Иерусалимыг Израйлийн нийслэлээр хүлээн зөвшөөрөх АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэр Израйль болон Палестин хоорондын мөргөлдөөнийг зохицуулахад чиглэсэн хүч чармайлтыг тасалдуулах эрсдэлтэй гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгдлээ. Тэрбээр “Си-Эн-Эн” телевизэд ярилцлага өгөхдөө ийнхүү мэдэгджээ.
“Би хувьдаа Трамп ерөнхийлөгч болон түүний багийн Израйль ба палестинчууд хоорондын мөргөлдөөнийг зохицуулахад тавьж буй хүч чармайлтыг амжилтад хүрнэ гэдэгт найдаж байсан, энэ мөргөлдөөнийг зохицуулах боломж бий гэдэгт итгэж байсан, би энэ мөргөлдөөн өнөө маргаашийн дотор зохицуулагдана гээгүй, гэхдээ хэзээ нэгэн цагт израйль болон палестинчууд хоорондын энэ аймшигт мөргөлдөөн зогсоно гэдэгт итгэж байсан, гэвч ерөнхийлөгч Трампын өнгөрсөн лхагва гарагт гаргасан энэ шийдвэр энэ хүч чармайлтыг үгүй хийх эрсдэлтэй” гэдгийг Гутерриш цохон тэмдэглэж: “ингэх тохиолдолд үнэхээр харамсалтай” гэлээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга энэ сарын 6-нд хийсэн мэдэгдэлдээ: Иерусалим хотын статусыг Израйль болон Палестин хооронд шууд яриа хэлэлцээ хийж байж шийдэх боломжтой бөгөөд талуудын хоорондох мөргөлдөөн эртний энэ хотод нийслэлтэй хоёр тусгаар улс байгуулагдаснаар дуусах ёстой гэсэн юм.
Гутерриш НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн цаг үеэс хойш Израйль болон палестинчууд хооронд энх тайван тогтооход саад болохуйц шийдвэр гаргахын эсрэг байж ирсэн гэдгээ онцоллоо. 1995 онд АНУ-ын Конгресс элчин сайдын яамаа Тель-Авиваас Иерусалим руу шилжүүлэх шийдвэр гаргаж, уг хуулинд Иерусалим хотыг Израйль улсын салшгүй нэг хэсэг хэмээн нэрлэсэн байдаг. Гэвч Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама нар ойрхи дорнодын байдлыг хурцатгахаас зайлсхийж хуулийг хойшлуулсаар ирсэн.
Гэтэл Дональд Трамп сая ийм мэдэгдэл хийснийг цагаан ордон: ерөнхийлөгчийн энэ шийдвэр бол бодит түүхэн үнэнийг ажил хэрэг болгох эрмэлзэл гэдгээр тайлбарлаж байна. Дэлхийн улс орнууд Трампын энэ шийдвэрийг бүс нутгийн байдлыг тогтворгүй болгох, хүчирхийллийг дэгдээх, өдөөн хатгасан алхам хэмээн үзэж байна.
| НҮБ: Трампын шийдвэр Израйль болон Палестин хоорондын зохицуулалтыг тасалдуулах аюултай | ||
| Үзсэн: 1358 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.