдлөгөд саад хийхийг оролдох юм бол хууль шүүхэд нөлөөлөхийг завдсан гээд асуудал улам хүндрэх эрсдэлтэй гэж үзэж байгаа. Москвагийн хувьд Майкл Флинн Сергей Кисляак нарын хоорондын яриа ОХУ-ыг АНУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэдгийг нотлохгүй гэж мэдэгдэж байгаа юм.
| АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн баг болон ОХУ-ын хооронд холбоо сүлбээ байгаагүй гэв | ||
| Үзсэн: 2496 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.