Шууд Chart

Японы Засгийн газар эзэн хаан сэнтийгээсээ буух өдрийг зарлалаа

2017-12-09 10:21:50

Японы Засгийн газрын хуралдаанаар эзэн хаан Акихито сэнтийгээс буух өдөр 2019 оны дөрөвдүгээр сарын 30, хаан ширээг залгамжлагч сэнтийд суух өдөр 2019 оны тавдугаар сарын 1-ний өдөр байна гэдгийг албан ёсоор зарлалаа.

Үүний өмнө эзэн хааны гэр бүлийн асуудал эрхэлсэн комисс хуралдаж ийм шийдвэр гаргасан бөгөөд комисс сүүлийн 25 жилд анх удаа хуралдаж байгаа нь энэ байжээ.

Одоо ингээд сайд нарын танхим ийм шийдвэр гаргасны дараа Японы түүхэнд сүүлийн 200 жилд байгаагүй эзэн хаан амьд сэрүүндээ хаан ширээгээ залгамжлагчдаа шилжүүлэх үйл явцыг эхлүүлэх “онцгой хууль” үйлчилж эхэлнэ. Өнгөрсөн оны наймдугаар сард эзэн хаан Акихито ард түмэндээ хандсан тусгай илгээлтдээ нас өндөр болж байгаагаас үүрэгт ажлаа хийж гүйцэтгэхэд хүндрэлтэй болж, амьд сэрүүн байхдаа хаан сэнтийг залгамжлагчдаа шилжүүлж, ажлаас хөндийрөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Гэвч эзэн хааны гэр бүлийн тухай хууль болон Японы Үндсэн хуулинд хаан сэнтийг эзэн хаан нас барсны дараа шилжүүлнэ гэж заасан байдаг нь бага зэрэг хүндрэл учруулсан. Хууль эрх зүй, түүх, соёл, эзэн хааны гэр бүлийн протоколын албаны шинжээчид 10 сар гаруйн хугацаанд эзэн хаан амьд сэрүүн байхдаа хаан сэнтийгээс буух нь хууль дүрмэнд хэрхэн яаж харшлах вэ гэдгийг судалсны эцэст парламент өнгөрсөн зургаадугаар сард гагцхүү өнөөгийн эзэн хаанд үйлчлэх онцгой хууль баталсан.

Гэхдээ энэ хуулинд хэзээ шилжүүлэх хугацааг заагаагүй тул 12 дугаар сарын 1-ний өдөр эзэн хааны гэр бүлийн асуудал эрхэлсэн комисс хуралдаж ийм шийдвэр гаргаж буй энэ юм байна. Энэ хууль эзэн хаан Акихито сэнтийгээс буух өдөр хүчин төгөлдөр болох юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы Засгийн газар эзэн хаан сэнтийгээсээ буух өдрийг зарлалаа  
Үзсэн: 1230 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй