Шууд Chart

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 13 дахь удаагаа хэвлэлийн бага хурал хийлээ

2017-12-15 12:32:39

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины уламжлал болгон хийдэг хэвлэлийн бага хурал өчигдөр орой боллоо. Тэрбээр хэвлэлийн бага хурлыг 13 дахь  жилдээ хийж буй бөгөөд энэ үеэр бүтэн жилийнхээ ажлыг дүгнэдэг гэхэд болно. 

Хэвлэлийн бага хурал нийт 3 цаг  40 минут үргэлжилсэн байна. Дотоод, гадаадын 55 сэтгүүлч Оросын төрийн тэргүүнээс асуулт асуужээ. Хэвлэлийн хурлын үеэр Ерөнхийлөгч Путин ОХУ-тай холбоотой сүүлийн үед өрнөж буй бүх сэдвээр ярьжээ. Юун түрүүнд ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой сэдвийг хөнджээ.

Ерөнхийлөгч Путин ирэх оны сонгуульд бие даан нэр дэвшиж, өрсөлдөхөө зарлалаа. Одоогоор сонгуулийн штабын даргаа сонгоогүй гэж мэдэгджээ. Улс орны дотоод бодлогын тухайд Холбооны Засгийн газар, бүс нутгийн эрх баригчдаар дамжуулж асар их ажил хийгдэж байгааг сануулахын хамтаар  гол нь зөвхөн нэг гараар улс орныг удирдаж байна гэх асуудлыг няцаалаа.

Сөрөг хүчний тухай бас хөндөж ярьсан. Иргэд эсэргүүцлээ илэрхийлэх эрхтэй ч сөрөг хүчнийхэн бодит асуудлыг гаргаж тавьж чадахгүй байна гэж үзэж  байгаагаа илэрхийлсэн. Улс  орны  эдийн засагтай  холбоотой хэд хэдэн тоо баримтыг дэлгэв.  Юуны  түрүүнд  Оросын төрийн тэргүүн  газрын  тосны үнийн уналт, гадаад хориг арга хэмжээ гэсэн хоёр шокийг даван туулж чадсаныг онцолсон. 

Мөн ОХУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2000 оноос хойш 75 хувьд  хүрсэн. Мөн үйлдвэрлэл 70 хувиар өссөн бол татвар 3 дахин, нөөц 30 дахин нэмэгдсэн гэж мэдэгдэв. Энэ оны төсвийн алдагдал ДНБ-ний 2.2 хувиас бага гарна гэж таамаглаж байгаагаа ч мэдэгдсэн. Гадаад бодлогын  асуудлыг хөндөхдөө ОХУ, АНУ-ын харилцааны талаар ярьжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад үнэлэлт дүгнэлт өгөхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлсний дээр ОХУ-тай харилцаагаа сайжруулахад нь саад  хязгаар түүнд байгаа ч удахгүй бүх зүйл хэвийн болно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн. Харин АНУ-ын төрийн тэргүүний сонгуульд  Москва  нөлөөлсөн гэх хардлага бол тус улсын сөрөг хүчнийхний санаанаасаа зохиосон зүйл гэж мэдэгдлээ. Мөн ОХУ олон улсын аюулгүй байдлын  асуудлаарх үндсэн гэрээнүүдээс гараагүй гэдгийг баталсан.

Энэ мэтчилэн Украин, Сирийн нөхцөл байдлыг хөндөж  ярьсан байна. Түүнчлэн допингтой холбоотой асуудлаас болж Оросын шигшээ багийнхан  олимпод оролцох  эрхээ хасуулсан  асуудлыг  дотоод  улс  төрийн нөхцөл байдалтай нь холбоотойгоор улам бүр дэвэргэж  байгааг сануулсан. Мөн  боломж өгсөн, Оросууд бас өөрсдөө буруутайг цохон тэмдэглээд Вада болон олон улсын олимпын хороотой нягт хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 13 дахь удаагаа хэвлэлийн бага хурал хийлээ   
Үзсэн: 1597 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй