Шууд Chart

Андрей Сахаровын нэрэмжит шагналыг Венесуэлийн сөрөг хүчнийхэнд гардуулна

2017-12-13 15:53:43

Жил  бүр  Европарламентаас  хүний  эрхийн  төлөө  тэмцэгчдэд  олгодог  Андрей  Сахаровын  нэрэмжит  шагнал гардуулах  ёслол болдог. Энэ  жилийнх өнөөдөр  Страсбург хотод болно.  Энэ  удаад  тус нэр  хүндтэй  энэ шагналаа  Венесуэлийн  ардчилсан  сөрөг хүчний улс төрчдөд олгохоор шийдвэрлээд  байна. Венесуэлд  энэ  жил  эрх баригчдын  эсрэг   эсэргүүцлийн өргөн хүрээтэй  хөдөлгөөн өрнөсөн.

Он гарснаас  хойш  засгийн газрын  эсрэг  энэ тэмцэл хөдөлгөөнд  оролцсон  130 гаруй хүн амь насаа алдаж 500 гаруй хүн шоронд  хоригдсон байдаг.  Тус эсэргүүцлийн  хөдөлгөөнийг  зохион байгуулсан, ардчилал хүний  эрхийн  төлөө  тэмцэж  байгаа  Венесуэлийн  сөрөг хүчнийхэн энэ шагналаа Страсбург  хотноо гардан авах гэж  байна. Тэдний дотор  Каракас  хотын захирагч  асан Антонио Ледесма  байгаа юм.  Түүнийг  2015 онд   ажил  дээрээ байхад нь эрх баригчдын шийдвэрээр  баривчилсан  бөгөөд   олон нийтийн эмх замбараагүй байдлаас болж хүмүүс  амиа алдсаны  бурууг Ерөнхийлөгч  Мадуро  түүнд тохож байсан.

Сонирхуулахад, Оросын  физикч  Андрей Дмитриевич  Сахаров нь  Зөвлөлтийн  устөрөгчийн  бөмбөгний  эцэг гэдгээрээ  алдартай.   Гэхдээ   тэрээр энэ ажлынхаа  үр  дагаварт  сэтгэл  зовниж  цөмийн  зэвсгээр  хөөцөлдөх нь  ноцтой  аюултайг   хүн  төрөлхтөнд  ойлгуулах их ажлыг  эхлүүлсэн.  Түүний хүчин  чармайлтын үр дүнд  1963 онд  цөмийн  туршилтыг  хориглох  гэрээ байгуулагдаж байсан юм.  мөн тэрээр  хүний  эрхийг хамгаалах,  улс  төрийн хэрэгт буруутгагдсан гэм зэмгүй хүмүүсийг хамгаалах  хороо байгуулж  байсан,  хүний эрхийн төлөө тууштай  тэмцэгч  юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Андрей Сахаровын нэрэмжит шагналыг Венесуэлийн сөрөг хүчнийхэнд гардуулна  
Үзсэн: 956 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй