Шууд Chart

Германы Социал-демократ намын их хурал эвслийн Засгийн газар байгуулах асуудлаар яриа хэлэлцээ эхлүүлэхийг зөвшөөрлөө

2017-12-09 10:16:08

Германы Социал-демократ намын их хурал Берлин хотод эхлээд байна. Их хурлын эхний өдөр Мартин Шульцыг намын даргаар улираан сонгож, канцлер Ангела Меркелийн Христийн ардчилсан болон Христийн нийгмийн холбоо эвсэлтэй эвслийн засгийн газар эмхлэн байгуулах асуудлаар яриа хэлэлцээ хийж эхлэхийг дэмжлээ.

Шинжээчид их хуралд маш их анхаарал хандуулж, ямар шийдвэр гарах бол гэдгийг хүлээж байлаа. Яагаад гэвэл Социал-демократ нам ямар шийдвэр гаргахаас Герман улс улс төрийн хямралаас хэр удаан гарах, шинэ Засгийн газраа байгуулж чадах эсэх нь шууд шалтгаалж байсан юм.

Өнгөрсөн есдүгээр сарын сонгуульд ялсан Меркелийн эвсэл "Ногоон нам" болон "Чөлөөт ардчилсан нам"-тай эвслийн Засгийн газар байгуулах яриа хэлэлцээ хийсэн ч энэ нь бүтэлгүйтсэн. Тэр үед Социал-демократ нам шинэ парламентад сөрөг хүчний байр сууринаас оролцоно гэдэгтэй үндсэндээ эвлэрсэн байсан. Тус нам парламентын сонгуульд маш муу оролцож дөнгөж 20.5 хувийн санал авсан. Энэ нь бий болсон нөхцөл байдлаас гарах ердөө хоёр гарц байгааг илэрхийлж байлаа.

Нэг бол дахин сонгууль явуулах, эсвэл цөөнхийн тогтворгүй Засгийн газар. Мэдээж хэрэг энэ хоёр гарц канцлерт ашиггүй, улс үндэстний бодлогод сөрөг нөлөөтэй байж болох нь тодорхой байсан. Гэвч 12 дугаар сарын эхээр байдал эсэргээр эргэж, сөрөг хүчин байна гэх Социал-демократууд улс төрийн хямралаас гарах гол тоглогч болсон юм. Энэ бүгдэд өмнө нь тус намын гишүүн байсан Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер нөлөөлсөн.

Ерөнхийлөгч Шульцтэй нүүр тулан уулзсаны эцэст Социал-демократ нам байр сууриа өөрчилж эвслийн тогтвортой Засгийн газар байгуулах яриа хэлэлцээ хийхээр болж байна. Гэхдээ тус нам юм болгонд Христийн ардчилсан холбоо намыг үг дуугүй дагахгүй гэдгээ илэрхийлээд байна.

Социал-демократ нам мөрийн хөтөлбөртөө тусгасан амлалтаа давхар биелүүлнэ гэдгээ хэлж байгаа юм. Христийн ардчилсан холбоо эвсэл Социал-демократуудын шийдвэрт баяртай байгаагаа илэрхийллээ. “Бид их хурлаас гаргасан шийдвэрт баяртай байна. Бидний гол зорилт бол найдвартай, тогтвортой засгийн газар эмхлэн байгуулах явдал. Бид үүнийг хүлээж байна. Ард иргэд маань хүлээж байна” гэж Христийн ардчилсан холбоо намын гүйцэтгэх захирал Клаус Шюлер өөрийн твиттер хуудсандаа бичжээ.

Талууд тохирлоо гэж бодоход шинэ Засгийн газар ирэх оны эхээр бий болно. Чадахгүй тохиолдолд нэг бол дахин сонгууль, эсвэл цөөнхийн Засгийн газар байгуулагдана.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Германы Социал-демократ намын их хурал эвслийн Засгийн газар байгуулах асуудлаар яриа хэлэлцээ эхлүүлэхийг зөвшөөрлөө  
Үзсэн: 1280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй