Казахстаны нийслэл Астана хот энэ 2017 он гарснаас хойш 8 дахь удаагаа Сирийн асуудлаарх яриа хэлэлцээг өөртөө зохион байгуулж байна. Арабын энэ бүгд найрамдах улсын байдлыг зохицуулахад чиглэсэн олон улсын уулзалт батлан даагч болох Орос, Иран, Турк улсын шинжээчдийн уулзалтаар өнөөдөр эхлэнэ.
Оросын төлөөлөгчдийг ерөнхийлөгчийн сирийн зохицуулалтын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Александр Лаврентьев, Ираны төлөөлөгчдийг гадаад хэргийн орлогч сайд Хосейн Ансари, Түркийн төлөөлөгчдийг гадаад хэргийн орлогч сайд Седат Онал нар тэргүүлнэ. Мөн Астанагийн уулзалтад ажиглагчийн статустай НҮБ, АНУ болон Иорданий төлөөлөгчид оролцоно. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч төлөөлөгч Стаффан де Мистура уулзалтад оролцох эсэх нь одоогоор тодорхой бус байна, энэ хүн өнөөдөр Москва хотод ОХУ-ын гадаад болон батлан хамгаалахын сайд Сергей Лавров, Сергей Шойгу нартай яриа хэлэлцээ хийх ёстой, оросын тал энэ уулзалтаар Сирийн үндэсний конгресс хуралдуулах асуудлыг хэлэлцэх бодолтой байгаа.
Харин Астанагийн энэ удаагийн уулзалтаар оролцогчид Сирийн нутаг дэвсгэрт байгуулсан аюулугүйн 4 бүсийн үйл ажиллагаа, гал зогсоох дэглэмд хяналт тавих гэсэн асуудал хэлэлцэнэ.
Байдлыг намжаах аюулгүйн бүс Дамаск хотын захын дүүрэг болох зүүн Гутэд, Хомс болон Идлиб мужид үйлчилж байгаа. Сүүлийн үед ОХУ Женевт сирийн асуудлаар яриа хэлэлцээ болж байгаагийн хажуугаар Астанагийн уулзалт гэсэн хувилбар гаргалаа гэх шүүмжлэлд багагүй өртөж байгаа, иймээс Москва Астанагийн уулзалт Женевын уулзалттай эн зэрэгцэхгүй, харин ч улс төрийн үйл явцад дэмжлэг үзүүлэх зорилготой гэдгийг нэг бус удаа цохон тэмдэглэж байна. Сирийн зохицуулалт өнөөдөр ямар шатанд явж байна вэ? гэвэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 6-ны өдөр Сирид “Исламын улс” террорист бүлгийг бүрэн гүйцэд ялсан гэдгийг зарласан.
Тэрбээр Сири дэх оросын агаар сансарын хүчин байрладаг Хмеймим баазад хүрэлцэн ирж, Арабын бүгд найрамдах энэ улсаас оросын цэргийг гаргаж эхлэхийг Батлан хамгаалах яаманд тушаасан. Сири улсын нутаг дэвсгэрийн 98 хувийг исламын байлдагчдаас чөлөөлсөн, энд тэнд лалын байлдагчдын эсэргүүцлийн голомтууд бий, гэхдээ эдгээрийг сирийн арми бие даан устгаж чадна гэдгийг Путин хэлсэн.
| Сирийн асуудлаарх 8 дахь шатны уулзалт Астана хотод эхэлж байна | ||
| Үзсэн: 1284 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.