Сьерра-Леон улс дэлхийд хамгийн томд тооцогдох очир эрдэнийг 6.5 сая ам.доллараар зарсан байна. Энэ тухай уг чулууг худалдан борлуулах ажлыг эрхэлж байгаа Рэрэпорт групп компанийн албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна.
Энэ үнэт чулууны худалдаанаас олсон мөнгийг Сьерра-Леон улсыг хөгжүүлэхэд зарцуулахыг тэрбээр мөн мэдээлсэн байна. 706 каратын жинтэй, хэмжээгээрээ өндөгтэй дүйхүйц энэ үнэт чулууг дэлхийн очир эрдэнэ хэмээн нэрлэсэн юм. Үнэт чулууг худалдахаар Нью-Йоркт дуудлага худалдаанд оруулжээ. Харин дэлхийд ховор энэ үнэт чулууг Британийн тэрбумтан, гоёл чимэглэлийн мастер Лоренс Леон худалдан авсан байна.
Үнэт чулууны дуудлага худалдаанаас олсон мөнгөний 59 хувийг Сьерра-Леоний Засгийн газар татвар хэлбэрээр авах ёстой юм байна. Энэ хөрөнгө мөнгийг ус цэвэршүүлэх, сургууль, эмнэлэг барих, зам тавих, гэрэл цахилгаан татах зэрэг төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулахаа тус улсын Засгийн газраас мэдэгдээд байна.
Сьерра-Леон очир эрдэнийн нөөц ихтэйгээрээ алдартай. Энэ үнэт чулуугаар 1990-ээд оны үед Африкийн энэ улс дахь иргэний дайныг ч санхүүжүүлж байсан түүхтэй. Босогчид энгийн иргэдээр очир эрдэнэ олборлуулж түүнийг нь борлуулсан мөнгөөрөө буу зэвсэг авдаг байжээ.
Үүнтэй холбоотойгоор цуст очир эрдэнэ гэдэг хэллэг ч гарч байсан. Сьерра-Леоноос энэ үнэт чулууг экспортлохыг НҮБ-аас хориглож байсан. 2003 онд энэ хоригийг цуцалсан ч үнэт чулууны хууль бус наймаа одоо ч их байдаг аж.
| Очир эрдэнэ худалдан олсон 6.5 сая ам.долларыг Сьерра-Леон улсын хөгжилд зарцуулна | ||
| Үзсэн: 1813 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.