Шууд Chart

Венесуэль улс крипто валют гаргана

2017-12-05 10:31:22

Венесуэль улс эдийн засгийн хямралаа сааруулах зорилгоор криптовалют буюу цахим валют танилцуулж байна. Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро улс орных нь эсрэг тогтоосон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын санхүүгийн хориглолттой тэмцэхийн тулд крипто валютыг гаргаж байгаагаа тайлбарласан байна. Венесуэль улс энэхүү криптовалютаа “Петро” гэж нэрлэхийн зэрэгцээ уг валютыг  газрын тос, байгалийн хий, алт, очир эрдэнэ зэргээр баталгаажуулах аж. Венесуэлийн эрх баригчид энэ цахим валютыг гаргаснаар улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд олон улсын санхүүжилтийг авах шинэ загварыг бий болгоход дэмжлэг болно гэж үзэж байна.

АНУ болон Европын холбоо Венесуэлийн эрх баригчдыг засгийн газраа эсэргүүцэгч иргэдийн эсрэг хүч хэрэглэсэн шалтгаанаар өнгөрсөн 8 дугаар сард Каракаст эдийн засгийн хориг арга хэмжээ авсан юм. Өрнөдийн эдийн засгийн хориг хэрэгжиж, дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш сул байгаагаас нефтийн орлого нь буурсан, үндэсний мөнгөн тэмдэгт Боливарын ханш нь огцом унасан зэргээс үүдэж Венесуэль улс улс төр болоод эдийн засгийн хувьд хямралтай нүүр тулаад байгаа юм. Түүхэн үеэс л газрын тосноос олох орлогоосоо эдийн засаг нь хэт хамааралтай байж ирсэн энэ улс газрын тосны ханш унаснаас хойш хямрал руу шилжсэн.

Эдийн засагчид Венесуэлийн ерөнхийлөгч Мадуро улс орныхоо зээлийн бүтцийг өөрчлөх чармайлт гаргаж байгаагийн хувиар гаднын зээлдүүлэгчиддээ зээлээ крипто валютаараа төлөх арга зам эрэлхийлж байна гэж харж байна. Тус улсын сөрөг хүчнийхэн ерөнхийлөгчийн санал болгож байгаа шинэ валютыг конгресс хэлэлцэж байж хэрэглэх эсэхийг нь шийдэх хэрэгтэй гэж үзэж байхад тус улсын зарим иргэд цахим мөнгөнд итгэхгүй байгаагаа илэрхийлжээ.

Сүүлийн үед дэлхий даяар крипто валют биткойныг ашиглах сонирхол улам өсөж байгаагийн нэг жишээ бол Венесуэлийн энэ сонголт гэж эдийн засагчид онцолж байна. Криптовалют гэдэг нь нууцлал гэсэн Грек үгнээс гаралтай. Крипто валютыг энгийнээр цахим мөнгө гэж ойлгож болох нь. Крипто валют доллар, рубль, юань, евро гэх мэт валюттай ижил үүрэг гүйцэтгэх бөгөөд цахим тоон системийн валют, үүнийг хуурамчаар үйлдвэрлэхээс сэргийлж крипто графикийн аргаар нууцлалыг хийсэн гэж тайлбарлажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Венесуэль улс крипто валют гаргана  
Үзсэн: 1394 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.170.71.xxx] 2018-02-22 09:37
zuv sh de.

Бидэнтэй нэгдээрэй