Шууд Chart

2017 оны Нобелийн шагнал гардуулах ёслол боллоо

2017-12-11 14:25:57

2017 оны Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр Шведийн нийслэл Стокгольм хотноо боллоо. Тус хотын концертын их танхимд энэ оны Нобелийн шагналын утга зохиол, байгалийн шинжлэх ухаан болон эдийн засгийн шинжлэх ухаан гэсэн гурван салбарт шалгарсан 11 хүнд шагналыг нь гардуулан өгсөн байна.

2017 оны Нобелийн шагналын утга зохиолын шагналыг Япон гаралтай, Британийн зохиолч Казуо Ишигуро хүртлээ. Тэрбээр "Өдрийн үлдэгсэд" болон бусад зохиол романаараа 2017 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналыг хүртсэн юм.

Харин АНУ-ын гурван эрдэмтэн Альберт Эйнштейний таамаглаж байсан татах хүчний долгионыг туршилтаар баталж 2017 оны Нобелийн Физикийн салбарын шагналыг хүртлээ. Мөн анагаах ухааны салбарт, хүний биологийн цагийг тодорхойлж өгсөн гурван эрдэмтэн хүртлээ.

Химийн салбарт, шингэн доторх биомолекулын бүтцийг өндөр нарийвчлалтай тодорхойлох зориулалттай крио-электрон микроскопыг хөгжүүлж чадсан гурван эрдэмтэн тодорсон юм. Харин эдийн засгийн шинжлэх ухааны салбарт, зан төрхийн эдийн засгийн салбарт хийсэн судалгаагаараа Чикагогийн их сургуулийн эдийн засагч Ричард Талер хүртсэн байна.

Харин Нобелийн шагналын хамгийн нэр хүндтэй нь гэгддэг Энхтайвны шагнал гардуулах ёслолын ажиллагаа Норвегийн нийслэл Осло хотноо болсон байна. Энэ оны Нобелийн энх тайвны шагналыг "Цөмийн зэвсгийг устгах олон улсын аян” (ICAN) байгууллага хүртлээ. “Цөмийн зэвсгийг устгах олон улсын гэрээг хэрэгжүүлэхэд оруулсан хүчин чармайлтыг нь өндрөөр үнэлэн Норвегийн Нобелийн шагналын Зөвлөлөөс олгож байгаагаа мэдэгдсэн байна. 

Нобелийн шагналыг санаачлагч Альфред Нобелийн таалал төгссөн өдөр буюу 12 дугаар сарын 10-нд шагнал гаруудах ёслол болдог уламжлалтай. А.Нобелийн гэрээслэлээр энэ шагналыг эдийн засаг,  физиологи-анагаах ухаан, физик, хими, утга зохиолын салбарт ололт амжилт гаргасан болон энх тайвныг хөхиүлэн дэмжсэн хүмүүст олгодог юм.

Нобелийн шагналыг есөн сая швед крон буюу 1.1 сая ам.доллар дагалддаг. 2016 оны байдлаар нийт 911 хүн Нобелийн шагнал хүртсэн гэх баримт байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2017 оны Нобелийн шагнал гардуулах ёслол боллоо   
Үзсэн: 1524 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй