Шууд Chart

Грект бүх нийтийн ажил хаялт зарлалаа

2017-12-15 12:53:47

Грект өргөн хүрээтэй эсэргүүцлийн жагсаал болж байна. Өрийн хямралаас үүдэлтэй жагсаал цуглаан тус улс даяар хэдхэн жилийн өмнө болж  байсан юм. Тэгвэл энэ удаад ч мөн үүнтэй холбоотой жагсаал болж байна гэж болно. 

Грек даяар өчигдрөөс эхлэн эдийн засгийн хатуу арга хэмжээний эсрэг бүх нийтийн ажил хаялт зарлаад байна. Тус улсын томоохон үйлдвэрчний эвлэлийнхэн энэ эсэргүүцлийн ажиллагааг удирдан зохион байгуулж байна.

Бүх нийтийг ажил хаяж, гудамж, талбайд гарч жагсахыг уриалсан учир өчигдөр нийслэл Афин хотод л гэхэд нийтийн тээврийн хөдөлгөөнд доголдол гарчээ. Дотоодын нислэгүүд мөн хойшлогдож, цуцлагдаж байсан бол хөлөг онгоцууд боомтоосоо хөдөлж чадахгүйд хүрч байлаа.

Олон нийтийн гэгдэг бараг ихэнх байгууллага хаалттай байжээ. Жагсаал зохион байгуулагчид 2018 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа парламентын ордны  гадна жагсахыг уриалж байлаа.

Грекийн Засгийн газар "Еврогрупп" олон улсын валютын сангаас зээл тусламж авсныхаа хариуд зардлаа бууруулах, тэтгэвэр тэтгэмжийг багасгах  арга хэмжээ авахаа амласан юм. Харин ийм хатуу бодлого Грекийн ард иргэдийг боомилж байна гэж Үйлдвэрчний эвлэлийнхэн үзэж байна.   

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Грект бүх нийтийн ажил хаялт зарлалаа   
Үзсэн: 1099 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй