Дэлхий дахинд жил бүр олон арван авто шоу зохион байгуулагддаг. Авто хөлөг сонирхогчид болоод автомашин үйлдвэрлэгч томоохон корпорациудын хүсэн хүлээсэн цуглаан энд болохын хамт шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж сурталчлах сүүлийн үеийн технологийн ололт амжилт олон улсын стандартад гарч байгаа өөрчлөлт шинэчлэлт болоод бас зэрэгцэн шинэ оновчтой санаа онооны ч өрсөлдөөн сөргөөлдөөн болж байдаг. Тэдгээр томоохон авто үзэсгэлэнгүүдийн нэг бол Лос-Анжелесийн авто шоу юм.
Энэ сарын 1-нд нээлтээ хийж 6 дахь өдрөө үргэлжилж байна. Энд “Ford", "Nissan” компаниудын энгийн автомашинаас эхлээд “Alfa Romeo”, “Cadillac”, “Land Rover” зэрэг брэндүүдийн тансаг зэрэглэлийн автомашинууд байна. Түүнчлэн ирээдүйн өнгө төрхийг илэрхийлсэн хөгжүүлэлтийн шатанд яваа автомашинууд ч мөн нэлээд хувийг эзэлж байгаа юм байна.
Тухайлбал, энэ удаагийн шоунд 5 шинэ SUV ангиллын автомашиныг онцолж байна. Гэр бүлээрээ аялах дуртай хүмүүст зориулсан жижиг суув ангиллын автомашинуудын шинэ эрин үе ирж байгааг Линкольн Наутилус, Субару, Лексус RX350L зэрэг автомашинуудаас харж болохоор байна. Эдгээр авто хүлгүүдээс үзэгчиддээ онцлон, Италийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Ламборжин компани Юрус нэртэй жижиг ангиллийн жийп автомашиныг танилцуулъя.
Уг хүлэг нь 650 морины хүчтэй, хос турбо Ви8 хөдөлгүүртэй, 190 км цаг хүртэл хурдлах чадвартай. Юрус ирэх 2019 онд зах зээлд нэвтрэх бөгөөд, ойролцоогоор 203 мянган америк долларын ханштай байх юм. “IHS Automotive”-ийн мэдээлснээр АНУ-ын Калифорни муж нь шинэ автомашин худалдан авалтаар улсдаа тэргүүлдэг бөгөөд энэ ч утгаараа Лос-Анжелесийн авто шоунд салбарынхан нь өндөр ач холбогдол өгдөг ажээ. “The LA Auto Show” нь 1907 оноос жил бүрийн 11-12 сард зохион байгуулагдаж ирсэн авто ертөнцийн шилдэг арга хэмжээнүүдийн нэг бөгөөд анх 99 машинтайгаар үйл ажиллагаагаа нээж байсан үзэсгэлэнд өдгөө дэлхийн маш олон орны авто машин үйлдвэрлэгч компаниуд оролцдог болжээ.
Авто ертөнцийн хамгийн хөл хөдөлгөөнтэй энэхүү шоу арга хэмжээний онцлог нь тасалбар борлуулалтаас олсон ашгийнхаа тодорхой хувийг ашгийн бус буяны байгууллагуудад хандивладаг явдал юм.
| Лос Анжелес-2017 олон улсын автомашины үзэсгэлэн үргэлжилж байна | ||
| Үзсэн: 2934 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.