Шууд Chart

Сэтгүүлчид Ерөнхийлөгч Порошенкогоос үг хэлэх эрх чөлөөг хамгаалахыг уриаллаа

2017-12-05 11:24:53

Украинд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах асуудал хурцаар тавигдаж байна. Энэ нь нийслэл Киев хот дахь "NewsOne” телесувгийн байранд цэргийн хувцастай хүмүүс дайран орж үүд ааалгыг нь бүслэн хаасантай холбоотой юм. Тус телесувгийн сэтгүүлчид Ерөнхийлөгч Петр Порошенко, Дотоод хэргийн сайд Арсений Аваков нарт хандаж хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахыг уриалаад байна.

Мөн тус телесувгийнхан эрхэнд халдсан идэвхтнүүдээс айж, эфирээ хаахгүйгээ илэрхийлэв. Тэд ямар ч шахалт дарамт үзүүлсэн ч улс оронд өрнөж байгаа гол үйл явдлуудыг дамжуулах болно гэв. Украины Үндэсний сэтгүүлчдийн холбооны тэргүүн Сергей Томиленко “NewsOne”  телесувгийг бүслэн хаасныг сэтгүүлчдийн үйл ажиллагаанд саад учруулах гэсэн, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд үзүүлж буй дарамт шахалт гэж тодорхойлж  байна. 

Түүнчлэн хууль сахиулах байгууллагууд хэвлэл мэдээллийн хэрэгслийнхнийг үл тоомсорлож байна. Тусгай албаны олон мянган ажилтан Засгийн газрын хорооллуудад харуул хамгаалалтад гарч байгаа мөртлөө “NewsOne” телесувгийг тойрсон асуудал хурцадчихаад байхад цагдаагийн цөөн  ажилтан тэнд байгааг шүүмжилж байлаа. Мөн Тимоленко аливаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакцийн бодлогыг Телевиз, радиогийн  асуудал  эрхэлсэн Үндэсний  зөвлөл шүүн хэлэлцэх ёстой. Бүр  шүүхэд ч гомдол гаргаж болохоор байхад телесувгийн үйл ажиллагааг хааж байгаа нь  өөрөө зэрлэг хэрэг гэж тодорхойлж  байна. 

Киев дэх “NewsOne” телесувгийн төв байр руу уржигдар үдээс хойш цэргийн хувцастай хүмүүс дайрч, үүд хаалгыг нь хаачихаад байгаа юм.  Тэр үед  тус телесувгаар Одессийн захирагч асан, Гүржийн Ерөнхийлөгчөөр ажиллаж явсан Михайл Саакашвилийгийн зохион байгуулсан Импичментын төлөөх нэртэй жагсаалыг шууд дамжуулж байсан юм. Гэхдээ “NewsOne” руу дайрагсад  дараа  нь  тус  сувгийн  захирал  Евгений  Мураеваас  албан ёсоор уучлал гуйхыг шаардсан байна. 

Тэд Мураеваас 2014 онд Украинд  болсон үйл  явдлыг  төрийн  эргэлт байсан гэж хэлсэн үгнийхээ  төлөө уучлал гуйхыг шаардаж буй юм байна.  Харин Мураев  энэ бүхнийг  Ерөнхийлөгч Порошенкотой холбоотой гэж үзэж байгаагаа мэдэгджээ. Тэрбээр Ерөнхийлөгч засаг захиргаанаас  ардчиллыг  идэвхтэй  дэмжиж, улс оронд  болж  байгаа нөхцөл байдлыг үнэн бодитойгоор дамжуулж  байгаа  цорын ганц  сувгийг хаалгахаар хэт  үндсэрхэг үзэлтнүүдэд мөнгө төлсөн гэх мэдээлэлтэй байгаагаа мэдэгдсэн юм. “NewsOne” телесувгийнхан Ерөнхийлөгч Порошенког огцруулахыг шаардсан жагсаал цуглааныг шууд дамжуулан үзүүлсэн учир үндсэрхэг үзэлтнүүд төрийн тэргүүнийг өмгөөлж хамгаалан ийм алхам хийлээ гэв.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэтгүүлчид Ерөнхийлөгч Порошенкогоос үг хэлэх эрх чөлөөг хамгаалахыг уриаллаа   
Үзсэн: 1911 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй