АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засгийн газар Украины зэвсэгт хүчний салбарт танк эсэргүүцэгч пуужингийн зэвсэг нийлүүлэх тухай төлөвлөгөөг дэмжсэн байна. Энэ талаар АНУ-ын Төрийн Департаментын төлөөлөгч Хезер Науэрт мэдэгдсэнийг Ассошейтэд Пресс агентлаг уламжиллаа.
АНУ, Украины зэвсэгт хүчний салбарт танк эсэргүүцэгч пуужингийн төхөөрөмжийг нийлүүлэхээр төлөвлөж байгаа талаар өмнө нь “Эй-Би-Си Ньюс” телевизийн сувгаар мэдээлж байсан юм. Тус мэдээлэлд дурдсанаар, 35 ширхэг танк эсэргүүцэгч төхөөрөмжийг 210 ширхэг пуужингийн хамтаар нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэ нь ойролцоогоор 47 сая ам.доллар болж байгаа юм байна. Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус зэвсгийг Украин улсад нийлүүлэхийг зөвшөөрч байгаа байр сууриа илэрхийлж байсан бол үүний дараагаар энэ асуудлын эцсийн хариулт нь Конгрессын шийдвэр гарахыг хүлээж байсан юм.
Конгресс энэ асуудлаар зөвшилцөн улмаар, танк эсэргүүцэгч төхөөрөмжийг Украинд нийлүүлэх тухай саналыг дэмжиж байгаагаа мэдэгдсэн байна. Энэ нь Украин улс нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хамгаалах явдлыг хангахад чухал ач холбогдол үзүүлэх болно хэмээн хоёр улсын тал байр сууриа илэрхийлсэн байна. Трампын засгийн газрын энэ шийдвэр зарим улс орны эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.
Тодруулбал, АНУ, Украин улсад зэвсэг нийлүүлэх болсон энэ алхам нь Донбасст болж байгаа мөргөлдөөнийг нэмэгдүүлэх болно гэж ОХУ-ын тал үзэж байгаа. Мөн Европын улс төрчдийн дийлэнх нь Украинд зэвсэг нийлүүлэх тухай асуудалд татгалзсан байр сууринаас хандаж байгаа хэмээн олон улсын хэвлэлүүд онцлон мэдээлж байна.
| Д.Трампын Засгийн газар Украинд “Javelin” пуужин нийлүүлэх төлөвлөгөөг дэмжлээ | ||
| Үзсэн: 1999 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.