Шууд Chart

"Ягаан Од" очир эрдэнэ 71,2 сая ам. долларын үнэд хүрчээ

2017-12-25 15:55:47

Өнгөрч буй 2017 онд үнэт эдлэл дундаас хамгийн үнэтэй чамин гэгддэг очир эрдэнийн хувьд, дуудлага худалдаагаар дээд үнэд хүрсэн олон амжилтууд тогтоосон жил байлаа гэдгийг олон улсын мэргэжилтнүүд дүгнэн хэлж байна. Энэ оны, хамгийн өндөр үнэд хүрч дуудлага худалдааны түүхэнд дээд амжилт тогтоосон нь "Ягаан од" нэртэй алмаз эрдэнэ байлаа. Хонгконгийн "Сотебис" агентлаг уг чулууг худалдаалах дуудлага худалдааг зохион байгуулжээ.

Зохион байгуулагчдын зүгээс "Ягаан Од" алмазны дээд үнийг 60 сая ам.доллар гэж тооцоолж байсан ч 71.2 саяын үнэ хүрчээ. Уг үнэт чулууг Хонгконгийн үнэт эдлэл борлуулагч "Чоу Тай Фүүк" худалдан авсан байна. Уг эрдэнийн чулууг анх 1999 онд Өмнөд Африкаас илрүүлсэн бөгөөд байгаль дээр байх үедээ 132.5 каратын жинтэй байжээ. Харин хоёр жилийн хугацаанд засч янзлан, хамгийн эцсийн бүтээгдэхүүн болгон урлан бүтээсэн бөгөөд 59,69 каратын хэмжээтэй, зууван хэлбэртэй болжээ.

Сонирхуулахад, одоогийн байдлаар дэлхийн хамгийн том алмаз эрдэнэ Тайландын эзэн хааны гэр бүлд хадгалагдаж байна. “The Golden Jubilee” хэмээх нэртэй, шар хүрэн өнгөтэй уг алмазны байгаль дээрх жин 775 карат байсан бол засч янзалсны дараа 545.67 карат жинтэй болжээ. Алмаз буюу очир эрдэнэ нь эр зориг, тэсвэр хатуужил, цэвэр ариун ёс суртахууныг бэлгэддэг бөгөөд уур хилэнг номхтгож зугаа цэнгэлээс хөндийрүүлж,  эрч хүч өгдөг гэж үздэг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Ягаан Од" очир эрдэнэ 71,2 сая ам. долларын үнэд хүрчээ  
Үзсэн: 1368 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй