Умард Солонгосын саяхан хийсэн баллистик пуужингийн туршилттай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээгээ чангатгасан байна. Энэ хүрээнд БНАСАУ-ын иргэд буюу ажиллах хүчнийг бусад улс оронд очиж ажиллахыг нь хориглох шийдвэр гаргасан байна.
Энэ чангатгасан хориг арга хэмжээний дотор одоо гадаад улс оронд ажиллаж байгаа ажилчид болон цагаач иргэдэд ч хамааралтай юм. АНУ-ын боловсруулсан тогтоолоор, Умард Солонгост түлш нийлүүлэх хангамжийг хязгаарлах болон худалдааны хоригийн дэглэмийг эрчимжүүлэх хатуу арга хэмжээ авах тухай зааж өгсөн юм. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх тухай шийдвэрийг Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн санал нэгтэйгээр дэмжихээ илэрхийлсэн байна. Үүний дотор Умард Солонгосын гол худалдааны түнш орон болох ОХУ, Хятад улс багтсан гэдгийг онцолжээ. Үүнтэй холбогдуулан хориг арга хэмжээ бүхий тогтоол шийдвэрт БНАСАУ-д нийлүүлэх нэг жилийн түлшний хангамжийг 500 мянган баррель болгон бууруулахаар зааж өгчээ. АНУ-ын талаас өгсөн мэдээлэлд дурдсанаар, Пхеньян 2016 оны байдлаар нийтдээ 4,5 сая баррель нефтийн бүтээгдэхүүн импортолсон хэмээн онцолсон байна.
Харин энэ үзүүлэлт шинэ тогтоол гарснаар 90 хувиар буурахаар болж байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл гишүүн орнууддаа хандан тэдгээрийн улс орнуудад хөдөлмөр эрхэлж байгаа Умард Солонгосын иргэдтэй байгуулсан хөдөлмөрийн тухай гэрээ хэлэлцээрээ цуцлан, тэднийг эх оронд буцаахыг шаардлаа. Умард Солонгосын эсрэг олон улсын хориг арга хэмжээ авч хэрэгжүүлсэнтэй холбогдуулан тус улсын эрх баригчид дотооддоо гадаад валютын урсгалыг татах зорилгоор өөрсдийн мэргэшсэн ажиллах хүчнийг хилийн чанадад илгээж байгаа юм. Эдгээр ажилчид ихэвчлэн барилга, байгууламжийн чиглэлээр хөдөлмөр эрхэлдэг байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр хилийн чанадад ажиллаж, хөдөлмөр эрхэлж байгаа мянга мянган Умард Солонгосын иргэд байгаа бөгөөд үүний дотор, Хятад, Монгол, Ойрх Дорнод болон ОХУ-д барилга, байгууламжийн салбарт ажиллаж байгаа хэмээн мэдээлжээ. Өнгөрсөн 10 дугаар сард өгч байсан мэдээллээр бол ОХУ-д гэхэд л 30 мянга орчим Умард Солонгосын иргэн ажиллаж байгаа талаар ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байжээ.
| НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын ажиллах хүчний экспортыг хориглолоо | ||
| Үзсэн: 1565 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.