Их наран улс буюу Арлын Япон улсын эзэн хаан Акихито өнөөдөр 84 нас хүрч байна. Эзэн хаан Акихито 1933 оны 12 дугаар сарын 23-ны энэ өдөр Нийслэл Токио хотод мэндэлсэн юм. 1989 оноос өнөөдрийг хүртэл Япон улсын эзэн хааны суудалд заларсан буюу өнөө цагийн XXI зуунд үйл хэргээ үргэлжлүүлэн улс орноо удирдаж байгаа эзэн хаан Акихиотог дэлхийн цор ганц эзэн хаанаар нэрлэдэг билээ.
Эзэн Хаан Акихито 84 нас хүрч байгаа ойн өдрөө тохиолдуулан Токио дахь эзэн хааны ордонд хэвлэл мэдээллийн албаны сэтгүүлч, сурвалжлагч нарт хандан мэдэгдэл хийсэн юм. Тэрээр, ирэх 2018 оны 4 дүгээр сарын 30-нд тус улсын хаан эзний сэнтийгээс буухаар болсноо мэдэгдсэн байна. Мөн тэрээр өөрийг нь болон эзэн хааны гэр бүлийг хүндлэн, үйл хэргийг нь дэмжсээр ирсэн иргэддээ хандан баярлаж, талархаж байгаа сэтгэгдлээ илэрхийлжээ. Эзэн хааны сэнтийгээсээ буух хүртэлх цаг хугацааг илүү идэвх санаачлагатай, үр дүнтэй үйл хэрэгт зориулан үндэстнийхээ бэлэг тэмдэг болон шинэ эрин үедээ хичээл зүтгэлээр дүүрэн тэмүүлж орохыг хүсэн эрмэлзэж, зорьж байгаа гэдгээ хэллээ. Өнгөрсөн 7 дугаар сард Японы Фукуока, Оита мужийн нутаг дэвсгэрт их хэмжээний бороо орсны улмаас байгалийн ноцтой гамшигт нэрвэгдсэн. Эзэн хаан Акихито тус хоёр газарт очиж нөхцөл байдалтай танилцсан тухай айлчлалынхаа талаар санал бодлоо хуваалцсан байна.
Тэрээр хэлэхдээ, машин дотроо сууж зорчиж явсан надад машины цонхоор харагдах байгалийн гамшигт их хэмжээгээр нэрвэгдэн сүйдсэн газрыг харах үнэхээр хэцүү байсан. Энэ бол байгаль эх дэлхий ямар их гамшиг авчрах хүчтэй вэ гэсэн сэтгэл эмзэглүүлсэн асуудал байсан юм. Мөн гамшигт өртөн зүйрлэж болшгүй гарз хохирол амссан ард иргэдээ харахад сэтгэл минь их зовниж байсан гэдгээ онцлон хэлсэн байна. Эзэн хаан Акихитогийн 84 насны ойн өдөр буюу өнөө өглөө нийслэл Токио хотод орших эзэн хааны ордны тагтан дээр эзэн хааны гэр бүлийн гишүүд гурван удаа гарч ирэн ордны гадна талбайд цугласан ард иргэдтэйгээ мэндчилэн, баярласан талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
| Японы эзэн хаан Акихитогийн 84 насны ой тохиож байна | ||
| Үзсэн: 1924 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.